аялал жуулчлал

Saturday, October 31, 2009

Маркетинг нэрээр “молиго” үмхүүлсээр байх уу



Үйлдвэрлэл, үйлчилгээ, бизнесийн салбарын хамгийн чухал зүйл нь маркетинг байдаг. Хөгжлийн тодорхой үед үйлдвэрлэгчид техник технологи, капиталыг шүтэж бизнесээ явуулж байсан бол одоо бол маркетинг, менежментэд тулгуурлан үйлдвэрлэл бизнесээ эрхлэх зайлшгүй шаардлага гарсан гэж үздэг. 1900-аад оны үед Америкийн хоёр иргэн цахилгаан бараа зарахын тулд айл бүрийн хаалга тогшин бид хоёрын барааг аваач гэж хүсэлт тавьж байсан нъ дэлхий дахинд маркетингийн эхлэлийг тавьсан гэдэг. Энэ нь маркетинг ямагт хэрэглэгч рүүгээ шууд хандаж байдгийн илрэл юм. Харин манайд хэрэглэгч рүүгээ хандана гэдгийг арай л өөрөөр ойлгоод байх шиг. Сүүлийн үед бизнесийнхэн менежмент гэдэг бол иргэдийг «мэхлэх», маркетинг «молиго үмхүүлэх» гэж хошигнодог болж. Үнэндээ ч маркетингийн хөгжил манайхны хошигнодогоор «молиго үмхүүлэх» хэлбэрээр хөгжиж байна гэвэл хилсдэхгүй. Уг нь үйлчилгээ болон үйлдвэрлэлийн салбарынхан хэрэглэгчийн хүсэл сонирхлыг бүрэн Мэдсэний үндсэн дээр хэрэглэгчдэд нийцүүлэн сэтгэл ханамжийн баталгаа гаргаж өгдөг. Монголын үйлчилгээний салбарынхан «Хэрэглэгч хаан» гэсэн уриаг баримталдаг гэж ярьцгаадаг ч үнэн хэрэг дээрээ энэ бол зүгээр л тунхаг төдий байна. Хэрэглэгч хаан биш зөвхөн хууртагдах объект л болж байна. Уг нь дэлхийн нийтийн жишгээс харвал маркетингаа зөв хэрэглэвэл компани ашигтай, нэр хүндтэй хэрэглэгчид сэтгэл ханамжтай байдаг. Буруу хэрэглэвэл хэрэглэгчийг цусгүй алах зэвсэг болдог аж. Наад зах нь ажилд бүртгэж байна гэж хураамж авдаг. Дор хаяж 50 хүнээс мөнгө авлаа гэхэд нэлээд их мөнгө цугларна. Мөнгийг нь авчихаад ганцхан хүнийг л ажилд авна. Үлдсэн 49 хүнийг мөнгө, цаг хугацаа бичиг баримт бүрдүүлэлтийн алдагдсан боломжоор нь хохироогоод үлдээдэг юм. Мөн аливаа тендер зарлалаа гэж бас баахан мөнгө хураана. Хэдийгээр тендерт ялагч болж чадаагүй ч тухайн тендерт орсноор тухайн ажлыг нь бий болгож оюун ухаанаа нэмэрлэж буй хэрэг. Харин тендер зарласан байгууллага ирсэн материалыг буцааж олгохгүй нэрээр бусдын оюуны өмчийг үнэгүй ашиглаад өнгөрнө. Мөнгө боловсруулсан материалыг нь аваад тэр чигээрээ таг чиг. Энэ бол Монгол улсад маркетингийн ёс зүйгүй хэрэглэж байгаа хэрэг. Үүнээс гадна Монголд үйл ажиллагаа явуулж байгаа сүлжээний бизнесүүд маркетингийн ёс суртахууныг ёстой л улан доороо гишгэж байна. Сүлжээний бизнесээс цөөн тооны хүмүүс л тодорхой хэмжээний ашиг олдог болохоос биш хэзээ ч бүх гишүүдэд нь тэдний амалж байгаа шиг ашиг авчирж байгаагүй. Сүлжээний бизнесийн гишүүд тухайн байгууллагын бараа бүтээгдэхүүнийг борлуулж өгснийхөө төлөө хоосон хоцордог. Тухайлбал сүүлийн үед идэвхжээд байгаа сүлжээний бизнесийн нэг болох 55 мянгын сүлжээ байна. Оролцогч бүр 55 мянган төгрөг төлж байж гишүүн болно. Харин хүн элсүүлж байж хувиар цалинждаг тус сүлжээнд элсэгчид нэмэгдэх тусам сүүлд элссэн гишүүдийн хувьд эрсдэлтэй болж байгаа. 55 мянгын сүлжээнд нэлээд дээхэн элссэн танил эгч маань «одоо хүмүүс элсэх нь багасчихлаа» гэж хэлж байсан. Иргэд тус сүлжээнд элсэх сонирхол нь буурч хүн нэмэгдэх нь ховордож байгаа болохоор сүүлд элссэн хүмүүст урамшуулал гэж зүйл олдохоо больжээ. Харин түрүүлж элссэн хүмүүс л сүүлд элссэн хүмүүсийн мөнгөөр баяжиж гадаад дотоодод аялж, өндөр цалин авч хэсэг тансаглаад өнгөрөв. Ер нь туршлагаас харвал аливаа сүлжээний бизнес урт насалдаггүй аж. Тиймээс олон хүн гишүүнчлэлд өгсөн мөнгөөрөө хохироод үлдэх нь цөөнгүй. Энэ бол зөвхөн 55 мянгын сүлжээнд биш манайд үйл ажиллагаа явуулж буй ихэнхи сүлжээний бизнесийнхэнд харагддаг зүйл. Маркетингийг шууд утгаар нь ойлговол зар сурталчилгаа гэж ойлгож болно. Манай улсын зар сурталчилгааны тухай хуульд зар сурталчилгаа үнэн бодит мэдээллийг агуулсан байна гэж заасан байдаг. Харин манай үйлчилгээ болон үйлдвэрийн салбарынхан худал үгээр иргэдийг татаж байгаа нь нууц биш. Энэ мэтчилэн хэдий болтол маркетинг нэрээр иргэдийг хуурч «молиго» үмхүүлсээр байх вэ.

No comments:

Post a Comment