аялал жуулчлал

Wednesday, December 2, 2009

Дөрвөлжин булш

Дөрвөлжин булш нь Монголын хүрэл зэвсгийн үеийн архелогийн томоохон дурсгалын нэг юм. Дөрвөлжин булш жижиг толгодын орой шил, даваа хөтөл дээр ганц нэг, хоёр гурваараа тохиолдохоос гадна тэднийг гол төлөв уулын энгэр бэл, аманд мөн тэгш талын дунд нэг дор арваас хэдэн арав хүртэл тоотой хэсэг бүлгээр нь барьж байгуулсан байдаг.
Дөрвөлжин булш Дорнод Монголын талаас Алтайн уулс, Байгаль нуураас Говь хүртэл өргөн тархсан археологийн томоохон дурсгал юм.

Энэхүү булшийг үлдээгсэдийг бүхэл бүтэн нэгдмэл соёлд хамруулан авч үзсэн нь ч байдаг. Дөрвөлжин булшийг гаднах зохион байгуулалтын хувьд үндсэн 4 хэлбэрт хуваан авч үздэг.
1. Дөрвөн буландаа өндөр чулуутай, дөрвөн өнцөг хүрээтэй булш
2. Дөрвөн талын хүрээ нь намхавтар хавтгай чулуун дараас бүхий булш
3. Онцгой өндөр ханатай булш
4. Дөрвөн тал нь дотогшоо хоёр ханатай булш

Дөрвөлжин булшийг оршуулгын зан үйл, ёслолын зориулалтаар нь
а/ оршуулгын байгууламж
б/ тахилгын байгууламж гэж ерөнхийд нь хоёр ангилан авч үздэг.

Дөрвөлжин булшийг тусгай хэмжээтэй, тогтож заншсан хэлбэрээр тодорхой дэс дараатай нарийн зохион байгуулалттай үйлддэг байжээ. Дөрвөлжин булшны зохион байгуулалтыг авч үзвэл, хайрцаглан хийсэн нимгэн хавтгай чулуун авсанд хүнээ оршуулж, том зузаан хавтгай чулуунуудаар дарж таглан шороогоор булаад дээр нь хавтгай чулууг босгон эгнүүлэн дөрвөлжлөн зоож, дотор гадна хаяаг нь арай багавтар чулуугаар дарж бэхэлсэн байдаг.

Хүнийхээ толгойг ихэвчлэн нар мандах зүг буюу зүүн зүг харуулан цэх байдалтайгаар дээш харуулан 50-150 см-ийн гүнд оршуулж, зарим цахиур зэвсгийн зүйл, хүрэл хутга, сумны зэв хүрэл товч, товруу, морь малын дүрстэй хүрэл чимэг, хагас товгор хүрэн чимгүүд, модоор сийлсэн шувууны толгой, үсний алтан сүлбээр, шавар ваар, зэс, хүрэл хайлуулдаг чулуун шанага зэрэг олон төрлийн эд өлгийн зүйлс малын толгой чөмөг дал болон бусад зүйлсийг тавьсан байдаг.

Гол төлөв хүнийхээ толгой дор дэр болгон хавтгай чулуу тавьдаг байжээ. Дөрвөлжин булшыг гаднах ерөнхий хэмжээ дунджаар 1,5*2,5м-с 2,5*4,5м байдаг. Харин монгол орны төвийн бүс нутагт энэхүү дунджаас харьцангуй том булш ч тааралддаг байна. Хүрэл зэвсгийн үеийн дөрвөлжин булшнаас илрэн олдож буй эд өлгийн зүйлийг ерөнхийд нь зэр зэвсэг, байлдааны хэрэгсэл, аж ахуй, хөдөлмөрийн багаж хэрэгсэл, гоёл чимэглэлийн зүйл хэмээх төрөлжүүлэн хуваан авч үздэг.

Дөрвөлжин булш нь монгол улсын нутаг болон өвөр байгалийн нутагт голчлон тархсан дурсгал бөгөөд Манжуур, Өвөрмонгол, Шинжааны нутагт бас тодорхой хэмжээгээр мэдэгдэж байна. Дөрвөлжин булшыг малтан жинжлэх ажлыг манай улсын нутагт Төв аймгийн Хэрлэн, Туул голын сав дагуух, Өвөрхангай аймгийн Орхоны хөндий, Богд сумын тэвш уул, Дундговь аймгийн өмнөд хэсэг, Хэнтий аймгийн Онон, Хэрлэн, Хурх голын сав, Булган аймгийн Эгийн голын сав, Дорнод монголын тэгш тал болох Сүхбаатар аймгийн Мөнххаан, Эрдэнэцагаан сумдын нутаг, Дорнод аймгийн Баяндун, Цагаановоо, Сэрэглэн, Гурванзагал, Баян уул, Дашбалбар сумдын нутагт явуулж, одоогийн байдлаар ойролцоогоор 500 грауй дөрвөлжин булшийг малтан судалжээ.

No comments:

Post a Comment