аялал жуулчлал

Friday, December 18, 2009

Цэцэг - Валентины баярын хамгийн сайхан бэлэг

Гэгээн Валентины баярын хамгийн сайхан бэлэг бол мэдээж цэцэг. Монголчуудын хувьд баяр ёслолоос бусад үед тэр бүр цэцэг бэлэглэж заншаагүй ч ямартай ч цэцгийн сайхан баглаа чухал гэдгийг үнэлдэг. Танд дурлалт хосуудын өдрөөр болон ер нь цэцгийн баглаа бэлтгэж сурахад чинь зориулж зарим зүйлийг зөвлөе.

Та хүнд цэцгийн баглаа өгөхдөө дотор нь дотно сайхан үгтэй бяцхан зурвас хийж өгвөл өгсөн бэлэг тань удаан хугацаагаар дурсагдах болно. Та хэнд, ямар шалтгаанаар, эсвэл ямар үйл явдалд зориулж өгч байгаагаас тань хамаарч цэцгийн нэр, төрөл, өнгө, тоо, тэр байтугай баглаа боодол нь хүртэл ялгаатай байдаг. Бид үүнийг тэр бүр анхаардаггүй шүү дээ. Тэгвэл бэлэг өгөх соёл өндөр хөгжсөн улс орнуудад энэ бол тун чухал зүйл.

Гэгээн Валентины баяраар бэлэглэх цэцэг нь мэдээж хайр дурлалын бэлэг тэмдэг болсон улаан сарнай. Залуу хүмүүсийн бие биедээ өгөх цэцгийн баглаа нь гоёмсог хослол бүхий тод өнгөнүүдээс бүрдсэн байх нь чухал.
Залуу эр дурлалт бүсгүйдээ өгөх цэцгээ сайн бодож сонгоход илүүдэхгүй. Хайр сэтгэлийн илэрхийлэл болгож улаан сарнай, улаан алтан зул цэцгээр баглаа бэлтгэдэг. Цэцгийн мэргэжилтнүүд баглааг бэлтгэж байхдаа цэцгийн толгой нь босоо байна уу, унжсан байна уу гэдгийг их анхаардаг байна. Учир нь налж унжсан толгойтой цэцэг өөртөө итгэлгүй, тухайн асуудалд бэлэн биш байгаа хүний шинжийг илтгэдэг бол эгц, босоо толгойтой цэцэг нь уг хүнийг хэлсэн, зорьсондоо чин сэтгэлээсээ итгэлтэй, зоримог хандаж байгаагийн илэрхийлэл гэж үздэг ажээ. Харин цэцгийн толгой, хонхорцгийг доош нь харуулан бэлтгэсэн баглаа эсрэг утгыг илэрхийлнэ. Хэрвээ уруу харуулан боосон алтан зул юм уу нарцисс бэлэглэвэл “Бидний хоорондын харьцаа нэгэнт дууссан. Одоо би чамд хайргүй” гэсэн утгатай.

Францчууд шар сарнайг хуурамч явдал, мэхлэлтийн билэг тэмдэг гэдэг. Шар өнгөтэй цэцэгсээс хамгийн сайхан утгыг илэрхийлдэг цэцэг бол гоёлын буюу таримал /бэлгийн/ наранцэцэг юм. Ганц ширхэг, том гоё наранцэцгийг залуу тань танд бэлэглэвэл “Чи миний цорын ганц хайртай хүн, чи миний хувьд нар минь юм шүү…” гэсэн утгатай гэнэ.

Ер нь тухайн цэцэг сэтгэлийг тань илэрхийлэхээс гадна өгч буй хүнд чинь таалагддаг, түүний дуртай цэцэг нь байх хэрэгтэй. Учир нь цэцгийн баглаагаар дамжуулан уур хорслыг ч илэрхийлж болдог. Жишээ нь, цагаан сараана болон хөвсгөр лиш цэцэг дангаараа хүний дотоод гоо сайхан, авъяас билгийг нь хүндэтгэж байгаагийн илрэл болдог мөртөө ийм баглаан дээр үнэрт өвс юм уу шимтэглэй нэмсэн байвал та тухайн хүнд “Би таныг гаднаа гяланцаг, дотроо паланцаг” гэдгийг мэдлээ гэж хэлж байгаа хэрэг гэнэ. Өөрөөр хэлбэл гаднаасаа өөгүй сайхан мэт гял цал харагддаг ч сэтгэлийн буюу дотоод гоо сайхан нь үгүй хүнд цагаан сараана ба үнэрт өвсний холимог баглаа өгч болно гэсэн үг.

Мэргэжлийн стил, имидж бүрдүүлэгчид, алдартай загварын сэтгүүлийн зурагчид сайхан бүсгүйчүүдийн зургийг авахдаа тэдний үс болон нүдний өнгөөр цэцгээ сонгодог ажээ. Тэд зураг авалтанд орж байгаа бүсгүй нь хар үстэй бол түүний гарт час улаан сарнай, мандарваа, хурц тод өнгийн цахирмаа болон башир цэцэг бариулдаг. Час улаан цэцэгс нь хар үстэй бүсгүйг улам дур булаам харагдуулдаг байна. Хэрэв бүсгүй цайвар шаргал үстэй бол бүх зүйл эсрэгээр. Түүнтэй зөөлөн ягаан, цагаан, цайвар шар өнгийн цэцэгс илүү зохицоно. Сарнай, цээнэ эсвэл цахирмаа ер нь ямар ч цэцэг байх нь хамаагүй. Гол нь цэцэгс хурц тод өнгөгүй, амраг бүсгүйн чинь анхаарлыг сарниулахааргүй байх хэрэгтэй. Цайвар шаргал үст бүсгүйн гарт тод улаан эсвэл шаргал өнгийн цэцэгс байх нь зохимжгүй харагддаг байна. Харин хүрэн үстэй бүсгүйчүүдэд тал газар ургадаг жирийн болон зэрлэг цэцэгс илүү их таалагддаг гэнэ.

No comments:

Post a Comment