аялал жуулчлал

Monday, May 24, 2010

АНУ-ын долларын түүхээс

АНУ-ын Сангийн сайд Тимоти Гайтнер, Төв банкны тэргүүн Бен Бернанке нар 100 долларын дэвсгэртийнхээ шинэ загварыг танилцуулсан билээ.

Хуурамч доллар үйлдэхээс сэргийлж, шинэ дэвсгэртийг хамгийн сайн технологийг ашиглан бүтээсэн байна.

Шинэ мөнгөн тэмдэгт дээрх хонх болон 100-гийн тоог гурван хэмжээст технологиор хийжээ. Зэсэн шаргалаас ногоон болж өнгөө хувиргадаг хонхыг мөнгөн тэмдэгтийн нүүрэн талд байрлуулсан байна. Тэгэхдээ дэвсгэрт дээрх хамгаалалтын хуучин гурван хэрэгсэл болох усан тэмдэгт буюу Бенжамин Франклины хөрөг, хамгаалалтын тусгай утас, өнгө нь хувирдаг 100-гийн тоо хэвээр байгаа юм......


Шинэ 100 долларын дэвсгэртийг 2011 оны хоёрдугаар сарын 10-наас эхлэн гүйлгээнд гаргах ба 6,5 тэрбум хуучин дэвсгэртийг гүйлгээнд байлгах ажээ. Шинэ дэвсгэрт гарсантай холбогдуулан долларын гарал үүслийн талаар уншигчиддаа сонирхуулъя.

Америк долларын үүсэл Европын түүхтэй салшгүй холбоотой. XVI зууны эхээр баруун хойд Богемид Ромын эзэнт улсад зориулсан гэгээн Иоахимын дүрстэй зоос цутгажээ.Тэр зоосыг “иоахимсталер” гэж нэрлэх болсон байна. Яваандаа түүнийг зүгээр л талер гэдэг болжээ. Талер дэлхийн анхны валют байсан бололтой. Испанид түүнийг далеро, өмнөд Нидерландад дальдре, Скандинавын орнуудад далер, Англид доллар гэдэг байв. Тэр үеийн өөр хатуу валют бол Испанийн мөнгөн реал, алтан дулон юм. Тэдгээрийг бас доллар гэж нэрлэдэг байжээ. Анлийн банканд маш ихээр хадгалж байсан учир Английн хаан III Георг Испанийн реалыг гүйлгээнд оруулан ашиглах зарлиг буулгаж байсан байна.

Нэг реал Английн фунтын 1/8-тэй тэнцдэг байсан учир “наймны нэг” /piece of eight/ хэмээн нэрлэх болжээ. Яваандаа piece of eight нь “peso” болж хувирсан байна. Песо умард Америкийн колониудад нэвтэрч, бусад том мөнгөн зоосны адил доллар гэж нэрлэх болжээ. Тусгаар тогтнолоо олсны дараа Томас Жефферсоны саналаар 1785 оны зургадугаар сарын 6-нд долларыг АНУ-ын мөнгөний нэгж болгох шийдвэрийг тус улсын Конгресс гаргажээ.

Долларын тэмдэг хэвлэмэл байдлаар дөнгөж 1797 онд гарсан хэдий ч өөрийн гэсэн багагүй сонин түүхтэй. Тэмдгийн үүслийн тухай нэгдсэн санал байхгүй. Харин хэд хэдэн хувилбар бий.

Албан ёсны хувилбар
Ирланд гаралтай баян худалдаачин, газрын эзэн Оливер Поллок орчин үеийн долларын тэмдгийг анх удаа хэрэглэжээ. Тэрбээр Английн дарлагчдын эсрэг дайны үеэр америкийн эх орончдын армид нийлүүлэгч байсан бөгөөд олсон орлогоо Р, S үсэг хосолсон тэмдэгтэй тооцооны дэвтэрт бичиж тэмдэглэдэг байжээ. Поллок данс тооцоогоо Америкийн конгрессын гишүүн Роберт Моррист танилцуулдаг байв. Тэр долларын тийм тэмдгийг баримт бичигт албан ёсоор хэрэглэж эхэлсэн анхны өндөр дээд тушаалтай америк болжээ.

Долларын тэмдгийн үндэс нь Испанийн песо буюу S-ийг нэмсэн Р, өөрөөр хэлбэл олон тоон дээрх песо болжээ. S-ийг Р дээр хялбарчилан давхарлажээ. Песо дээр Гибралтарын багануудыг сийлдэг байсан учир тэмдэгт дээрх хоёр босоо зураас бий болжээ. Тэдгээр зоос Британийн колониудад “Баганат доллар” гэдэг нэртэй байжээ.

Тэмдгийн үүслийн тухай бусад хувилбар
-$ бэлгэдэл нь Америкийн Нэгдсэн Улсын товчилсон нэрнээс үүсэлтэй бөгөөд U, S хоёр үсгийн нийлбэр юм. Ингэхдээ U үсгийн доод хэсэг алга болж, хоёр босоо “зураас”-ыг хамтатган S дээр зуржээ.

-Энэ хувилбартай ойролцоо "мөнгөн" хувилбар нь зөвхөн S, U үсэг өөр зүйл илэрхийлнэ: S үсэг нь товчилсон “silver” - мөнгө гэдэг үгнээс үүсэлтэй, түүний дээр U -үсгийг /unit -нэгж/ байрлуулах нь олонтаа байжээ. Хожим U доош байрлаж, доод хэсэг нь байхгүй болж $ болж хувирсан байна.

Түүнчлэн тэмдэгтийн үүслийн тухай Герман, Британи, Ром, Португал онол бий.

-Герман онолд Англи талерын ур хийцийг өөрчилснөөр $ тэмдэг бий болсон гэж өгүүлдэг. Зоосны нүүрэн талд цовдлуулсан Исус, нөгөө талд загалмай ороосон могой дүрсэлсэн байдаг байжээ. Могой хожим $ бэлгэдэл болон хувирсан гэнэ.

-Британи хувилбараар бол $ тэмдэг S хэлбэртэй, заримдаа босоо зураас “нэмсэн” шиллингээс үүсэлтэй аж. Британийн эрх баригчид хуурамч мөнгө хийгчидтэй идэвхтэй тэмцдэг байсан учир шиллингийг Хойд Америкийн колониудад ч нууцаар цутгадаг байжээ.

-Португал онол ч гэж бий. Долларын бэлгэдэлтэй маш төсөөтэй өөр тэмдэг байжээ. Тэр тэмдэг тооны аравны, зууны нэгийг ялгахад хэрэглэдэг орчин үеийн таслал, цэгийг илэрхийлдэг байжээ.

-Ромын онолд бол долларын тэмдэгт HS үсгээр тэмдэглэдэг байсан ромын зоосноос үүсэлтэй. S дээр тавьдаг байсан Н АНУ-д холбоосгүй болчихсон юм гэж өгүүлнэ.

Долларын тэмдэг үүссэн тухай араб болон шашны үүднээс тайлбарласан хувилбар илүү сонин.

-Араб хувилбарт энэ тэмдэг бол боолчуудыг дөнгөлдөг байсан дөнгөний зураасан дүрс мөн, бас “боол” - sIave гэдэг үгийн эхний дүрсээ өөрчилсөн S үсэг гэдэг байна.

-Шашны үүднээс тайлбарлагчид энэ тэмдэг бол Соломон хааны сүм, түүний хоёр баганы, бүр тодруулбал “Соломон” /S/ гэдэг нэрийг масоны ёсны тэмдэглээс мөн гэж онцлон тэмдэглэдэг. АНУ-ыг үндэслэн байгуулагчид масоны бүлгүүдийн идэвхтэй гишүүд байсан билээ.

Цаасан долларын төрх байнга өөрчлөгдөж иржээ. Доллар орчин үеийн дүрсээ 1928 онд олжээ. Түүний дизайныг Оросын цагаач, зураач Сергей Макроновский хийсэн байна. Дэвсгэртүүд дээр АНУ-ын төрийн зүтгэлтнүүдийн хөргийг дүрсэлдэг.

Макроновский цаасан долларын нэг тал дээр АНУ-ын Том тамганы /төрийн ялгах тэмдэг/ бүрдэл хэсгүүд болох чидун жимсний модны мөчир, сумнууд бүхий далайн бүргэд, тэрчлэн дээр нь “Орчлонт ертөнцийн аугаа их архитекторын" “Бүхнийг харагч мэлмийг” гэрэлтэгч гурвалжинд байрлуулсан дуусаагүй пирамидын дүрсийг зурсан. Далайн бүргэдийг одоо ч албан ёсны лого болгон өргөнөөр хэрэглэж байгаа, харин пирамид зөвхөн нэг долларын дэвсгэрт дээр бий.

Бүр эхлээд долларыг хар цагаан өнгөөр хэвлэдэг байжээ. 1929 онд л ногоон өнгөтэй болсон байна. Ногоон өнгө гадны нөлөөлөлд харьцангуй тэсвэртэйн дээр сэтгэл зүйн хувьд мөнгөнд итгэх болон өөдрөг санаа бодол төрүүлдэг учраас түүнийг сонгосон биз ээ. Сүүлийн жилүүдэд долларын дэвсгэртүүд шар, ягаан аястай шинэ өнгөтэй болжээ. АНУ-ын Засгийн газар долларыг хуурамчаар үйлдэхээс сэргийлж дэвсгэртүүдийн дизайныг 7-10 жилд өөрчилж байхаар төлөвлөж байна. Одоо нийт мөнгөн тэмдэгтийн хоёрны гурваас илүү нь /бараг 700 тэрбум/ АНУ-аас гадна гүйлгээнд байна.

Канад, Австрали, Шинэ Зеланд, Либери, Зимбабве, Бруней, Сингапур, Барбадос, Гайана, Тринидад Тобаго, Ямайка, Баруун Самао, Белиза, Фижи, Бермудын арлуудын мөнгөний нэгж бас доллар нэртэй.

1907-1949 онд Хятадын мөнгөн зоосыг доллар гэдэг байжээ.

No comments:

Post a Comment