аялал жуулчлал

Friday, November 13, 2009

Банкны хуурамч картаар есөн саяыг хулгайлжээ


АНУ-ын засаг захиргаа банкны хуурамч карт ашиглан ес гаруй сая ам.доллар хулгайлсан Орос, Эстони, Молдавын бүлэг этгээдүүдийг илрүүлжээ. Энэ тухай АНУ-ын Хууль зүй яамнаас мэдээлж байна.



Таллины Сергей Цуриков, Санкт-Петербургийн Виктор Плещук, Кишинёвын Олег Ковелин болон хэргийн материалд "хакер 3" гэж нэрлэсэн этгээд Атланта дахь "RBS WorldPay" банкны компьютерийн сүлжээнд хууль бусаар нэвтэрчээ. Мөн Таллинаас ирсэн Игорь Грудижев, Рональд Цой, Эвелин Цой, Михаил Евгенов нар хуурамч карт ашигласан хэрэгт буруутгагдаж байна.

Гэмт этгээдүүд банкны аюулгүй байдлын системийг эвдлэн, банкны үйлчлүүлэгчдийн цалин ордог дансны картад нэвтрэх өгөгдлийг авч чаджээ. Ингэснээр тэд 44 картны зээлийн хязгаарыг ихээхэн хэмжээгээр өсгөсөн аж. Үүний дараа гэмт этгээдүүд 2008 оны арваннэгдүгээр сард 12 цагийн дотор дэлхийн өнцөг булан бүрд байрлуулсан мөнгөний машинаас хуурамч карт ашиглан есөн сая гаруй ам.доллар бэлнээр авчээ. Тэд АНУ, Украин, Орос, Эстони, Итали, Японы зэрэг улсын 280 гаруй хотоос мөнгөө авсан байна.


Гэмт этгээдүүд хэдийгээр үйлдлээ нуун дарагдуулахыг хичээсэн ч "RBS WorldPay" банкны ажилтнууд хууль бус ажиллагааг анзаарч чаджээ. Улс орнуудын хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагааны үр дүнд гэмт бүлэглэлийг илрүүллээ. Эстонийн цагдаа нар Цуриков, Евгенов, Рональд болон Эвелин Цой нарыг баривчилсан байна. Цуриковыг АНУ-д шилжүүлэн өгөх асуудал яригдаж байгаа аж. Цуриков, Плещук, "хакер 3" нарыг 16 зүйл ангиар буруутгаж 20 хүртэлх жилээр шоронд хорих ял хүлээж байна. Бусад гишүүнд 15 хүртэлх жилийн хорих ял, 250 мянган ам.долларын торгууль ногдуулах бололтой. Үүнээс гадна 9.4 сая ам.долларын хохирлыг нөхөн төлүүлэх аж.

Жоржи мужийн тойргийн прокурор Салли Куиллиан энэхүү бүлгийг илрүүлсэн нь дэлхийн компьютерийн гэмт хэрэгтнүүдийн хамгийн төгс байгууллагын нэгийг дарсан явдал боллоо хэмээн дүгнэж байна.

Үүнээс өмнө энэ оны наймдугаар сарын 17-нд Нью-Жерси мужийн Холбооны прокурор Маймигийн оршин суугч Альберт Гонсалес гэгчийг 130 сая зээлийн болон тооцооны картын мэдээллийг хулгайлсан хэрэгт буруутай хэмээн ялласан. Мөрдлөгийн явцад тэрбээр Америкийн супермаркетийн сүлжээ "7-Еleven", "Наnnaford Brothers" болон төлбөрийн оператор "Неаrtland Payment Systems"-ийн сүлжээг эвдлэн мэдээлэл авсныг тогтоожээ.

No comments:

Post a Comment