аялал жуулчлал

Sunday, October 25, 2009

Хоёр. Аялал жуулчлал хөгжүүлэх шаардлага
Булган аймагт аялал жуулчлалын салбарыг амжилттай хөгжүүлэх нь нийгэм эдийн засгийн хөгжлийг түргэтгэх, төсвийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлж бие даан хөгжих чухал нөхцлийн нэг юм. Иймд энэ салбарыг тодорхой чиглэл, бодлогоор хөгжүүлэх явдал чухлаар шаардагдаж байна.
Аялал жуулчлалын салбарыг зөв хөгжүүлэх нь байгалийн унаган төрхийг хадгалах, экологийн тэнцвэрт байдлыг хангахад сөрөг нөлөө багатай, богино хугацаанд орлого олох, ажлын байр бий болгох боломжтой салбар юм.
Булган аймгийн газар зүйн байршил, цаг агаар, байгалийн үзэсгэлэн, түүх соёлын дурсгалт зүйл, цэнгэг ус, цэвэр агаар, ан амьтны нөөц, уламжлалт ёс заншил зэрэг нь гадаад, дотоодын аялагчид, жуулчдын хүсэл сонирхлыг илүү татдаг юм. Өөрөөр хэлбэл байгалиас заяагдмал ховор үзэсгэлэнт сайхан нутаг тул аялал жуулчлал хөгжүүлэх, жуулчны бааз байгуулах бэлэн хөрс, орлогын эх үүсвэр гэж болно.
Ийм өргөн боломж, бэлэн нөөцийг бид ухаалгаар харж, алс хэтийн чиглэл бодлоготой, зүй зохистой ашиглаж, ард иргэдийнхээ амьдралыг дээшлүүлж, орон нутгаа хөгжүүлэх явдал тулгамдсан зорилт болж байна.
Аялал жуулчлалын тухай хууль 2000 онд батлагдсаны зэрэгцээ Монгол улсын Засгийн газар аялал жуулчлалын салбарт ихээхэн ач холбогдол өгч үйл ажиллагааныхаа мөрийн хөтөлбөрт уг салбарыг тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлэх зорилт тавьж , 2003, 2004 оныг “Монголд зочлох жил “ 2005 оныг “Жуулчлал тогтвортой амьжиргаа” уриан дор Орон нутгийн аялал жуулчлалын хөгжлийг дэмжих жил болгон зарлаад байна. Мөн Булган аймгийн нийгэм эдийн засгийг 2004-2010 онд хөгжүүлэх төлөвлөгөө, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт аялал жуулчлал хөгжүүлэх талаар тодорхой тусгагдсан. Энэ бүгдээс үүдэн аймагт аялал жуулчлал хөгжүүлэх чиглэл боловсруулж ажиллах зайлшгүй шаардлага тавигдаж байна.

No comments:

Post a Comment