аялал жуулчлал

Thursday, March 25, 2010

МАХН-ын дарга ирж, АН-ынх эмчилгээнд мордох нь ээ


МАХН-ын дарга С.Баяр өнөөдөр эх орондоо морилох гэж байна. Түүнийг ч элдэв янзын сайн, муу үйл явдал угтах нь дээ. Ядаж л хоёрхон хоногийн өмнө Сонгинохайрхан дүүргийн Хувьсгалт намын жирийн гишүүд гарын үсэг цуглуулан нам руугаа жагсч, багахан хэмжээний долдугаар сарын 1-ний үймээн дэгдээв.

Тэдний гол зорилго нь намынхаа төв аппратыг огцруулж, шинэчлэлийн салхийг сэвэлзүүлэхийг хүссэн юм байх. Түүнчлэн өнөөдөр болох бас нэг гайхалтай ч юм уу, жигтэй гэмээр цаг тооны хачин сонин давхцал бол С.Баяр даргын ирэхтэй зэрэгцээд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний Техник эдийн засгийн үндэслэлийн батлах эсэхийг шийдэх юм гэнэ.

Учир нь Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Сангийн сайд С.Баярцогт тэргүүтэй гэрээнд нэр холбогдсон хэдэн нөхөр дээгүүр, доогуур жороолоод, тэр ч бүү хэл тив алгасаж "цалингаа" хүртэл халаасалсан юм гэгч нь билээ. Нэг үгээр хэлбэл, гэрээний ТЭЗҮ-ийг батлуулах ажлаа бат араанд нь хийчихсэн дуулдана. Тэгэхээр гэрээг үзэглэх үед танхимын тэргүүн байсан эрхэм дарга хэдэн cap алс холд саатсан дүрээр шаргал ордонд саатах зуур бяцхан "сайд"-ууд ТЭЗҮ-ийг баталж баяр дээр баяр нэмэх юм биз дээ. С.Баяр дарга ч алсын зайнаас хамаг хүслээ гүйцэлдүүлдэг мундаг том "хувилгаан" хүн байжээ.

Харин Экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр намын даргынхаа зам мөрийг шаламгай сайн засч байгаа харагдана. Тэрбээр улс төрөөс гарах болоогүй гэдгээ илтгэн хувь, хувьсгалын хэвлэл мэдээллийн хэрэгслээр гэгээн дүрээ мөнхөлж, ижий аавдаа тунирхсан эрх жаалийн дүрд хээв нэг хувирч байх жишээтэй. Гэхдээ тэр дүрээ сайн бүтээсэн. Зон олон ч түүнийг нэлээд өрөвдсөн дэг шүү. Эксийн дэглэсэн улс төрийн энэ жүжгээс хамгийн сэтгэлд үлдсэн хэсэг нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой амьдралын эрхээр өндөр дээд сэнтийгээ автоматаар шахуу солино хэмээн бодож цээжний хонжоо хийж явсан үе нь гэнэ. Тэгсэн харин түүний энэ хүслийг намын дарга С.Баяр ямар ч үгийн солиогүй нугачин дарсан юм байх. Энэ тухайгаа Экс хэлэхдээ "Нэр дэвшүүлэх Бага хуралд намайг оролцуулаагүй, үг хэлүүлээгүй. Социолагийн судалгаагаар "Хэн нь ямар рейтингтэй байгаа юм бэ" гэж асуухад ч хариулаагүй. Ийм л ичмээр юм болсон. Цаанаа АН-тай наймаалцчихсан, үгсчихсэн байсан тул бодит рейтинг, үнэн дүр зургийг нуух хэрэгтэй байж л дээ" хэмээн цэнхэр дэлгэцнээ томроод авсан шүү. Харин энэ бүхэнд С.Баяр дарга ямар хариу өгч, яаж хөдлөхийг харж л байхаас.

Түүнчлэн ирэх сарын 5-нд хаврын чуулган нээлтээ хийнэ гэж байгаа. Энэ удаагийн чуулганы хугацаанд хэлэлцэх хамгийн чухал асуудал бол мэдээж Тавантолгойн ордын хувь заяаг шийдэх юм. Тиймээс С.Баяр дарга сурцтай анжгайн дадсан зангаараа тус ордод үйлс болоод ухаан бодлоо нэмэрлэхээр хаврын чуулганаас өмнө эх орондоо тухалж буй нь энэ хэмээн улс төрийн хүрээнийхэн аль хэдийн "бор шувуу" нисгээд эхэлжээ. Харин зарим нэг албаны эх сурвалж эрхэм дарга намынхаа Бага хуралд яаран сандран ирж байгааг үгүйсгэсэн. Учир нь энэ хурлаар түүний нам дахь албан тушаалын асуудал хөндөгдөхгүй аж. Гэхдээ л түүнд наана, цаана зохицуулах ажил байлгүй л яахав.

Энд нэг зүйлийг тодруулахад, Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг амралтынхаа өдрүүдийг спортоор хичээллэж, эрүүл агаарт өнгөрөөдөг нэгэн. Тэр ч утгаараа өөрийн амралтын газартаа спортын талбай байгуулж түүндээ найз нөхөд, гэр бүлийнхнээ уруу татах болсон. Харин тэрбээр өнгөрөгч амралтын өдрөөр салхинд гарч тэшүүрээр гулгаж байхдаа унаж бэртсэний улмаас хөлөө хугалсан аж. Хоёр суга таягтай ажлаа хийж явсан түүнийг эмч нар хамаагүй хөдөлж, явж болохгүй хэмээсэн бөгөөд хөлийнх нь тойгны хэсгээр бэртэл авч цууралт үүссэн гэсэн онош гарсан байна. Тэрбээр одоогоор олны хэлж заншсанаар Сайд нарын хоёрдугаар эмнэлгийн эмч нарын хяналтад байгаа гэнэ. Харин өнгөрөгч мягмар гаригт хуралдсан эмч нарын зөвлөгөөний хурлаар Тэргүүн Шадар сайд Н.Алтанхуягийг гадагшаа явж дурангийн хагалгаа хийлгэх шаардлагатай гэсэн дүгнэлт гаргажээ. Тиймээс эрхэм дарга ойрын хугацаанд гадагшаа эмчилгээнд явах юм байна. Ямартай ч МАХН-ын дарга эмчилгээ хийлгэж эх орондоо ирэхтэй зэрэгцээд Ардчилсан намын дарга зөрөөд харийн орныг зорих нь тодорхой боллоо.

No comments:

Post a Comment