аялал жуулчлал

Thursday, March 25, 2010

Явган аялагчдад зөвлөмж

Аялалын замд...
Ачааг бэлтгэх. Ачаагаа бэлтгэж дуусаад үүргэвчинд хийхийн өмнө эргэж заавал нэг шалгаарай. Ялангуяа анх удаа аялалд явах гэж байгаа хүмүүс сэтгэл догдолсноосоо болоод аяга халбага, эмийн сан, тэмдэглэлийн дэвтэр, үзэг харандаагаа мартдаг юм шүү.
Ачаа тээшийг үүргэвчинд хийхдээ хүндийн төвийг нь тэнцүүлж, лаазтай хүнс, гурил будаа гэхчлэн аль хүндээс нь эхлэн нягт чихэж хийх хэрэгтэй. Овор ихтэй зүйлсийн хажуугаар ноосон цамц, өмд гэх мэт жижиг зүйлсийг чихэх маягтай хийнэ. Ингэснээр цүнхэн доторхи зүйлс хөдөлгөөн багатай болж, таны ачааны хүндийн жин тогтвортой болно.
Аялалын замд хэрэглэх сүх, олс, эмийн сан, засварын хэрэгсэл болон аяга зэргийг гадна талын халаасанд хийгээрэй. Зургийн хальс, шүдэнз, давс, элсэн чихэр, хуурай хүнс, бүх төрлийн хувцас зэрэг хялбар норох зүйлсийг болж өгвөл тус бүрийг нь гялгар уутанд хийж, ижил төрлөөр нь нэгтгэж давхар уутанд хийх хэрэгтэй. Аялагчийн нурууны хөлс үүргэвч нэвтэлж норгох нь бий, иймд үүргэвчний дотор талаар, мөн цас, шороо орохоос хамгаалах зорилгоор үүргэвчний аман дээр гялгар цаас хавчуулж болно. Тогоог ихэвчлэн үүргэвчний гадна талд бэхэлдэг, гэхдээ тогоон дотор зарим ачаанаас хийгээд амсрыг нь нуруун талд тааруулан үүргэвчиндээ хийж болно.
Үүргэвчинд багтаагүй овортой зүйлсийг үүргэвчний дээр тэгш хэмтэйгээр үүргэвчний тагаар даруулан бэхлэх хэрэгтэй, үүргэвчний энд тэндээс хөдөлгөөний аясаар савчих байдлаар ямарваа ачаа дүүжлэх хэрэггүй, энэ нь аялалын явцад аажимдаа ихэд ядраадаг юм.
Бүх ачаагаа үүргэвчиндээ хийж гүйцээд үүрэхэд бэлэн болсон үүргэвчийг тэгш газар тавихад аль нэг тийш унахгүй тогтвортой байвал та ачаагаа зөв ачаалжээ гэсэн үг. Эцэст нь сануулахад таны үүргэвчинд өөрийн тань хувийн ачаанаас гадна багийн ачаанаас бас орно гэдгийг тооцож хийхээ мартуузай.
Алхах. Аялалын эхний үед 20-25 минут алхаад 5 минут амарч, аажимдаа амралтгүй алхах хугацааг сунгасаар 45-50 минут алхаж, 10-15 минут амрах байдлаар аялалыг үргэлжлүүлбэл зохино. Энэ хугацаа гадаргын хэрчигдэл ба налуу, замд тохиолдох саад бэрхшээл зэргээс шалтгаалан бага зэрэг өөрчлөгдөж болох боловч хамгийн гол нь аялагчид хөдөлгөөний ритм, темпийг аль болох өөрчлөхгүйгээр, нэг хэвийн явж сурах хэрэгтэй. Зарим үед “булуу халсан” байдгаас амармааргүй, цааш яваад л баймаар санагдах нь бий, гэвч зогсолтгүй алхах хугацаа 1 цаг 30 минутаас хол давах ёсгүй гэдгийг ямагт санаж явахад илүүдэхгүй.
Ой модонд газрын баримжаа амархан алдах, төөрөх аюултай тул хүн бүр нэг нэгнээ харж явахаар цуваа байдлаар аялалыг зохион байгуулна. Аялагчид алхаж өнгөрсөн болон тэмдэгтэй онцлог газруудыг тогтоож явах нь туршлагатай аялагч болоход тустай. Ачаа тээшээ янзлах зэргээр саатан аялагчдаас хоцроход хүрвэл заавал бусдадаа мэдэгдсэний дараа 1-2 хүнтэй үлдэх хэрэгтэй. Аялагчид ч гэсэн ард хүн хоцорсон тохиолдолд их холдолгүй амарч, хүлээх нь зүйтэй.
Аялалын явцад явуут тамхи татах, өндөр өвстэй газар ил задгай гал түлэх, түлсэн галыг эзэнгүй орхих, галын нурам болон татсан тамхийг гүйцэд унтраалгүй орхихыг хориглоно. Үүнийг ялангуяа хагд өвс, шигүү мөчир, унанги, өтөг бууц, хүлэртэй газар онцгой анхаарвал зохино. Галыг бүрэн унтраасны баталгаа болгож цаас болон даавууг чулуугаар даруулж тавьж заншаарай.
Аялагчид зохих зөвшөөрөлгүй буюу бичиг баримтгүй буу зэвсэг авч явах, хутга, шөвөг, сэрээ, хадаас, загасны дэгээ зэрэг хатгах, сүлбэх эд зүйлсийг даавуун уут шуудайд агуулан явахыг хориглоно.
Уулын эгц хажуу өөд авирахдаа бие биетэйгээ ойрхон явж болохгүй, хад чулуу нурах, унахаас сэргийлэн зохих зай барьж явах хэрэгтэй. Мөн сул, хөдөлгөөнтэй хад чулуу, унанги мод тохиолдох, чулуу унах ба нурах, модны мөчир харвах болзошгүй үед ар арын аялагчиддаа сануулан хэлж, анхааруулах хэрэгтэй.

No comments:

Post a Comment