аялал жуулчлал

Sunday, October 25, 2009

Аялал жуулчлал хөгжүүлэх давуу талууд
1.Байгалийнхаа унаган төрхийг харьцангуй сайн хадгалж үлдсэн аймаг юм. Байгалийн үзэсгэлэнт, сонин тогтоц бүхий олон газруудтай. Булган аймгийн нутагт Эг-Сэлэнгэ, Эг-Тарвагатайн бэлчир, Уран тогоо, Хөгнө хаан, Булган зэрэг байгалийн үзэсгэлэнт дархан цаазат тусгай хамгаалалттай нутаг, Хантай , Авзага хайрхан, Бүрэг, Намнан, Залман , Дулаан хаан, Буурал хаан, Их, Бага Агт, Мээж зэрэг холимог ой бүхий өндөр уул нуруунууд, Сэлэнгэ, Орхон, Туул, Эг, Хануй зэрэг манай орны томоохон гол мөрөн, Харгал, Айрхан, Шарга, Цэгээн, Өрөм, Боргочингийн нуур, Хульж, Хануй, Үнэгт, Цагаан гол, Хунт зэрэг халуун, хүйтэн рашаантай. Төрөл бүрийн жимс жимсгэнэ, эмийн ургамлаас гадна алт, зэс , молибден, чулуун нүүрс, зос, хаш, оюу номин зэрэг 40 гаруй төрлийн ашигт малтмалын нөөцтэй.
2. Ан амьтан элбэг.Хандгай , баавгай, гөрөөс, гахай, хүдэр, шилүүс, үнэг, хярс, чоно, хэрэм, тарвага зэрэг ан амьтан, олон зүйлийн шувуу, гол мөрөн, нууртаа тул, зэвэг, цурхай зэрэг төрөл бүрийн загастай.
3. Түүх соёлын дурсгал газар олонтой.Эртний чулуун зэвсгийн үеэс эхлээд Уйгарын хаант улсын Бай-Балык хотын туурь, Хар бухын болон Цогт хун тайжийн цагаан балгас, Хангидай, Арслантын түрэг бичээс, Бичигтийн хадан хушууны бичээс, Цогтын чулууны бичээс, Талын улаан балгас, Эмгэнтийн хэрэм зэрэг түүх соёл, уран барилгын дурсгал багагүй байдаг.
4. Булган аймаг нь бусад аймагтай харьцуулахад дэд бүтэц харьцангуй хөгжсөн төмөр зам, агаарын болон авто замын улсын сүлжээнд ойр, бүх сум, зарим баг төвийн эрчим хүчний системд холбогдсон.
5. “Эрдэнэт- Булган –Уньт “ чиглэлийн хатуу хучилттай зам барих төслийн ажил Кувейтийн сангийн зээлээр амжилттай хэрэгжиж байгаа бөгөөд Монгол улсын дэд бүтцийн хэвтээ, босоо тэнхлэгийн замд хамрагдсан цөөхөн аймгийн нэг. Энэ ажлын хүрээнд Баяннуур- Дашинчилэн чиглэлийн хатуу хучилттай зам тавигдаж байна. Эгийн болон Хануйн голын төмөр бетонон гүүрүүд шинээр баригдаж ашиглалтанд орсон.
Цаашдаа Монгол улсын “Хангайн бүсийн хөгжлийн хөтөлбөрт тусгагдсан Тэшиг-Закаменскийн авто замыг засаж сайжруулан, Бага-Илэнхи боомтоос Булган , Хархорин, Арвайхээрийг дамжин Баянхонгорыг хамран Шивээхүрэнгийн боомтоор гарах босоо тэнхлэгийн Булган-Хархорины 210 км зам, Булганы Уньтаас Мөрөн хүртэлхи 260 км хатуу хучилттай замыг барьж байгуулна.
6.Бүх сумд улс, хот хоорондын автомат холбоонд шилжүүлж дамжуулах техникийн нөхцөл бүрдсэн. Булган-Мөрөн, Улаанбаатар-Дашинчилэн чиглэлийн дамжуулах сүлжээг шилэн кабелиар шинэчилж, Дашинчилэн, Хутаг-Өндөр сумд өндөр хурдны сүлжээнд хамрагдан, аймгийн төв болон зарим сумдад Скайтель, Мобиком зэрэг хөдөлгөөнт холбооны системд холбогдлоо.
7.Рашаант, Тэшиг, Булган, Гурванбулаг, Баян-Агт сумдад гадаад дотоодын жуулчдыг хүлээн авах 16 жуулчны бааз, 2 анчдын отог ажилладаг бөгөөд жилд дунджаар 7000 гаруй гэдээд дотоодын жуулчид болон амрагчдыг хүлээн авч үйлчилдэг. Түүнээс гадна Сэлэнгэ, Гурванбулаг, Хишиг-Өндөр, Хутаг-Өндөр зэрэг сумын нутагт 9 жуулчны бааз шинээр баригдахаар зөвшөөрөл авч, барилгын ажил эхлээд байна.
8.Хөгнө хаан, Жаргалант, Булган, Хантай , Авзага хайрхан, Бүрэг, Намнан, Залман , Дулаан хаан, Буурал хаан, Их, Бага Агт, Мээж зэрэг сүрлэг уулсаар явган болон морин аялал, Орхон, Сэлэнгэ, Хануй, Эгийн голоор усан аялал хөгжүүлэх өргөн боломжтой. Түүнээс гадна олон зуун жилийн уламжлалтай Хульж, Хануй, Үнэгт, Цагаан гол, Хунт зэрэг халуун, хүйтэн рашааныг түшиглэн эмчилгээ сувилгаа аялал жуулчлалыг хослуулан хөгжүүлэх боломж нөхцөл сайтай.
9. Аймгийн төвд байдаг Орон нутгийг судлах музей, Баруун замын тусгай ангийн штаб-музей, Хатанбаатар Магсаржавын дуулга хэлбэрт бунхан , хилчин баатар С.Лхагвадоржийн морьтой хөшөө, Чин ван Ханддоржийн хөшөө, тухайн үедээ Ази тивд сүрлэг томруун дурсгалын нэгэнд орж байсан”Цагаан суварга”-ын туурь, Диваажин буюу жаргалын орон гэж нэрлэгдэж байсан хиймэл уулан дээр байгуулсан бяцхан сүмийн суурь, Зүүн түрүүний голын хүн чулуу, Жаргалант зуслан зэрэг нь жуулчдын сонирхлыг их татдаг.
Эдгээр давуу талуудыг ашиглан Булган аймагт аялал жуулчлал хөгжүүлэх жуулчны баазуудыг байгалийн унаган төрхийг алдагдуулахгүй, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах үндсэн дээр хөгжүүлэх өргөн боломж бий.

No comments:

Post a Comment