аялал жуулчлал

Tuesday, December 8, 2009

Чөтгөрийн тарга /Хошин өгүүллэг/

Лхагва бид хоёр нэг дор ажилладаг байлаа. Би тасгийн эмч. Тэр гэрлийн техникч. Ёстой л таарсан хоёр гэж хэлж болно. Төсвийн хэдээрээ л бор ходоод, гэр орноо борлуулдаг байв.

Үдийн цайны үеэр би гурав, тэр хоёр хуушуур авч иднэ. Хаа газрын гуанзанд хамгийн хямдхан нь хуушуур байдаг шүү дээ. Би нэг хуушуур илүү иддэгийн учир нь манай авгай цэцэрлэгийн багш, тэдний авгай ажилгүйтэй холбоотой байлаа. Өмсдөг хувцас гэвэл Эрээний л хамгийн хямдханыг хамна шүү дээ. Заримдаа хоёулаа нийлж байгаад шил архи аваад уучихна. Гэхдээ цалингаасаа хумсалж авгай хүүхдийнхээ хоолны мөнгөнд хуруу дүрсэн удаа үгүй. Би жижүүрийн эмч хийн Лхагвад халтуурын ажил олдвол дунд минь нэг шил юм байжбайх ньтэр. Лхагва жаахан халамцахаараа: -Энэ муусайн дарга нарыг яая даа. Улсын хөрөнгө идэж гэдэс нь хагарах гэж байгааг хараач. Бүгдээрээ л цүдийсэн гэдэстэй гэж бухимдана.
-Бид нараас сайндаа л арав гаруй мянган төгрөгийн илүү цалинтай юм байна лээ шүү дээ
Өөрөөр хэлбэл сардаа хагас шуудай гурил л илүү иднэ гэсэн үг гэж тайтгаруулахад:
-Хагас шуудай гурил илүү идсэний төлөө голийтлоо таргална гэж байхгүй хэмээн уурлана.
Лхагва өөрөө бол чухам ясан дээр арьс нөмөргөсөн гэмээр туранхай. Цамцаа тайлбал хавирганы нь яс хэрзийн харагдах тул хичнээн ч халуун байсан ноосон цамцнаас салахгүй.
Өөрөө үүнээсээ их зовно.
-Яавал жаахан таргалах вэ? хүмүүс намайг хоол унд муутай турж үхэх гэж байгаа амьтан гэж бодох вий дээ хэмээн санаа зовно.
Би эмч хүний хувьд туслахыг их хичээсэн билээ
Мяраалуулдаг эм уугаад ч тус болсонгүй. Зуун граммыг хонинд тарихад таван кг жин нэмдэг тариа хийгээд ч нэмэр болсонгүй . Хар будаа сайн гэхээр нь нэлээдийг идүүлсэн боловч хэвээрээ л байлаа. Гэтэл сонгууль болж засаг төр солигдов. Лухайсан хүзүүтэй, торх шиг гэдэстэй хуучин дарга нар огцорч годойсон шинэ хүмүүс оронд нь очлоо. Лхагвын хувьд ч санаандгүй юм боллоо. Жагсаал цуглаан бараадаж, дагаж гүйж, зарим дээр нь цаасан дээр бичүүлж авсан үг уншиж байсны хэрэг гарлаа. Нэгэн агентлагийн даргаар томилогдчих нь тэр. Надтай зэрэгцэн хоёр зээрдээрээ сажлуулахаа больж машин уналаа. Бид хоёр уулзалдахаа ч болив. Гэтэл жил илүү болсны дараа намайг нэг өдөр дуудах нь тэр. Би очиж өрөөнийх нь хаалгыг татаад золтой л дуу алдсангүй. Хацар нь цулцайчихсан, гэдэс нь бөмбийчихсөн амьтан балхалзаад сууж байлаа.
-Чамаас гуйх хүсэлт их байна. Би таргалаад болохоо байлаа. Хүмүүс намайг өмч хөрөнгө идэж байна гэж хардаад байх шиг байна. Яаж турах вэ? гэж царайчлав.
-Их хоол идээд байгаа юм байлгүй.
-Чамаас би арав гаруйхан мянган төгрөгийн илүү цалинтай. Чиний хэлдгээр хагас шуудай гурил төдий. Бүгдий нь идлээ гэхэд ингэж таргалах уу даа гэж над уруу муухай харав. Тэр турах гэж телевизээр сурталчлаад байгаа цай май есөн жорын л юм хэрэглэжээ. Би дээр нь нэмж загвар өмсөгч бүсгүйчүүдийн биеийн галбираа хадгалахад хэрэглэдэг эм өглөө.
Болсонгүй. Тамирчдын жингээ хасах аргаар ууранд суулгаж, дасгал хийлгэж үзээд турааж дийлсэнгүй. Чөтгөрийн тарга л гэж ийм байдаг бололтой.

No comments:

Post a Comment