аялал жуулчлал

Friday, May 21, 2010

Загварлаг хэрэглэгчдийн Versace Unique гар утас гарлаа


Дэлхийд алдартай Италийн загварын ордон Versace, ModeLabs Group болон LG-тэй хамтран мэдрэгчтэй дэлгэцтэй, шинэ загварын гар утсаа танилцууллаа. Versace Unique хэмээн нэрлэсэн уг гар утсыг керамик болон гялтгар материалаар нямбайлан бүрж, чимэглэснээс гадна ирмэгийг 18 каратын цагаан алт болон зэвэрдэггүй ган металаар чимэглэсэн байна. Арын хэсгийг арьсан материалаар бүрж, дээр нь Versace-ийн логог байрлуулжээ. Харин олны анхаарлыг татаж буй гол зүйл нь сафир, болор гялтганасан дэлгэц юм. Зурагдахаас сэргийлэх хамгаалалттай уг гар утас нь 3,0 инчийн мэдрэгтэй дэлгэцтэйгээс гадна 5,0 мегапиксель камертай, 3G сүлжээг дэмжиж ажиллах гэнэ. Ирэх сараас эхлэн худалдаалагдаж эхлэх Versace Unique-ийн үнийн санал хараахан тодорхойгүй байна.

Дэлхийн хамгийн том мотоцикл

Том мотоцикл гэхээр шууд л Harley-Davidson эсвэл Honda Gold Wing санаанд бууна. Харин Германы Эппингений Gunbus 410 бол арай л өөр эд дээ. Энэ мотоцикл 700 кг жинтэй, гурван метр хагасын урттай, 1,56 метрийн өндөртэй бөгөөд зохиогчийн нотолж буйгаар бол гудамжны хөдөлгөөнд оролцох эрхээ авсан дэлхийн хамгийн том мотоцикл ажээ.

Автомашин засварын инженер бөгөөд онгоцны техникч Клеменс Леонхард засварын газраа цэвэрлэж байтал хэдэн онгоцны дугуй олсноор бүх ажил эхэлжээ. Швейцарийн нэгэн компанийн захиалгаар дэлхийн нэгдүгээр дайны үеийн онгоцнууд засварлаж өгч байгаад хэдэн дугуй үлдсэн байв. “Аварга хүчин чадалтай мотоциклийг бусад хүмүүс ч хийж л байдаг болохоор би арай өөрийг хийхээр шийдсэн” гэж тэр ярьж байна. Леонхард хүчит мотор, дугуй ер нь бүх зүйл нь зохицсон мотоцикл хийхээр шийджээ. Ухрах араагаа оролцуулаад дөрвөн араатай, 350 PS хүчин чадалтай уг мотортой хөлөг 250 км/цагийн хурд гаргаж чадна. Харин 700 кг жинтэй аварга мотоцикл 15 градус налахад л осолд орчих гээд байдаг сул талтай гэнэ. Леонхард жилдээ 3-4 ширхгийг борлуулах бодолтой байгаа бөгөөд нэг бүрийн үнэ нь нэмүү өртгийн татварыг оруулж тооцоогүй байхад 195 мянган евро болох юм. Нэлээд хэдэн сонирхогч, голдуу америкийн сагсчид сонирхлоо илэрхийлээд байгаа гэнэ. Тэд ч аварга мотоциклоор гангарахаар бие хаатай хүмүүс л дээ.

Загасчдад зориулсан хосгүй машин


Загасчдад зориулсан энэхүү хосгүй машин нь хуурай замаар ч явна, дээр нь усанд живэхгүй, цасан хунгарт хий эргэхгүй. Өөрөөр хэлбэл дугуй хийсэн моторт завь, загас хадгалах хайрцаг, майхангийн комплекс гэж болно. Дугуй нь маш өргөн тул мөсөн дээр ердөө 130 гр./см2 даралт үзүүлдэг. Үүнийхээ ачаар ганц хүнийг арайхийж даадаг нимгэн мөсөн дээгүүр цөмрөлгүй гарч чадна.


Гэхдээ хурд нь бага, дөнгөж 30 км/цаг аж. Усанд хөвж явахдаа 250 кг ачаа даах чадвартайгаас гадна, шал нь тусгай дулаан хадгалах хучилттай болохоор даарна, норно гэж айлтгүй. Энэхүү машин завь ч гэх юм уу завин машин ч гэх юмуу гайхалтай эдийн нэр нь Wilcraft, үнэ нь 10 мянган ам.доллар юм байна.

Тамхинаас гарах гэж буй хүнд хэлж болохгүй 5 зүйл


Тохиромжгүй үгсийг хэлэхгүй байх нь хамгийн сайн зөвлөгөө болдог.
1. "Тамхиа хаяхгүй бол уушгины хорт хавдар тусна шүү.” Тамхи нь уушгины хорт хавдар тусахад нөлөөлдөг нь үнэн. Гэвч тэд ийм яриаг байнга сонсдог бөгөөд сонсох бүрдээ шумуул шиг ундууцдаг юм. Тамхи татах нь эрүүл мэндэд хортой гэдэг нь хэний ч хувьд шинэ зүйл биш. Ингэж хэлэхэд чинь тэд “Ямар хамаа байна” гэж амыг чинь таглах болно.
2. " Хэрэв чи надад хайртай л юм бол тамхиа хая.” Архаг тамхичинд гэмшил огт тус болохгүй. Харин тэр хаяж чадна гэдэгтээ итгэлтэй байгаа л бол тамхинаас гарна. Ингэж хэлснээр түүний оролдлогыг үгүй хийхээс гадна тэр ингэж шахаж байгаад чинь улам уурлах болно.
3. "Тамхи чинь балиар. Чи яагаад ийм заваан юм татаад байдаг юм бэ?”
Тамхичин хүнд тамхи татах нь муу зуршил гэдгийг тайлбарлах ямар ч үр дүнгүй. Учир нь тэр өөрөө үүнийг сайн мэдэж байгаа ч хүлээн зөвшөөрч чаддаггүй юм. Харин түүний талд гэдгээ харуул. Мөн түүнийг яагаад хаяж чаддаггүйг нь та мэднэ. Тэр өөрийгөө тамхинаас гарч чадахгүй гэж бодож байгаа. Ийм сөрөг зүйл хэлэхийн оронд түүнийг тамхинаас гарахад туслах арга чарга зааж өг. Энэ зуршлаа хаях гэж хичээж буй оролдлогыг нь дэмжээрэй.

Хүмүүс яагаад нууц амрагтай болдог вэ?


Шалтгааныг нь олохыг хүсэж байна уу
Ямар ч хосууд бие биенээ хуурч мэхлэнэ гэж амьдралаа зохиодоггүй. Амьдралын явцад нууц роман, тохиолдлын холбоо зэрэг үл үзэгдэх хүчин зүйл "буруу замаар" явахад хүргэдэг аж.

Ажил. Дунджаар эмэгтэйчүүдийн гуравны нэг ажил дээрээ хайр сэтгэлийн явдалтай учирдаг. Эдгээр эмэгтэйчүүдийн тал хувь нь нөхөр, гэр бүлтэй байдаг.
Ажил төрлийн ашиг сонирхол дээр үндэслэгдсэн ажлын харьцаа нь хүмүүсийг нягтруулах, ойр дотно болоход нөлөөлдөг. Ийм харьцаанд орсноор эмэгтэй гэр бүлээ эрсдэлд оруулж байгааг ойлгох нь зүй.
Муу үлгэр жишээ. Хүмүүжлийн орчин нөлөөлнө. Хэрэв эцэг эхийн хэн нэг нь хуурч мэхэлдэг байсан бол эмэгтэйд ч энэ чанар илрэн давтагдах магадлалтай.
Найз бүсгүйн нөлөө. Бүсгүйчүүд уулзаж аяга кофе уунгаа дэвэн дэлхийн зүйл шимтэн ярьдаг.
Ялангуяа найз бүсгүйн хайр дурлалын талбар дээрх амжилт, нууц амрагуудын тухай сонирхолтой яриа эмэгтэйн сэтгэлд саваагуй шохоорхол, хорхойг хүргэх нь бий. Нарийн мэдрэмжтэй эмэгтэй ийм яриаг тун соргогоор хүлээн авдаг. Дэмий яриа дараа нь харамсах тохиолдлын учралд хүргэж болзошгүй.
Том хот адал явдлаар дүүрэн. Эмэгтэй хаана амьдарч байгаагаас асуудал хамаарах нь бий. Аль ч орны том хот, улсын нийслэл нь хүмүүст янз бүрийн боломж нээж өгдөг. Том хотод хүмүүс хэн нэгэнд танигдахаас айлгүй харьцаа холбоо чөлөөтэй тогтоодог.
Нөхөртэй эмэгтэйд ч зүрх сэтгэлийг эзэмдэх эр хүн олдож таарна. Харин хүн ам цөөн жижиг хот, хөдөө сууринд ч ийм боломж харьцуулшгүй бага байдаг. Бүгд бие биенийхээ амьдралыг арван хуруу шигээ мэддэг туй хэн нэгэнтэй харьцаа тогтоовол хэл ам, хов живний бай болж гүйцнэ.
Удирдагч эмэгтэй. Хэрэв гэр бүлд эмэгтэй бүх асуудлыг шийддэг бол эр нөхөр нь аль ч тал дээр, тэр тусмаа сексийн хувьд ч үнэлүүлж чаддаггүй.

Аз жаргалын гэрэл зурагчин


Гэрэл зурагчин Жак Генри Лартие “Амьдрал гэдэг бол бүжиглэж наадаж, үсрэн хөөрч, дүүлэн нисч, инээд баясгалангаар дүүрэн байж байгаад биднийг орхиод явчихдаг гайхалтай зүйл юм” гэж түүхэнд бичиж үлдээжээ. Энэ хүний гайхамшигтай уран бүтээлийн 230 гэрэл зургаас бүрдсэн үзэсгэлэнг саяхан Испанийн Барселона хотод гаргажээ.
Гэрэл зурагчин Лартие 1894 онд Францын нэгэн чинээлэг гэр бүлийн хүү болон мэндэлжээ. Тэр найман настай байх үед эх эцэг нь гэрэл зургийн аппарат бэлэглэсэн тэр мөчөөс эхлэн 92 нас хүртлээ гэрэл зураг авсаар байв. Тэр зөвхөн аз жаргал, гоо сайхан бүхнийг мэдрүүлсэн бүх зүйлийн зургийг авдаг байв.
Түүнийг ид идэвхтэй ажиллаж байх үед дэлхийн нэгдүгээр дайн, Орос оронд өрнөсөн хувьсгал, Франц орныг нацистууд түрэмгийлэн эзэлсэн гээд дэлхийг донсолгосон үйл явдлууд болж байсан. Гэтэл тэр нүдээ тас анин өнгөрөөж, амьдралынхаа туршид авсан түүний 100 000 гэрэл зургаас бүрдсэн цомогт эдгээр үйл явдалтай холбогдох ганц ч зураг байхгүй байгаа нь үнэхээрийн гайхшрал төрүүлмээр. Лартие анх зураг авч эхлэхдээ өөрийн анхаарлаа түүнийг тойрон хүрээлж буй ертөнц болох өөрийн гэр бүл, аав, ээж, эмээ өвөө, найз нөхөд, шүтэн бишрэгч хүмүүс, охид бүсгүйчүүд болон өөрийнхээ зураг хөргийг авч, “Ертөнц бол амгалан тайван мөнхийн амралт, баяр баясгалантай амьдрахын төлөө хөтлөгдсөн хэзээ ч дуусашгүй тоглоом наадам” гэж бичиж үлдээсэн юм гэж тус үзэсгэлэнг зохион байгуулагч Флориан Родари цохон тэмдэглэжээ.
Родари ярихдаа “Түүний авсан гэрэл зургууд түүхийг үнэн мөнөөр гэрчлэх бодит баримтууд бөгөөд одоо устаж алга болсон тэр үеийн Францын сурвалжит язгууртнуудын амьдрал болон Лартие-гийн амьдарч байсан тэр үеийн амьдралын гоо сайхан, аз жаргалыг харуулсан баримт болон үлдсэн юм” гэж ярьжээ.
Лартие өөрийгөө үргэлж гэрэл зураг сонирхогч төдий гэж үзэж байсан тул тусгай бие даасан үзэсгэлэн гаргах тухай хэзээ ч бодож байгаагүй бөгөөд 1963 онд АНУ-д очиж, үзэсгэлэн гаргаснаар түүний амьдралд төсөөлөөгүй их эргэлт гарчээ. Энэхүү үзэсгэлэнгийн дараа Франц улс түүнийг гайхамшигтай уран бүтээлч гэдгийг хүлээн зөвшөөрч, удалгүй дэлхий дахинд нэр алдраа цуурайтуулжээ. Лартие түүний зураг бүтээлийг үзээд хожим нь хүмүүс юу гэж ярих, дүгнэх бол гэсэн бодолд авталгүй аз жаргалаар бялхсан зургуудаа авсаар байгаад хорвоог орхин оджээ.

Black Eyed Peas-ийн сингл хамгийн их зарагджээ


Black Eyed Peas-ийн "I Gotta Feeling" дуу хөгжмийн аж үйлдвэрийн түүхэнд хамгийн ихээр зарагдсан дижитал сингл болсон тухай Gigwise мэдээлжээ.
Трекийг зааврын дагуу интернэт-дэлгүүрээс 5,56 сая удаа хуулан авсан байв. "I Gotta Feeling" дуу 14 долоо хоногийн хугацаанд Billboard Hot 100 чартыг тэргүүлж байна. Синглийг 2009 оны тавдугаар сард гаргасан билээ.
Өмнөх дээд амжилтыг эзэмшигч рэппер Flo Ridaгийн "Low" дууг интернэтээр 5,53 сая хүн төлбөртөйгөөр хуулсан байжээ. Гуравт, леди Гагагийн "Just Dance" гэх дижитал сингл бичигдлээ.
Дижитал чансааны дөрөв ба тавдугаар байранд бас л Black Eyed Peas ба Леди Гага байна. Дөрөвт буй Black Eyed Peas-ийн "Boom Boom Pow" дууг 5,29 сая удаа хуулсан бол тав дахь Леди Гагийн "Poker Face" хит-сингл 5,13 сая удаа хуулагджээ.
Billboard чатын оргилд хүрсэн анхны дижитал релиз нь энэ жилийн хоёрдугаар сард гарсан “Гаитийн найдлага” ("Hope for Haiti Now") цомог болсон юм.

“Ойрхи Дорнод бол миний талбай”


“Ойрхи Дорнод бол минийн талбай юм. Би өөрөө тэнд очиж байж л үүнийг ойлгосон” гэж АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама конгрессийн гишүүн ардчилсан намын еврей нартай уулзахдаа хэлэв.
Нэг намын еврей нараа тэр дэмжин “Израилийн АНУ-ын зүгээс дэмжих нь эргэлт буцалтгүй найдвартай” гэсэн амлалтыг Обама өглөө. Гэхдээ АНУ нь “энхийн үйл ажиллагааг амилуулахад чиглэгдсэн” тэнцэртэй бодлогыг явуулна гэв.
Уулзалтад ирсэн хүмүүст хандан Конгрессийн санаачилгаар Израилийн пуужингийн довтолгооноос хамгаалах “Төмөр дээвэр” хөтөлбөрийг санхүүжүүлэх төслийг тэр дэмжиж буйгаа хэлсэн байна.
“Уулзалтад оролцсон 30 конгрессмений нэг, Нью-Джерси мужийн төлөөлөгч Стив Ротман, Коль Исраэль” радио станцийн сурвалжлагчид ярихдаа “Израиль, АНУ хоёрт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд их зүйл хийх хэрэгтэй. Харин стратегийн талаас бол сүүлийн үеийн ерөнхийлөгч нараас Барак Обама нь еврей нарын хамгийн том найз” гэлээ.

Ганц хулгайч үнэтэй зургуудыг авч явжээ


Парисын орчин үеийн дүрслэх урлагийн музейгээгээс зургуудыг ганцхан хүн хулгайлсан гэж хуулийн байгууллагын төлөөлөгч хэвлэлийнхэнд мэдээллээ. Хулгайч музейд нэвтрэн таван зураг хулгайлсны Пабло Пикассо, Анри Матисса зэрэг нэртэй зураачдын бүтээл байна.
The Guardian сонинд бичснээр хулгайч ажиглах камерын бичлэгт бичигдсэн гэнэ. Гэмт хэргийг өглөөний долоон цагт илрүүлсэн бөгөөп музейн нэг цонх хагарч, цоож нь эвдэрсэн байжээ. Гэмт хэрэгтэн зургуудыг хүрээнээс нь нямбайлан салгаж авсан ба харин түүнийг зүсч гэмтээсэнгүй. Хулгай илэрсний дараа музейг хаажээ. Хулгайлагдсан зургуудыг нийтэд нь 90-100 сая евро гэж үнэлсэн байна. Өмнө нь мэдээлэхдээ 500 сая гэж байсан билээ. Хэрэв тэр зургуудыг 500 саяар үнэлсэн бол музейн цуутай хулгайн дээд зэрэг нь болох байв. Одоо музейн цуутай хулгайд Америкийн Изабелла Стюарт Гарднерын музейн хулгай ордог Тэр музейгээс 1990 онд Вермеер, Мане, Дега ба Рембрандт зэрэг нэртэй зураачдын 13 зургийг хулгайлсан байлаа.
Парисын музейгээс Пабло Пикассогийн “Ногоон шоштой тагтаа”, Анри Матиссийн "Пастораль, Жорж Бракийн "Эстакийн ойролцоох чидун жимсний мод ", Амедео Модильянийн "Дэвүүртэй эмэгтэй" ба Фернан Лежегийн "Лааны тавиуртай натюрморт " гэсэн таван зураг хулгайлжээ. Эдгээр зургууд маш алдартай учир зарахад хэцүү. Зургуудыг захиалгаар хулгайлсан бололтой.

Онгоцны ослоос нэг хүүхэд амьд гарав


Триполийн нисэх буудалд газардах үеэрээ сүйрсэн нисэх онгоцны ослоос Нидерландын найман настай хүү амьд үлдсэн ба харин түүний биеийн байдлын талаар мэдээлсэнгүй.
Өмнө нь мэдээлэхдээ онгоцны сүйрлээр онгоцонд байсан 105 хүн бүгд үрэгдсэн гэж мэдээлж байлаа. Сүйрлийн шалтгаан тодорхойгүй, мөрдөн байцаах ажил эхлээд байна. Йоханнесбургээс ирсэн онгоцны сүйрэл онгоц газардах зурвасаас нэг метрийн зайд болсон гэнэ.
Нисэхийн Afriqian Airways компанийн төлөөлөгчийн хэлснээр онгоцонд 93 зорчигч явжээ. Багийн гишүүн 11 хүн бүгд Ливийн иргэд байв. Нидерландын найман настай хүүгээс бусад нь бүгд амь үрэгдсэн гэнэ.
Онгоц орон нутгийн цагаар өглөөний 6:00-д сүйрчээ. Reuters агентлаг сүйрсэн онгоц нь аэробус A330-200 гэж нэгэн эх сурвалж өгүүлсэн гэж байна. Онгоц газардах үеэр дэлбэрч бүрэн задарсан байдалтай байжээ.

Ливид онгоц сүйрч 100 гаран хүн эрсдэв


Ливийн нийслэл Триполи хотын нисэх буудалд газарлахаар завдаж байсан иргэний агаарын тээврийн онгоц сүйрснээс болж 105 хүн амиа алдсан байна. Нийт зорчигчид болон нисэх багийнхан бүгд амь үрэгдсэн гэж мэдээлллийн хэрэгслүүд мэдээлж байгаа юм. Энэ онгоц ӨАБНУ-аас нисэж ирж байсан гэж Франс пресс агентлаг мэдээлсэн байна.

Турк Оросын иргэд харилцан визгүй зорчино


Реджеп Тайип Эрдоган ба Дмитрий Медведев. Гэрэл зургийг ©AFP

Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев Туркт хийсэн хоёр хоногийн айлчлалын явцад тус орны ерөнхий сайд Реджеп Тайип Эрдогантай хэд хэдэн гэрээ хэлцэлд гарын үсэг зурлаа. Түүний тоонд хоёр орны хоорондын визийн дэглэмийг цуцалсан гэрээ байгууллаа гэж "Интерфакс" мэдээлэв.
Хоёр лидер Кавказ болон Самсуны боомтоор дамжсан олон улсын төмөр замын болон усан тээврийн ажиллагааг зохион байгуулахаар тохиролцов. Мөн Туркт атомын цахилгаан станц барих гэрээг байгуулжээ.
Тэд дээд боловсролын салбар ба үр тарианы чанар аюулгүй байдлыг хангах зэрэг олон төрлийн тунхаглал байгуулсан байна. Тавдугаар сарын 12-нд гарын үсэг зурагдсан гэрээний дагуу оросууд Туркт визгүйгээр 30 хоногийн хугацаанд очиж болохоор боллоо. Өмнө нь тэд Туркийн хил дээр виз авч 20 ам.доллар төлдөг байжээ.
Атомын цахилгаан станц барих талаар хэдэн жилийн турш яригдаж байсан юм. Энэ жилийн эхээр ерөнхий сайд Владимир Путин мэдэгдэхдээ АЦС барихын төлөөх өрсөлдөөнд Орос давуу эрхтэй болсон гэж байлаа. Ингээд Туркууд тендергүйгээр оросуудаар АЦС-аа бариулахаар болсон байна. Түүний өртөг нь 20 тэрбум ам.доллар болно. Гүйцэтгэгчээр нь Оросын "Атомстройэкспорт" компани байх ба төслийг хэрэгжүүлэхийн тулд тэд төслийн компанийг байгуулах бөгөөд АЦС нь түүний өмч болох юм байна.

50 гаруй Африк оюутан оросуудтай зодолджээ

Зуу гаруй хүнийг хамарсан том хэмжээний гудамжний зодоон Оросын Нижний Новгород хотод боллоо гэж “РИА Новости” агентлаг Москвагаас мэдээллээ. Орон нутгийн нэгэн кафед Африк оюутнууд болон нутгийн Оросуудын хооронд болсон зөрчилдөөн хяналтаас гарч олон арван хүнийг хамарсан зодоон болсон гэж тус хотын цагдаагийн байгууллагаас мэдээлсэн байна. Зодоонд 50 гаруй африк гаралтай оюутан болон мөн төдий тооны орос залуучууд оролцсон байна. Зодооны үеэр талууд хоосон шил лонх болон бейсболлын цохиур ашигласан хэдий ч зөвхөн ганц хүн л тархиндаа бэртэл авсны улмаас эмнэлэгт хүргэгдсэн байна.

500 сая еврогийн хулгайн хэрэг гарав


Урлагийн бүтээлийн оргил болсон 500 сая еврогоор үнэлэгдэх алдарт зураач Пабло Пикассо, Генри Матиссе зэрэг дэлхийн сор болсон алдарт зураачдын 5 ширхэг зургийг өчигдөр /2010.05.20/ Парисын Орчин үеийн урлагийн Музейгээс хулгайд алдсан дуулиант хэрэг манджээ. Эдгээр зургийн дотор Пабло Пикассогийн “Le pigeon aux petites pois” буюу “Вандуйтай тагтаа” өөр хувилбараар “Амтат жимстэй тагтаа”, Генри Матиссе-гийн “La pastorale” буюу “Малын бэлчээр” зургууд байсныг хэрэг явдлыг шалган нягталж байсан хүмүүсийн нэг нь мэдээлжээ.
Хулгайч нар Жорж Бракийн “L’olivier pris de l’Estaque” /Эстакаас авчирсан оливийн мод/, Амадио Модилианий “La femme a I’uventail” /Дэвүүртэй бүсгүй/, Фернандо Лужерийн “Nature morte aux chandeliers” /Лаатай натюр морте/ зургийг бас хуу хаман авч одсоныг холбогдох эх сурвалж мэдээлж байна.
Музейн харуул хамгаалалтын албаны хүмүүс хулгай гарсныг өчигдөр үүрээр мэдсэн ажээ. Хулгайч нар музейн байшингийг тойруулан татсан төмөр торыг тасдан, музейн байшингийн цонхыг эвдлэн орсныг тэд тогтоосон байна. 1912 онд Пабло Пикассогийн зурсан “Le pigeon aux petites pois” зургийн хулгайд алдагдсан шалтгааныг эрэн сурвалж, тодруулах ажлыг хариуцан ажиллаж байгаа ажээ.
Парис хотын Орчин үеийн урлагийн музей халдарт Chaillot театрын хажууханд Эйффеллийн цамхагийн өмнө талд байрладаг юм байна. 1961 онд албан ёсны нээлтээ хийж, XX зууны урлагийн янз бүрийн урсгалын бүтээлийн цуглуулга дэлгэн харуулсаар иржээ. Энэ музейн үзвэрт 8000 гаруй бүтээл байдаг бөгөөд дэлхийд танил болж, алдаршсан Маттиссегийн “La Dance” /Бүжиг/, “ Боннардийн “Le Nu dans le bain” /Усанд орох агшны нүцгэн бүжиг/, “Le Jardin” /Цэцэрлэгт хүрээлэн/ болон Роберт Делонай-ийн “Equipe de Cardiff” /Кардиффийн баг/, Дерайны “La Riviere” /Голын урсгал/, Легерийн “Les Disques” /Цагираг/ хэмээх алдарт бүтээлүүд байдаг ажээ.
Ер нь Францын нийслэл хотод байдаг музейнуудийн Пикассогийн бүтээлээр гаргасан үзэсгэлэнгүүд олон жилийн туршид байнга хулгайн гэмт хэрэгтнүүдийн бай болж, үзвэрийн бүтээлүүдээ хулгайд алдах явдал нэг биш удаа гарсаар иржээ. Дэлхийд кубизмын урлагийг анх бий болгосон Пабло Пикассогийн ач хүүгийн Diana Widmaier-Picasso үзвэрийн танхим 2007 онд 50 сая еврогоор үнэлэгдсэн хоёр бүтээлийг хулгайд алдаж байсан удаатай. Энэ нь “Maya a la poupee” /1938 он/, “Portraid Jacqueline” /1961 он/ “Жакелиний хөрөг” хэмээх бүтээлүүд байжээ. Эдгээр бүтээлийг цагдаагийнхан эрчимтэй эрэн сурвалжсаны эцэст олж, эргүүлэн өгч байсан. 1976 онд Пабло Пикассогийн 118 бүтээлийг Парис хотод хулгайч нарт алдаж байжээ.
Эх сурвалж: EFE