аялал жуулчлал

Thursday, March 25, 2010

Солонгост суралцуулна гэсэн зар бүхэнд итгэх шаардлагагүй


“Солонгос улсад суралцуулна. Суралцангаа ажиллах боломжоор хангана. Виз гарсны дараа төлбөрөө өгч болно” гэсэн зар сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр их цацагдах болжээ. Харин энэ зар нь үнэхээр бодит байна уу гэдэг дээр өнөөдөр “Монгол Солонгосын боловсролын гүүр” байгууллагаас мэдээлэл хийлээ.

Солонгос улсын их, дээд сургуульд бакалавр, магистрт суралцах гэж байгаа хүн 6 сарын өмнө материалаа өгч тухайн сургуульдаа хандах ёстой. Хэлний бэлтгэлд суралцах гэж байгаа хүн 3 сарын өмнө бүртгүүлдэг байна. Өөрөөр хэлбэл энэ хугацаанд тухайн оюутныг сургах эсэх, сургах бол төлбөр төлөх, виз мэдүүлэх гэх мэт үйл ажиллагаа явагддаг байна. Гэтэл арванхоёрдугаар сарын 25-ны дотор бүртгүүлчих л юм бол бүх зүйл ОК болно гээд байгаа нь үнэн хэрэгтээ үгүй ажээ.

Харин хичээл нь хэзээ эхэлдэг вэ. Олон хүүхэд өрсөлддөг улсын чанартай томоохон сургуулиуд нь гурав болон есдүгээр сард хичээл нь эхэлдэг байна. Тэгэхээр энэ хугацаанаас 6 сарын өмнө тооцож материалаа явуулах учиртай.

Заасан хугацаанд материалаа өгсний дараа тухайн сургуулиас нь тэнцсэн гэх хариу нь ирэхдээ төлбөр тушаах талаар нэхэмжлэхийн хамтад нь явуулдаг байна. Ингээд та өөрийнхөө орох сургуульд төлбөрөө төлөхөд мөн танд төлбөр төлсөн баримт болон элсэн суралцах эрхийн бичгийн хамтаар явуулна. Энэ бичгийнхээ дагуу визээ мэдүүлнэ.

Энэ талаар виз мэдүүлэгчийн талаарх заавар бүхий зарлалыг Солонгосын ЭСЯ-ны үүднээс очоод уншсан ч болох юм. Энд бүтэн жилийнхээ төлбөрийг төлсөн байх ёстой гэсэн шаардлага байдаг. Гэтэл одоо явж байгаа зарууд нь гурав болон зургаан сараар төлбөрөө төлөх боломжтой мэтээр ярьж байгаа нь Солонгос улсаас тавьж байгаа шаардлагатай үл нийцэж байгаа юм.

Зараар явж байгаа бас нэг зүйл бол суралцангаа ажиллах боломж. Харамсалтай нь тус улсад суралцаж байгаа гадны орны оюутан суралцах эхний зургаан сарынхаа хугацаанд ажил хийх эрхгүй хэмээн хуулиндаа заасан байдаг ажээ. Хэрвээ энэ хугацаанд ажил хийж байгаад баригдвал шууд тухайн улс руу нь буцаадаг байна. Тиймээс сайхан үгтэй зард хууртагдаж очсон олон залуус амьдралаараа хохирох боломж байгааг анхааруулж байна.

1 comment:

  1. Үнтэй зөвөлгөө өгсөнд баярлалаа

    ReplyDelete