аялал жуулчлал

Thursday, March 25, 2010

МУЗН малчдад тусламж үзүүлж байна


МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Р.Самдандовжоор ахлуулсан баг энэ сарын 14-18-ны өдрүүдэд Говь-Алтай аймагт ажиллаж 12 сумын 295 өрхөд хүмүүнлэгийн тусламж үйлчилгээг хүргээд иржээ.

Энэ нь Олон улсын улаан загалмай улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны Гамшгийн яаралтай тусламжийн сангаас зудад нэрвэгдсэн Монголын малчдад олгосон 550 сая төгрөгийн буцалтгүй тусламжийн нэг хэсэг юм.

МУЗН болон холбогдох байгууллагуудын судалгаа, мал өвөлжилтийн мэдээг үндэслэн Говь-Алтай, Завхан, Хөвсгөл, Өвөрхангай, Архангай аймгуудын өвөлжилт хүндэрсэн сумдын 1200 малчин өрхөд тусламж олгож байна.

Дээрх хүмүүнлэгийн тусламжийн хүрээнд нэг өрхөд гурван сарын хүнсний хэрэглээний зориулалтаар 75 кг гурил, 15 кг будаа, 3 кг элсэн чихэр, 3 кг давс, 3 литр ургамлын тос, 3 ширхэг цай зэрэг хүнсний багц, мөн хүүхэд, том хүний дулаан хувцас, эсгий гутал зэрэг зүйлс малчдын гар дээр очиж байгаа аж.

Монгол Улсын баруун хязгаарын тус аймаг нь 2001 оноос хойш жил дараалан ган зудад нэрвэгдэн байгалийн хүнд хэцүү нөхцөлд амьдарч байна. Өнгөрсөн намар 2,2 сая орчим толгой мал тоолуулсан Говь-Алтай аймаг өнөөдрийн байдлаар 600 мянга орчим малаа зудад алдаж 1000 орчим айл огт малгүй болон хотоо харлуулаад байна.

Он гарснаас хойш тус аймагт төр засгийн болон байгууллага хувь хүмүүсийн хандиваар нийт 1.5 тэрбум орчим төгрөгийн тусламж хүргэсэн хэдий ч хаврын тарчиг энэ өдрүүдэд нөхцөл байдал өдрөөс өдөрт хүндэрсээр байна. Монгол оронд хаврын сар гарч урин цагийн амьсгал орж байгаа боловч баруун зүгийн уулархаг бүс нутгуудаар хүйтний эрч хасах 30 градустай, зарим газраа цасны зузаан 3 метрт хүрч байгаа аж.

No comments:

Post a Comment