аялал жуулчлал

Wednesday, December 2, 2009

Түүх соёлын дурсгалууд

Эрдэнэ зуу хийд Өвөрхангай аймгийн Хар хорин сумын төвийн зүүхэнд энэ хийд бий. Буддын шашны уг эл хийдийн түүх, өндөр гэгээний намтар гэх гар бичмэлийг сөхвөөс: 1580 онд Автай сайн хан, дүү Түмэнхэн ноёны хамт III далай ламтай уулзаж өөрийн нутагт сүм хийд байгуулахаар амалсанд III далай лам Хар хорум хотын хуучин нэгэн сүмийг сэргээхийг зөвлөсний дагуу 1585 онд эртний Тахай балгасан дахь сүмийг сэргээн босгож дуусгасан нь одоогийн Эрдэнэ зуу хийдийн Гол зуу сүм гэжээ.


Энэ баримтыг мөшгөн Зава Дамдин Уйгарын үеийн Би-булгийн зуу бурханы урлагийг анхааран үзэж Эрдэнэ зуу хийдийн Гол зуу сүмийн бурхадын урлалыг Уйгарын үед хамааруулан үзсэн. Харин Хөх сүм гэх жижиг сүмийг Зуу сүм босохоос өмнө анх бурханы шашны шүтээн залсан өвгөн сүм гэж үздэг. Үүний дараа 1586-1674 онд гурван зуу сүмийн чуулбар ба Ригсүм гомбын сүмүүдийг барьжээ.

Эрдэнэ зуугийн III Ширээт лам Лувсанодсор хуучин Тахай балгасны хэрмийн нурангийн дөрвөн өнцөгт нэг нэг суварга босгосноор одоогийн хэрмэн хашааны эх суурь болжээ. 1701-1705 оны хооронд Очирдарь бурханы сүм, болон Авид бурханы сүмийн цогцолбор, Төвийн Их суварганы чуулбаруудыг босгожээ.

1743-1769 оны хооронд Эрдэнэ зуугийн V ширээт лам Лувсанданзан их засварын ажил эхлүүлснийг VI ширээт лам Лувсанцэдэн үргэлжлүүлэн удирджээ. 1771 оноос 1792 оны хооронд Цогчин Их дуган болон одоо байгаа Лавиран сүмийн цогцолборыг VII ширээт лам Давагдаржаа удирдан бариулжээ. 1796 онд Эрдэнэ зуу хийдийн их засварын ажлыг Давагдаржаа ламтан ерөнхийлөн удирдаж Хятадын Юи-да-а пүүстэй үнэ тохиролцон хийдийн барилгуудыг засуулсан. Энэ засвараар өмнө барьсан сүмийн барилгуудад засвар хийснээс гадна хуучин Тахай балгасын хэрмийн нурангийг суурь болгон 50 ширхэг суврага босгосон байна.

1802-1813 оны хооронд буян үйлдэгсэд /хаад, тайж, бэйл, бэйс лам, ард/-ийн хөрөнгөөр өмнө барьсан суваргуудын завсар хооронд 56 суврага болон хэрмэн хана барьж дуусгасан байна. Түүнээс хойш 1803 онд Дашчойлон аймгийн дуган, 1826 онд Даржаа гомун аймаг, мөн онд Жанчивлин аймгийн дуган босгогджээ. 1879 онд Жүд дацан, Цанидын дацан, 1782 онд Ламиран дацангийн барилгууд байгуулагдаж цаашид засвар, шинэчлэлийн байдлаар бидний үеийг хүрчээ.

Чойжин ламын сүм Өөрийн дүү Лувсанхайдавт (олноо Чойжин лам хэмээн шүтэгдэж алдаршсан) зориулан VIII Богд Жавзандамба хоёр удаа сүм бариулсан бөгөөд анхных нь 1899-1901 онд Зүүн Хүрээнд баригдсан боловч 1903 онд шатжээ. 1904-1908 онд хааны ордны уран барилгач Омбогын зураг төсөл, удирдлагаар Чойжин ламын хоёр дахь сүм, орд лаврин, гэр тугдамын цогцолборыг Нийслэл хүрээний төв хэсэгт шинээр бариулжээ.

Энэхүү сүмийн барилгын мод, чулуу, төмрийн ажил болон дотоод чимэглэлийн ажилд нийт 88779 лан буюу 1821,2 кг цэвэр мөнгө зарцуулжээ. Сүмийн цогцолборт 1936 он хүртэл хурал хурж байгаад 1938 онд хаагджээ. Монголын урчуудын бүтээсэн хосгүй үнэт бүтээлүүд арвинтай уран барилгын дурсгалын хувьд 1940 онд Шинжлэх ухааны хүрээлэнд шилжүүлсэн ба 1941 онд улсын нэгдүгээр зэргийн хамгаалалтад авсан байна.

Чойжин ламын сүмийн дотор, гадна чимэглэл, тавилга зэрэг бүх зүйл нь шашны зан үйлийн дагуу хэвээр үлдсэн тул 1942 онд Шашны түүхийн музей болгосон байна. Одоо Чойжин ламын сүмийн уран барилгын цогцолбороос Гол сүм, Занхан сүм, Ядамын сүм, Зуугийн сүм, өндөр гэгээний сүм, Махранзын сүм, гэр тугдам, ямпай, хэрмэн хашаа, хаалганы хамт үлджээ.

- Гол сүм (Өршөөлийг хөгжүүлэгч сүм). Уг сүмийн голын хоёр мөрөнд лам нарын суудал, баруун талын эхэнд Чойжин лам, зүүн талын эхэнд Хүрээ хамба хоёрын сэнтий, хурал номын хэрэглэл, хонх очир, дамар, цан хэнгэрэг, бүрээ бишгүүр зэрэг бий. Чойжин ламын сэнтийн ар талд Жигжидийн ордон, Хүрээ хамбын сэнтийн ар талд Янсанядамын ордон, хойд талын ханын баруун талд Майдарын ордон, зүүн талд Авидын ордонг XIX зууны монголын уран сийлбэрч Балган модоор сийлбэрлэн урлажээ.

Мөн уг сүмд IV Богдын Төвдөөс авчирсан 108 боть Ганжуур, төвд гар бичмэл 226 боть Данжуур, түүнчлэн монголын урчуудын бүтээсэн уран зураг, ханын зураг, баримал, хатгамал, зээгт наамал, цамын багууд зэрэг хадгалагдаж байна. Цамын багуудыг XIX зуунд Пунцаг-Осор тэргүүтэй урчууд маш уран гоёмсогоор бүтээсэн бөгөөд тухайлбал улаан Жамсран бурхны багийг 30 кг гаруй шүр оролцуулж хийсэн байна.
Уг сүмд YII-YIII Богдын багш Балданчоймбол ламын занданшуулсан шарил, Чойжин лам Лувсанхайдавын шуумал дүр байдаг. Гол сүмийн ар талд чойжин буудаг байсан Занхан сүм бий.

- Зуугийн сүм (Бурхны дуган). Энэ нь Гол сүмийн баруун талд байрладаг бөгөөд сүмийн голд Зуу бурхан Богд Зонховыг хоёр шавийн хамт залж, 16 Найданг сүмийн хоёр талын туурганд, дөрвөн Махранзыг үүдний хоёр талд агуйд сууж байгаагаар дүрслэн бүтээжээ.

- Ядамын сүм (Нандин шүтээний сүм). Гол сүмийн хойд талд байрладаг. Чойжин лам Лувсанхайдавын гол нууц шүтээн болох энэтхэг, төвдэд хийсэн Довчиннавга, Янсанядам, Дуйхар зэрэг тарины ёсны бурхдууд тавигдсан байна.

- Өндөр гэгээний сүм (Хотол чуулган туc Амгалангийн тив). Найман талт, хоёр давхар энэхүү сүм нь хийцийн хувьд бусдаас өвөрмөц бөгөөд 1907 онд Өндөр гэгээн Г.Занабазарын бүтээсэн бүтээлд зориулан барьжээ. Уг сүмд Г.Занабазарын бүтээсэн Очирдарь, Язгуурын таван бурхан, Манал, Мэнтүг, Цагаан Дар эх, 21 Дар эх, Босоо Майдар зэрэг бурхдууд, Занабазарын өөрийн нь цутгамал дүр, Өндөр гэгээний олж ирсэн эртний хүрэл суварга зэрэг байжээ. Сүмийн дотоод чимэглэлийн онцлог нь ханан дахь бурханы 18 шавь Найданжүдэгийг туc тусын биеэ даасан янз бүрийн дүрээр хагас товойлгон, энгийн чөлөөтэй, хүний бие цогцос, сэтгэлийн дотоод хөдөлгөөнийг нарийн харуулан дүрсэлсэнд оршино.

Улаанбаатар хот дахь Чойжин ламын сүм нь монголын хүрээ хийдүүдийн дотор уран барилгын үзэсгэлэнт байдлаараа болон уран зураг, уран баримал, өнгө будаг, гадаад, дотоод чимэглэлийн хувьд хамгийн гоё сайхан сүмийн нэгд зүй ёсоор ордог. Тухайлбал, Чойжин сахиусны догшин ширүүн гэдгийг Гол сүмийн дотор, гадна хана туурга, таазыг хүний толгой, уушиг зүрх, дотоод эрхтэнг задлан эвдэлсэн аймшигтай бөгөөд өвөрмөц сонин зургаар чимэглэсэн байдал, өндөр гэгээний сүмийн дотоод чимэглэл буюу 18 Найдангийн барельеф зэрэг нь бусад сүмээс онцлог бөгөөд ялгаатайг харуулна.

Сүмүүдийн барилгын үндсэн материал нь чулуу, мод, хөх тоосго, ваар бөгөөд сүмийн гадна талыг ганжир, бодь гөрөөс, луу, арслан зэрэг шашны зан үйлтэй холбоотой дүрсээр болон "Тансан лам баруун зүг зорчсон нь" хэмээх уран сэтгэлгээний зургаар чимсэн байна.

Чойжин ламын сүмийн их засварыг 1960-1961 онд, өнгө будгийн засварыг 1972 онд, Зуугийн сүмийн дээврийн засварыг 1995 онд туc туc хийжээ.

No comments:

Post a Comment