аялал жуулчлал

Sunday, October 25, 2009

Говь-Алтай аймгийн Хөрс

Говь -Алтай аймаг хөрс газар зүйн мужлалтаар Төв Азийн говийн мужийн бүсшилийн Алтай хийгээд говийн тойргуудад багтана. Ийм болохоор уулын болон талархаг ба хотгор газрын хөрс зонхилно. Аймгийн нутаг дахь Монгол Алтайн гол нуруу, түүний салбар уулсаар уулын тундрын, өндөр уулын хээрийн бүдүүн ялзмагт, уулын хуурай хээрийн бүдүүн ялзмагт, уулын нугын, уулын нугат хээрийн, уулын цайвар хүрэн, уулын цөлөрхөг хээрийн бор, уулын хээржүү цөлийн цайвар бор хэв шинжийн хөрсүүд хослон тогтжээ.
Харин уулс хоорондын хонхор, хотгор хөндий болон Алтайн өмнөх хийгээд Шарга, Бигэр Захуй Зарман, Алаг нуур зэрэг говь нутагт талархаг ба хотгор газрын хөрс зонхилох бөгөөд эл нутгуудад хүрэн, цайвар хүрэн, нимгэн давхрагатай цайвар хүрэн, цөлөрхөг хээрийн бор, хээржүү цөлийн цайвар бор, цөлөрхөг хээрийн нугат бор, цөлийн бор саарал, цөлийн нимгэн давхрагатай бор саарал, хэт гандуу цөлийн гөлтгөнөтэй нимгэн давхартай борзонт, марз, мараа, элс бүхий хэв шинжийн хөрс тархан бүрэлджээ. Ялангуяа Алтай, Цогт, Эрдэнэ сумын нутгийн бараг хагас хувь буюу өмнөд хэсэгт нь хэт гандуу цөлийн гөлтгөнөт, борзонт хөрс зонхилно. Харин Хөхморьт, Баян-уул, Жаргалан сумын хойд талын хэсэг газарт элсэн хөрс тогтжээ.

No comments:

Post a Comment