аялал жуулчлал

Thursday, March 25, 2010

Худалдааг санхүүжүүлэх гэрээ байгууллаа


Манай улсын арилжааны дөрвөн банк Азийн хөгжлийн банкны Худалдааны санхүүжилтийг дэмжих хөтөлбөрт нэгдэж, талууд гэрээнд гарын үсэг зурах ёслол өчигдөр боллоо. Хөгжиж байгаа орнуудын компаниудад бараа бүтээгдэхүүн импортлох, экспортлох санхүүжилтийн эрэлт хэрэгцээ их байдаг. Энэхүү эрэлт, хэрэгцээг хангах үүднээс Азийн хөгжлийн банк 2004 оноос дээрх хөтөлбөрийн улс орнуудад хэрэгжүүлж эхэлжээ. Хөтөлбөр нь зээл болон батал-гааг олон улсын банк, Азийн хөгжлийн банкны гишүүн орны банкуудтай хамтран олгох замаар олон улсын худалдааг дэмждэг юм байна.

Өөрөөр хэлбэл, хөгжиж буй орнуудын компаниуд худалдаагаа өргөжүүлэхэд дээрх санхүүжилтийг банкуудаар дамжуулан олгож дэмжлэг үзүүлэх юм. Энэ онд манай улсад 56 сая ам.долларын санхүүжилт үзүүлж байгаа аж. Уг мөнгийг "Голомт", "Хаан", "Хас", "Худалдаа хөгжлийн банк"-аар дамжуулж, худалдааны санхүүжилтийг дэмжих юм. Гарын үсэг зурах ёслолын үеэр Азийн хөгжлийн банкны Хувийн хэвшлийн үйл ажиллагааны газрын ерөнхий захирал Филип Эркиага "Олон улсын худалдааг өргөжүүлэхэд санхүүжилт маш чухал.

Хэрэв банкуудаас худалдааны санхүүжилтэд гаргах хөрөнгийн хэмжээ нэмэгдвэл компаниуд худалдааг өөрсдийн бизнесийн цар хүрээг өргөжүүлэхэд ашиглах боломж нээгдэнэ. Энэ нь улс орны эдийн засгийн өсөлтөд нөлөөлнө" гэв. Эдийн засгийн өсөлтийг дагаад ажлын байр нэмэгдэж, иргэдийн орлого өсөх давуу талтай юм. Иймээс дээрх гэрээ нь ихээхэн ач холбогдолтой аж.

Дээрх санхүүжилт нь уул уурхайн салбарт ихээхэн үр өгөөж өгөх бололцоотой гэнэ. Энэ талаар АХБ-ны Монгол Улс дахь суурийн төлөөлөгч Адрин Рутэнберг "Худалдааны санхүүжилтэд хамрагдсанаар Монголын эрдэс баялагийн компаниуд өөрсдийн бүтээгдэхүүнийг гадаадад худалдах боломж нээгдэнэ. Мөн үйлдвэрийн салбарт ажилладаг компаниудад дэмжл эг үзүүлнэ. Түүнчлэн Монгол Улс болон хөрш орнуудын хэлхээ холбоог бэхжүүлэхэд уг хөтөлбөр чухал үүрэгтэй" гэв.

Азийн хөгжлийн банк өнгөрсөн жил Балба, Пакистан зэрэг зургаан оронд хоёр тэрбум ам.долларын санхүүжилт олгожээ. Энэ онд мөнгөний хэмжээг гурван тэрбумд хүргэх аж. Хувийн хэвшлийн санхүүжилтийг татан оролцуулж, жилд нэг удаа эргэлтэд ордог учир 2013 он гэхэд хөтөлбөрт 15 тэрбум ам.долларын орлого бий болох аж.

Дашрамд дурьдахад, Азийн хөгжлийн банк нь улс орны эдийн засгийн өсөлтийг хангах, байгаль орчин ээлтэй тогтвортой хөгжлийг бий болгох замаар ядуурлыг бууруулах зорилготой ажилладаг. Тус банкинд 67 гишүүн орон бий аж. Өнгөрсөн онд 16 тэрбум ам.долларын зээл олгож, 1.11 тэрбум долларын төслийн болон 266.8 сая ам.долларын техникийн тусламж үзүүлсэн байна.

No comments:

Post a Comment