аялал жуулчлал

Wednesday, February 10, 2010

Дэлхийн хамгийн өндөр байшин жуулчдын ачааллыг даасангүй


 Дэлхийн хамгийн өндөр байшин Дубайн Халифын цамхгийн харах талбай энэ бүтэн сайн өдөр гэнэтхэн хаагдаж, жуулчдыг сандралд оруулжээ. Байшингийн эзэд техникийн ажилтай гэсэн ба зарим гарч буй мэдээгээр өдөр бүр хэдэн мянган хүн сонирхон ордог цамхгийн цахилгааны сүлжээ ноцтой гэмтэлтэй байгаа гэнэ.

Дубайн "Бурж Халиф" цамхгийн харах талбай хоёрдугаар сарын 7-нд гэнэтхэн хаагдав. Уг талбарт өдөр бүр хэдэн мянган хүн гарч байгаа учраас техникийн хүчин чадлыг нь нэмэх хэрэгтэй боллоо гэж цамхгийг босгогчид ярьж байна. Тэдний мэдэгдэлд 124 дэх давхарт байрлуулсан харах талбайн цахилгаан шугам сүлжээнд асуудал гарсан гэлээ. Цахилгааны цэнэгийн асуудлыг шийдэхээр мэргэжилтнүүд ажиллаж байна. Emaar Properties компанийн мэдэгдэл засварын ажиллагааг дуусангуут олон нийтэд мэдээлнэ гэсэн байлаа. Гэвч компанийн хариу сэтгүүлчдэд итгэл төрүүлсэнгүй, тэд харах талбай хаагдсан шалтгааныг тодорхойгүй гэж бичиж байна.

Биелэгдээгүй найдвар

Цамхаг бүрэн ашиглалтад ороход бэлэн бус гэсэн эргэлзээ өнгөрсөн жилээс байлаа. Цамхгийн нээлтийг байн байн хойшлуулж байсан нь тэр эргэлзээг улам ч бэхжүүлж өгсөн юм. "Бурж Халиф" барилга нь Дубайн гүйцэтгэгч нарт дэндүү амбицтай төсөл болсон гэж ч ярьцгааж байв. Эхлээд тэд 2009 оны есдүгээр сарт цамхгийн нээлтийг зарласан байснаа сүүлд нь оны сүүлч болгон хойшлуулав. Эцэст нь цамхгийн нээлтийг нэгдүгээр сарын 4-нд хийлээ.

Романтикуудыг газарт буулгав

"Бурж Халиф"-ын харах талбайг хаасан нь жуулчдын дургүйцлийг төрүүлэв. Сүүлийн хэдэн долоо хоногт цамхагт орох гэсэн хүмүүсийн дараалал үүсч тасалбарыг урьдчилан захиалж байлаа. Захиалсан тасалбарын үнэ нь 27,25 ам.доллар байсан бол цамхагт дараалалгүйгээр шууд гарах гэсэн нэг хүний тасалбар 109 ам.доллар болсон байв.

Emaar Properties харах талбай дахин нээгдэх цагийг зарлаагүй бөгөөд хоёрдугаар сарын 14 гэхэд цамхгийн талбар нээгдэхгүй нь гэж айсан хүмүүс олон байгаа гэнэ. Энэ өдөр романтикууд Хувилгаан Валентины өдрийг тэнд тэмдэглэх гэсэн эрмэлзлээр дүүрэн байсан аж. Харин одоо тасалбар захиалан авсан жуулчдад нөхвөрөө авах дараалалд зогсох л үлдэв. Хоёрдугаар сарын 8-нд харах цамхагт гарах тасалбар авсан Британийн 40 настай жуулчин Уэйн Бойс цамхгийг үзэхээр зорьж ирсэн учир их харамсаж байгаагаа хэлэв. "Цамхгийг Дубайн бэлгэдэл болгосон учир тэр нь байнгын ажиллах ёстой. Хаагдаж байгааг зөвтгөх аргагүй" гэж Словенийн 55 настай зохиолч Эрвин Хладник-Милхариц өгүүлж байна.

"Бурж Халиф"-ын дээд амжилтууд

Он гарангуут нэгдүгээр сарын 4-ний өдөр дэлхийн хоёр тэрбум хүн телевиз болон интернэтээр "Бурж Халиф"гэх өндөр байшингийн нээлтийг харцгаалаа. Арабын нэгдсэн Эмиратийн тэнгэр баганадсан өндөр байшингийн ёслол дээр Дубайд 10 тэрбумын зээл өгсөн Абу-Дабигийн эмиратын тэргүүн шейх Халиф бен Заид Аль Нахайяны нэрийг цамхагт өгч байгааг АНЭ-ийн тэргүүн Шейх Мухаммед Бен Рашид Аль Муктум зарлажээ. Дубайн цамхаг дэлхийн хамгийн өндөр байшин ба түүний өндөр нь 828 м, 160 давхрынх нь нийт талбай нэг сая кв.м. Цамхгийг дөнгөж таван жилийн дотор барин босгосон бөгөөд тэнд 1034 тансаг өрөө, 76 дахь давхарт нь үйл ажиллагаа ба тав тухаар дээд зэргийн хангагдсан усан сан, 158 дахь давхарт нь исламын сүм байдаг аж. 58 цахилгаан шаттай энэ өндөр барилгад 12 мянган хүн ажилладаг.

Цамхгийг бүтээхэд 39 мянган тонн болд, 330 мянган тонн бетон оржээ. Цамхаг дэгжин бөгөөд гоо зүйн хэм хэмжээнд нийцсэн. Уран барилгын бүтээгч нь Эдрин Смит (АНУ), байшингийн өртөг нь 20 тэрбум ам.доллар.Цахилгаан шат нь дэлхийд хамгийн хурдан ба 18 метр/секундын хурдтай. Дэлхийн хамгийн өндөрт байрлах лалын сүм нь 158 дугаар давхарт байрладаг. Мөн 76 дахь давхрын усан сан нь бас л дэлхийн хамгийн өндөрт байрласан усан сан юм.

Хотын доорх "хөөсөнцөр"

Энэ том барилгыг босгох ажиллагаанд "Emaar Properties" компани 1,5 тэрбум ам.доллар зарцуулжээ. Тэд зардлаа уг байрны түрээснээс олохоор төлөвлөсөн байв. Барилга дотор тансаг орон сууцнаас гадна одоогоор бүрэн баригдаж дуусаагүй зочид буудал бий. Одоо барилгын ихэнх талбай хоосон байна.

Цамхгийн харах талбайг гэнэт хаасан нь барилгын технологийн төгс бишийн талаар яриа гарган нэр сүрэнд нь сөрөг нөлөөг үзүүлж магадгүй. Дубайн эрх баригчид цамхгийн тусламжтайгаар жуулчдыг ихээр татна гэсэн төлөвлөгөөтөй байлаа. Жуулчлалын орлого нь Дубайн төсвийн тавны нэгийг бүрэлдүүлдэг ба эдийн засгийн хямралын өмнөх үзүүлэлтдээ одоо хүрч чадахгүй л байна..