аялал жуулчлал

Sunday, October 25, 2009

Хамгийн залуу галт уул Хорго


“… Монголд барагцаагаар унтарсан 400 шахам галт уул байгаагаас Дарьгангад 220 гаруй, Говьд 40-50, Хангайд 45-50, Хэнтийд 20 шахам, Соёны нуруунд 20 орчим, Алтайд 10 гаруй бий гэдэг. Эдгээрийн дотроос Хорго хамгийн залуу, дөнгөж хоёр түм орчим жилийн өмнө унтарсан уул гэнэ.

Архангай аймгийн Тариат су­мын нутагт оршдог, Хорго уулын бай­галийн үзэсгэлэнт газар нь 56 ам.км талбай бүхий нутгийг эзэлдэг. Энэхүү өвөрмөц газ­рыг 1965 онд улсын хамгаалалтад авчээ.

Энэ нутаг газар зүйн талаасаа Хангайн уулархаг дэд мужийн төвд, Тэрхийн цагаан нуурын зүүн хө­вөөнд оршдог. Далайн түвш­нээс дээш 2100-2200 метр өн­дөрт байрлах бөгөөд унтарсан галт уулсын гүнзгий өрх тогоо, бялхан гарсан хүрмэн хад цохио, ангал, хон­гил, агуй, нүх, асга хайрга, хүрмэн тавцан тэргүүтэй хоргодох газар нэн элбэг тул Хорго хэмээн нэрийдэх болсон гэдэг. Хангайн дэд мужийн ойт хээр, уулын хээр зонхилсон Хорго нутгийн зөвхөн дархан хилийн доторх ба гаднах газар зүйн иж бүрдэл нь олон янз, гайхам сонин сайхан үзэсгэлэнтэй юм.

Хоргын тогооны амсар хүрээ хөндлөөшөө 300-400 метр, өрхийн гүн 70 метр бөгөөд, дотогшоо нурж, гулссан асга ёроолдоо тунасан байдаг. Хоргын тогоо уулын баруун урд хормойдоо 10 метр диаметртэй амсар хүрээ бүхий Бор хундага гэж нэрлэгддэг жижиг хонхор бий. Хоргын тогооны баруун урд өвөрт 150х250 орчим диаметртэй 6-8 метр гүн, зууван өрхтэй 2140 метр орчим өндөртэй Тэвш хэмээх эртний унтар­сан гал уул бий. Хорго нутагт хүрмэн чулуун тавцан цөмрөн нурж, гүн ангал, хад асга үлэмж олон үүссэн байдаг ба тэдгээрийн томоох­ныг нь Их Анга, Бага Анга, Шар нохойн там, Чонын үүр гэх мэтээр нэрлэдэг.

No comments:

Post a Comment