аялал жуулчлал

Monday, November 16, 2009

Дэлхийн тавцанд гарах боломж Монголчуудад бий юу?



Дэлхийн тавцанд гарах боломж Монголчуудад бий юу?
Энэ асуултад хэрхэн хариулахаас Монгол Улсын цаашдын хөгжил, Монгол түмний хувь заяа хамаарна гэвэл хэтрүүлэг болохгүй биз ээ.

Аливаа улс орны иргэдийн 90 хувь нь бүжиглэж, архидаж, хайр дурлалын мананд умбан наргиж цэнгэж байхад дөнгөж 10 хувь нь л улс орноо өөд татан авч явдаг гэх үг байдаг. Энэ үг Монголчуудын хувьд үнэний ортой ч байж болох, үгүй ч байж мэдэх. Хэргийн учир тоо, хувь хэмжээнд биш, гагцхүү агуулгад нь байгаа хэрэг. Үнэхээр Монголчуудад дэлхийн тавцанд гарах боломж бий юу? Нэртэй эдийн засагчид, гадаад, дотоодын нэр хүндтэй байгууллагууд ийм боломж байгааг огт үгүйсгэхгүй байна. Хойд Солонгос шиг хумсны хутганаас өгсүүлээд Америкийн баруун эрэг хүрэх тусгалтай пуужин хүртэл бүх зүйлээ өөрсдөө үйлдвэрлэснээр дэлхийн тавцанд гарна гэдэг өнөөгийн даяаршсан ертөнцөд боломжгүй мөрөөдөл гэж шинжээчид санал нэгтэй дүгнэж байгаа билээ.

Тэгэхээр Монголчууд юм юм руу үсчээд байх шаардлага байхгүй гэсэн үг. Зөвхөн бидэнд бусдаас давуу ямар зүйл байна, түүнийгээ түшиглэж байж л сая үр дүнд хүрэх учиртай болж байна.

Тэгвэл бусдаас илүү юу бидэнд байна вэ? Хуруу дараад тоолбол олон бий. Наад зах нь өвөг дээдсээс өвлөн үлдсэн өргөн уудам газар нутаг. Хангай, говь, тал хээр хосолсон энэ их нутаг элдэв зүйлийн ашигт малтмал, байгалийн баялгаар даанч арвин. Түүнийгээ үр дүнтэй ашиглавал цөөхөн Монголчуудыг хэдэн мянган жил тэжээх нөөц бий.

Чухам иймээс л харийнхан биднийг "алт сандайлсан гуйлгачингууд" гээд байдаг юм шүү дээ.
Харин саяхнаас л тэрхүү алтаа сандлын зориулалтаар биш, хөгжил дэвшил, өрсөлдөх чадварынхаа хөшүүрэг болгож ашиглахаар сэтгэл шулуудлаа. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэсний хамгийн чухал ач холбогдол нь магадгүй Монголчуудыг "алтан дээр суусан гуйлгачин" гэдэг хоч нэр, увайгүй доромжлолоос эгнэгт салгасанд оршиж байж ч мэдэх юм.

Гэрээнд гарын үсэг зурснаас хойш 10-аадхан хоногийн дараа Монгол Улсын төрийн сангийн дансанд 100 сая "ногоон" буюу 142 тэрбум төгрөг орж ирэв. Ганцхан өдрийн дотор ийм их мөнгө орж ирсэн тохиолдол Монголын түүхэнд урьд өмнө байсангүй. Монголчууд хөрөнгө оруулагчдаас дахиад 150 саяыг авах учиртай. Одоо харин энэ их мөнгөө юунд чухам ямар арга хувилбараар зарцуулах вэ, ингэснээр ямар дэвшил, үр дүнд хүрэх вэ гэдгээ сайтар тооцоолох л үлдэж байна. Ёстой л долоо хэмжиж, нэг огтол гэдгийг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлэх хариуцлагатай цаг тулж ирээд байна.

Оюутолгойн гэрээг баталснаар Монголд хөрөнгө оруулах зам дээр тээглээд байсан бул хар чулууг авч хаяж чадав. Ингэснээр дэлхийд нэртэй шилдэг компаниудын Монголд ирэх замыг засч, Монгол Улсын олон улсын тавцан дахь нэр хүнд, имижийг үлэмж өсгөлөө. Үүнтэй маргах хүн гарахгүй байх аа.

Монгол Улсын төр, засгийн шийдэмгий шийдвэрт талархсан хөрөнгө оруулагчид одоо Тавантолгойг урьдаас илүүтэй сонирхох болов. 4.5 тэрбум тонн нүүрсний нөөцтэй/ түүнийх нь бараг тал хувь нь коксжих нүүрс/, борлуулалтынх нийт үнэ 370 тэрбум ам.доллар гээд бодохоор ийн сонирхох нь ч аргагүй биз. Зөвхөн хоёр толгойн хувьд л энэ шүү дээ. Цаана нь хэчнээн толгой бий билээ. Стратегийн гэж томъёолсон 15 орд бий. Үндэсний аюулгүй байдалтай салшгүй холбоотой, улсын болон бүс нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөхүйц хэмжээний, эсвэл жилд дотоодын нийт бүтээгдэхүүний таваас багагүй хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой ордыг стратегийн гэж нэрлэдэг.

Энэ шалгуураар авч үзвэл, Тавантолгой /Өмнөговийн Цогтцэций/-н нүүрс, Нарийн сухайт /Өмнөговийн Гурвантэс/-ын нүүрс, Багануурын хүрэн нүүрс, Оюутолгой /Өмнөговийн Ханбогд/-н зэс, Шивээ-Овоо /Говьсүмбэр/ дахь хүрэн нүүрс, Мардай, Гурванбулаг /Дорнодын Дашбалбар/-ийн уран, Төмөртэй /Сэлэнгийн Хүдэр/-н төмрийн хүдэр, Эрдэнэт /Орхоны Баян-Өндөр/-ийн зэс, молибден, Бүрэнхаан /Хөвсгөлийн Алаг-Эрдэнэ/-ын фосфорит, Бороо /Сэлэнгийн Баянгол/-ийн алт, Төмөртэйн овоо /Сүхбаатарын Сүхбаатар/-ны цайр, хар тугалга, Асгат /Баян-Өлгийн Ногооннуур/-ын мөнгөний гэсэн нэр бүхий 15 орд байгаа юм.

Зөвхөн Асгатын ордыг аваад үзье. Уг орд 25 сая тонн хүдэртэй, 7000 орчим тонн мөнгөний нөөцтэй, үүнээс 2500 гаруй тонн мөнгө агуулсан 8.2 сая тонн хүдрийг бэлэн болгосон гэх.

Дан ганц мал аж ахуйн бүтээгдэхүүн, түүхий эдээр хол явахгүй нь нэгэнт тодорхой болов. Хэдэн жилийн өмнө 40 мянган төгрөгт хүрч байсан ноолуур өнөөдөр дөнгөн данган 20 мянгатай байна. Ханшийн уналтыг нэмээд тооцвол даанч дээ гэмээр үнэгүйджээ. Хонины нэхий ганц талхны үнэд ч хүрзхээ байж, сүү, цагаан идээ, ноос, хялгас, хөөвөр, үхэр, адууны ширний үнэ навс унав. Max салам хямдарлаа. Уг нь Монгол Улс жилд 1.2 сая орчим
үхрийн шир, 5.7 сая хонины арьс, 4800-5800 тонн ноолуур бэлтгэдэг. Нэг үе Монголын ноолуур чанараараа дэлхийд ноёлдог байлаа. Одоо тэр байр сууриа Хятадуудад алдчихаад байна. Үүнийгээ өөд нь татвал бас ч гэж чамлахааргүй үр дүнд хүрнэ.

Хэдийгээр далайд гарцгүй боловч манай орон газар зүйн байршлын хувьд тун муугүй. Дэлхийд эдийн засгийнхаа хүч чадлаар гуравдугаарт ордог Хятад, долоод бичигддэг ОХУ хоёр талд маань налайж байна. Хоёр их гүрний хооронд манайх шиг гүүр болох хувь тавилан дэлхийн бөмбөрцөг дээрх 200 гаруй улсын нэгэнд нь ч олдоогүй гэвэл дэгсдүүлсэн болохгүй байх.

XXI зууныг Хятадынх болно гэдгийг одоо дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрөх болжээ. Бодит байдал ч үүнийг хорвоо дээрх зургаан тэрбум хүнд батлан харуулж байна. Дэлхий дахиныг хамарсан энэ их хямралын үед урд хөршийн эдийн засаг л бусдаас ахиу өсч байна шүү дээ. 2015 он гэхэд хойд хөрш маань ЗСБНХУ оршин тогтнож байсан үеийнх шиг хүчирхэгжинэ гэж судлаачид үзэж байна.

Хөрөнгө оруулагчдыг соронзон мэт татах энэ хоёр том зах зээлийг хамгийн үр дүнтэй ашиглах боломж манай улсад л илүүтэй бий. Гагцхүү толгойгоо ажиллуулах л хэрэгтэй. Адгийн наад зах нь олон жил яриад ямар ч үр дүнд хүрээгүй Замын-Үүд, Чойр, Алтанбулаг, Цагааннуурын чөлөөт бүсдээ ахиухан хөрөнгө оруулж, жинхэнэ чөлөөт бүсийн статус, утгаар нь ажиллуулмаар байна.

Банкны салбараа өөд татах юмсан. Учир гэвэл, банк бол итгэлийн байгууллага. Итгэлгүй бол тэгээд л дуусаа. Хувь тавилан нь тэр юм. Нэг үе овоо тогтнож зүгширч байсан Монголын банкны салбар сүүлийн үед зэсээ цухуйлгаж эхлээд байна. "Хадгаламж"-ийн ерөнхий нягтлан бодогч банкныхаа 14 тэрбум төгрөгөөр Сөүлд казинодсон, хувь нийлүүлэгчид нь их хэмжээгээр авсан зээлээ төлөлгүй луу унжсанаас "Анод" дампуурсан, алдагдлаа багасгах үүднээс "Монгол шуудан" өөр банктай нэгдсэн гээд хар толбо цөөнгүй бий боллоо.

Сүүлийн үед зээл олгодог, санхүүгийн чадвартай банк ч олдохоо байсан нь нууц биш. Үүнээс болоод иргэдийн худалдан авах чадвар эрс доройтов. Барьсан орон сууцыг худалдан авах бэл бэнчинтэй хүн олдохгүй байгаа нь үүний тод жишээ юм. Яг ийм эмгэнэлт явдал Казахстанд болсон гэдэг. Тэндхийн банкууд 120-130 тэрбум ам.долларын зээл олгож, барилгын компаниуд баахан орон сууц барьжээ.

Энэ үед Алма-Атад нэг ам метр талбайн ханш 10 мянган "ногоон"-д хүрчээ. Гэтэл эдийн засагт халалт үүссэний уршгаар 2008 он гэхэд орон сууцны үнэ 60 хувиар буурсан гэдэг. Барилгын компаниуд банкны зээлээ төлж чадахгүйд хүрэв. Аргагүй хүнд хэцүү энэ үед төр өнөөх орон сууцыг нь худалдан авсан байна. Манайд одоо яг ийм байдал бий болчихоод байгаа шүү дээ. 4000 гаруй орон сууцаа яаж ч чадахгүй байна гэж барилгачид гомдоллож, тэр ч байтугай Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хүртэл илүүдэл орон сууц худалдан авч бидний санааг амраагаач гэх хүсэлт тавьчихаад харж сууна.

Байгаа нөөц бололцоо, давуу талаа сайтар ашиглаж, зөв бодлого баримталбал эдийн засгийн чадавхиа дээшлүүлж, дэлхийн тавцанд гарах боломж монголчуудад байна. Ингэхийн тулд хамгийн гол нь, эдийн засагт эрх чөлөө олгомоор байна.

Монгол хүмүүс эрх чөлөөтэй болсон атлаа эдийн засаг нь чөдөртэй байх шиг санагдаад байх чинь. Канадын нэр хүнд бүхий Фрэзерийн хүрээлэнгээс саяхан улс орнуудын эдийн засгийн эрх чөлөөний тухай судалгааны дүнг олон нийтэд толилууллаа. Энэ жагсаалтад Монгол Улс 141 орноос 63 дугаарт оржээ. Энэ нь өмнөх оныхоосоо даруй 20-иор ухарсан үзүүлэлт юм. Эдийн засгийн эрх чөлөөний тулгуур үзүүлэлт нь хувь хүний сонголт, сайн дурын солилцоо, өрсөлдөх эрх чөлөө, хувийн өмчийн аюулгүй байдал юм. Гэтэл бид урагшаа биш хойшоо "хөгжөөд" байдаг нь гачлантайяа.

No comments:

Post a Comment