аялал жуулчлал

Sunday, October 25, 2009

Говь-Алтай аймгийн уур амьсгал

Тус аймагт өндөр уулын, хуурай хээрийн, цөлөрхөг говь хээрийн уур амьсгал зонхилно. Бас чийглэгдүү хүйтэн тагийн болон дулаан говь цөлийн уур амьсгал хагас цөл нутаг хийгээд өндөр уулын оройн хэсэгт бүрэлджээ.
Өндөр уулсын хуурайдуу хүйтэвтэр уур амьсгал нь аймаг дахь Монгол Алтайн гол нуруу тухайлбал мянган Угалзтын нуруу, Бүс хайрхан, Алаг хайрхан, Хар азаргын нуруу, бурхан буудай уул зэргийн ян сарьдаг, тагаас дооших ар, өвөр хажуу, бэлийн 2000-2800 м-ийн өндөрт бүрэлджээ. Түүнчлэн аймгийн нутаг дахь Монгол Алтайн нурууны хойд салбар Сутай хайрхан, Дарвийн нуруу, Хасагт хайрхан, Хантайширын нуруу болон өмнөд салбар Бурхан буудай уулын тэрхүү хэсэгт өндөр уулын уур амьсгал төлөвшжээ. Эдгээр өндөр уулсын хуурайдуу уур амьсгалын мужийн 7 дугаар сарын ижил утгын шугам +20 хэм, 1 дүгээр сарын ижил утгын шугам -20 хэм бөгөөд дээрх нутагт жилөдээ нийлбэр дүнгээр 80-135 мм орчим хур тунадас унана.
Харин дурдан буй уулс, нуруудын 2800 м ба түүнээс дээш өндөр чийглэгдүү хүйтэн тагийн уур амьсгалын муж бүрэлджээ. Энд 7 дугаар сарын ижил утгын шугам +16 хэм, 1 дүгээр сарын ижил утгын шгум -24 хэм орчим бөгөөд жилд нийтдээ 135 мм-энэс дээш хур тунадас унадаг учир аймагтаа хамгийн чийглэг нутгууд нь юм.
Хуурай сэрүүн уулын хээрийн уур амьсгалын муж аймгийн нутгийн 1600-2000 м өндөрт орших тодруулбал, Алтайн өмнөд говийн ууландаа ойрхон бэл, хонхор, хотгор, цав толгод мөн Дарви, Хасагт хайрхан, Хантайшир, Сэрхийн уулсын хормой, бэлийн буурц хотгоруудаар /Гүзээн тээлийн буурц, Цагаан олом, гуулингийн тал, тахийн тал гэх мэт/ болон Идрэнгийн нуруу, Атас богд орчмоор бүрэлдэн тогтжээ. Уур амьсгалын энэ мужид 7 дугаар сарын ижил утгын шугам +24 хэм, 1 дүгээр сарын ижил утгын шугам -20 хэм орчим ба жилийн нийлбэр дүнгээр 48-80 гаруй мм тунадас унана.
Дулаавтар цөлөрхөг хээрийн уур амьсгалын муж Шарга, Хүйсийн говь, Монгол элсний орчим нутаг болон Бигэр, Халиун, Шалын хоолой, Алаг нуурын говь, Захуй, зармангийн говь, аймгийн хамгийн өмнөд нутаг хатан суудлын тал зэрэг нутгаар зонхилох бөгөөд энд 7 дугаар сарын ижил утгын Шугам+24 хэм илүү, 1 дүгээр сарын ижил утгын шугам -16 хэмээс доош байх ба жилийн нийлбэр дүнгээр 48мм орчим тунадас унана.
Аймгийн өмнөд болон баруун өмнөд хилийн багахан хэсэг нутаг тодруулбал, Алтайн өвөр говь бүхэлдээ, тэрчлэн Шаргын говийн төв хонхор, Захуйн говийн төв хонхорт дулаан говь цөлийн уур амьсгал бүрэлдсэн ба энд жилийн нийлбэр дүнгээр 48 мм-ээс бага хур тунадас унадаг, 7 дугаар сарын ижил утгын шугамаар авч үзвэл, аймагтаа хамгийн халуун /+30хэмээс дээш/ болдог газрууд юм.
Дээр дурдсанаас дүгнэн хэлбэл Говь-Алтай аймагт хуурай, сэрүүвтэр болон гандуу дулаан зун хийгээд хахир, хахирдуу өвөл болдог байна.
Гадаргын болон газрын доорхи ус
Говь-Алтай аймгийн нутаг нь гадаргын усны хувиарлалтаар Монгол Алтайн ар хажуу болон өвөр хажуугийн мужид багтах бөгөөд Төв азийн гадагш урсгалгүй ай савд цутгах том голын нэг Завхан гол аймгийн зүүн хойд хэсгээр Тайшир, Жаргалан сумын нутгаар баруун хойд зүг урсан өнгөрнө. Мөн энэ ай савд багтах Сутай хайрханаас эх авсан Зүйлийн гол, Хасагт хайрханаас эх авч Шаргын говьд шургадаг Гурван шарын гол, Бурхан буудай уулнаас их авч Уст Чацран, мөн энэ уулнаас эх авч Захуйн говьд очдог Сагсай гол, Төгрөг гол, Хар азаргын нуруунаас эх авсан Шаргын гол, Алаг хайрханаас эх авсан Бижийн гол, Гичгэний нуруунаас эх авч баруун хойш урсан Бигэр нуурт цутгах Мянгайн гол зэрэг Тонхил, Шарга, Халиун, Цогт, Бигэр, Бугат сумдын нутагт бий. Эдгээр гол нь гол төлөв улирлын хомсдолтой гүний болон цас мөсний усаар тэжээгддэг ба дээрх говиудын төв хэсэг болон нууруудад ил хийгээд гүний урсанцаар цутгана. Мөнх цаст Сутай хайрхан ууланд 1 мм ам дөрвөлжинд 0.11 ам дөрвөлжин км тэхцэх талбай бүхий гөлчир мөсдөл буй бөгөөд энэ нь 3855 м өндөрт орших ба жилд 296 мм-ийн хэмжээтэйгээр мөс нь хайлж байдаг онцлогтой.
Аймгийн гадаргын усны чухал төрөл болох нуураар харьцангуй баялаг бөгөөд гол төлөв техтоник хөдөлгөөний гаралтай Ихэс /шүүтэй/, Шаргын Цагаан нуур /хоолны давстай/, Сангийн далай /салхин хуримтлалын гаралтай, аймагтаа хамгийн том талбайтай /, Буур /хоолны давстай/, Тонхил/35-аас дээш хувийн эрдэсжилтэй/, Хулам, Хутаг, Алаг нуур /35-аас дээш хувийн эрдэсжилтэй/, Бигэр / хоолны давс,шүүтэй/ зэрэг нуурууд нь Дарви, Шарга, Хөхморьт, Тонхил, Чандмань, Бугат, Бигэр сумдын нутагт тус тус оршино.
Аймаг нь рашаан усны хувьд метан, азотот давсархаг ба шорвог рашааны мужид багтана. Халиун сумын Уст Чацран, Жаргалан сумын Хүнхэр зуслан зэрэг өвөрмөц бодис бүхий азотот болон янз бүрийн найрлагатай рашаан ус элбэг байдгийн зэрэгцээ Дэлгэр сумын Бор- Овооны нуур, Бигэр нуур зэргийн эмчилгээний шавар, ус, элсний шарлагыг хамтатган дурдаж болно.
Аймгийн газрын доорхи ус дунджаар1200-3200 м өндөрт урсан өнгөрөх бөгөөд нутгийн зонхилох хэсэгт 5 мм -ээс доош хэмжээний урсац байх ба нутгийн өндөр уулсын таг болон цээжин биеийн багахан хэсэг газарт 5-10мм илүү хэмжээний урсацтай аж.

No comments:

Post a Comment