аялал жуулчлал

Wednesday, May 19, 2010

Эрүүл чийрэг байхад тань туслах зайлшгүй хэрэгтэй аминдэмүүд

Таны бие махбодь эрүүл саруул, бодисын солилцоо хэвийн явагдах боломж нөхцлөөр хангадаг чухал хүчин зүйл бол аминдэм юм. Биеийн тань хэвийн өсөлт хөгжлийг хангахад эдгээр байгалийн нэгдлүүд чухал үүрэг гүйцэтгэдэг. Янз бүрийн витаминаар баялаг хоол идсэнээр бие организмд шаардлагатай аминдэмийг олж авч чадах боловч хэрэв шаардлагатай аминдэмээр дутагдвал та төрөл бүрийн өвчин, тэр тусмаа амь насанд аюултай өвчнөөр ч өвдөх эрсдэлтэй. Амин дэмийг хүн хоол хүнсээрээ дамжуулан, эсвэл тусгай нэмэлт бүтээгдэхүүнээс авч болно.

Аминдэм А буюу ретинол

 Аминдэм А нь зүрхний шигдээс болон бусад төрлийн зүрхний өвчин, цусан дахь холестриний хэмжээ багасах, бөөр давсагны өвчин, ханиад томуу зэргээс сэргийлж, хөгшрөх үйл явцыг удаашруулж, нүдний харааг сайжруулах нөлөөтэй хүчирхэг анти-оксидант юм.

Түүнчлэн бие махбодийг аливаа халдвараас хамгаалаад зогсохгүй арьс салстыг хамгаалж, шүд, хумсыг бэхжүүлж, өсөлтөнд сайнаар нөлөөлдөг. А аминдэм дутагдсанаар нүдний хараа муудаж, янз бүрийн халдварт өвчинд өртөмтгий болохоос гадна шүдний өвчлөл ихэсч, арьс хуурайшдаг байна.

Тиймээс А аминдэмийг ногоон навчит жимс, хүнсний ногоо тэр тусмаа тоор, брокколи, улаан лооль, лууван, бууцай зэргээс авч болно. Түүнчлэн сүү, сүүн бүтээгдэхүүн, өндөгний шар, өөхлөг загас, малын элэг, бөөр зэрэгт А аминдэм их хэмжээгээр агуулагддаг.

Аминдэм В1 буюу тиамин

 Цусны эргэлтэд сайнаар нөлөөлж, цусны бүлэгнэлийг сайжруулахаас гадна эрч хүчийг нэмэгдүүлж, ходоод гэдэсний үйл ажиллагааг сайжруулах бөгөөд сэтгэл гутралаас хамгаалдаг.

Бие организмд В1 дутагдсанаар нойргүйдэх, огцом турж эцэх, сэтгэл гутрах, бүр түүнчлэн саа өвчин тусахад ч хүргэнэ. Халдварт болон бусад өвчний үед хүний бие дэх В1 аминдэмийн хэрэгцээ эрс нэмэгддэг байна. В1 нь бүх төрлийн үр тариа, самар, шош, элэг, зүрх болон загасны маханд их хэмжээгээр агуулагддаг.

Аминдэм В2 буюу рибофлавин

 Хоолны шингээлтийг сайжруулж, арьс, үс болон хумсыг хүчилтөрөгчөөр хангаж, тархины янз бүрийн өвчнөөс хамгаална. Түүнчлэн жирэмсэн үед ургийн өсөлт, хөгжилтөд сайнаар нөлөөлж, ураг бүрэлдэн тогтох үед хамгийн хэрэгцээтэй байна.

Харин рибофлавин дутагдсаны улмаас өсөлт муудаж, хоолны шингэц, хоол боловсруулалттай холбоотой эмгэг үүсч, арьс, үс тослогждог. Витамин В2-ыг сүү, төрөл бүрийн жимс, ногоон навчит хүнсний ногоо, самар, өндөг, мах, улаан буудай зэргээс авч болно.

Аминдэм В6 буюу пиридоксин

 Хүний бие дэх өөх тосыг задалж, биеийн ерөнхий эсэргүүцлийг сайжруулахаас гадна төв мэдрэлийн систем, тархины хэвийн үйл ажиллагааг зохицуулж, зүрх, судасны өвчин, булчин татах зэрэг өвчний эрсдлийг багасгаж, нүдний хараанд сайнаар нөлөөлнө.

Харин аминдэм В6 дутагдсанаар ой тогтоолт муудах, арьсны тэнцвэрт байдал алдагдах, булчингийн үйл ажиллагаа сулрах зэрэг сөрөг нөлөөтэй. Шаардлагатай В6 аминдэмийг хоол, хүнсээр дамжуулан авахыг хүсвэл мах, загас, цөцгийн тос, хөрөнгө, бүх төрлийн үр тариа, мөөг, төмс, гадил, бурам зэргийг хүнсэндээ түлхүү хэрэглэх хэрэгтэй.

Аминдэм В12 буюу кобаламин

 Аминдэм В12 нь цусан дахь улаан эсийн бүлэгнэх явцад эергээр нөлөөлж, ой тогтоолт, төвлөрөлтийг сайжруулахаас гадна утаанаас үүдэлтэй хавдрын эсрэг сайн үр нөлөөтэй. Түүнчлэн биеийг хоргүйжүүлж, шархлах, гэмтсэн үед В12 ахиу хэрэглэснээр түргэн эдгэрдэг байна.

Харин В12 аминдэмийн дутагдлын үед толгой эргэж, ой тогтоолт муудаж, хараа муудахаас гадна сэтгэл гутралын шинж тэмдэг илэрдэг. В12 нь мах, өндөгний шар, тахианы мах, сүү болон загасны маханд их хэмжээгээр агуулагддаг.

Аминдэм С буюу аскорбины хүчил

 Аминдэм С нь цусан дахь сахарын хэмжээг багасгаж, зүрх, судасны өвчнөөс хамгаалж, цусны эргэлтийг сайжруулж, шүд болон ясны бэхжилтэд сайнаар нөлөөлж, бие махбодийн дархлаа сайжруулах, стрессийн эсрэг даавар ялгаруулахад чухал үүрэг гүйцэтгэдэг байна.

Аливаа өвчнөөр өвчлөх, халуурах, сэтгэл санааны хямралд орох үед хэрэгцээ нь ихэсдэг бөгөөд хэрэв дутагдалд орвол хоолны дуршил буурч, шүд хорхойтож, булчингийн үйл ажиллагаа сулардаг ажээ. С аминдэми нь цитрусын төрлийн /нимбэг, жүрж гэх мэт/ болон бүх төрлийн шинэ жимс, улаан, ногоон болон шар навчит хүнсний ногоонд их хэмжээгээр агуулагдах ба хэт их чанаж болговол чанараа алддаг талтай.

Аминдэм Д буюу кальциферол

 Дотор эрхтний тэнцвэрт үйл ажиллагааг хангахаас гадна гэдсэнд кальци шимэгдэх, цусны урсгалаас кальци ясны эсэнд орж, ясыг бэхжүүлэхэд түлхүү нөлөө үзүүлдэг. Харин Д аминдэмийн дутагдлын улмаас шүд хорхойтох, яс сийрэгжих, булчингийн сулрал үүсэх магадлалтай. Салмон буюу яргай загас, үхрийн элэг, өндөгний шар, сүү, масло зэрэг хүнс нь Д аминдэмийн агууламж өндөртэй бөгөөд нарны гэрлийн нөлөөгөөр идэвхждэг.

No comments:

Post a Comment