аялал жуулчлал

Friday, November 13, 2009

Буу зохион бүтээгч Михаил Калашников энэ сарын 11-нд 90 нас хүрэв


Буу зохион бүтээгч Михаил Калашников энэ сарын 11-нд 90 нас хүрэв. Дөнгөж есдүгээр анги төгссөн зөвлөлтийн тосгоны залуу ХХ зууны шилдэг зэвсэг гэгддэг АК-47 автомат бууг 27 настайдаа зохион бүтээжээ.


Дэлхий даяар нэрийг нь мэдэх автомат бууны түүхээс уншигчиддаа 20 баримт сонирхуулъя.

1.Михаил Калашников автомат буу бүтээсний учир 1947 онд Сталины нэгдүгээр зэргийн шагнал, Улаан тугийн одонгоор шагнуулав. Мөнгөн шагнал нь 150 мянган рубль байжээ.  Энэ мөнгөөр бараг арван “Победа” машин худалдаж авч болох байв /Тэр үед энэ машин 16 мянган рублийн үнэтэй байжээ/.

2.Автомат бууг 1949 онд зэвсэглэлд авчээ. Бууны албан ёсны нэр нь “1947 онд үйлдвэрлэсэн Калашниковын 7,62 мм-ийн автомат /АК-47/. Энэ бууг бас зүгээр л “Калаш” гэдэг. Бууных нь гол чанар “энгийн, найдвартай байдал” гэж зохион бүтээгч ярьжээ. “Би автомат буу бүтээхдээ түрүүч байсан болохоор  цэрэг хүн академи төгсдөггүйг ямагт санадаг байсан” гэж Калашников ярьж байна.

3.Зөвлөлтийн үед Калашниковын автоматыг угсарч, задлах хичээл цэргийн анхан шатны бэлтгэлийн хичээлд ордог байв.

4.Калашниковын автомат үйлдвэрлэхэд хялбар учир их үнэтэй биш. Зарим оронд тахианы махнаас хямд.

5.Foreign Policy сэтгүүлд бичснээр, “хар зах” дээр нэг автомат бууны үнэ Афганистанд 10 доллараас Энэтхэгт 3800 долларын хооронд хэлбэлздэг юм. АНУ-д Калашниковын автоматыг 70-350 доллараар худалдаж авч болно.

6.Калашниковын автомат дэлхийд хамгийн их тархсан бууны хувиар “Гиннесийн дээд амжилтын номонд” бүртгүүлжээ. Одоо дэлхийд 100 сая орчим АК байдаг. Энэ нь манай гарагийн насанд хүрсэн 60 хүн тутамд нэг автомат оногдоно гэсэн үг юм.

7.Калашниковын автомат буу 160 орны арми, тусгай ангийн зэвсэглэлд байна. Оросын армийн зэвсэглэлд Калашниковын буу орсоор 60 жил болж байна.

8.Зарим улсын сүлдэд Калашниковын автоматыг зуржээ. Одоо Калашниковын автомат африкийн Зимбабве орны сүлдэд /1980 оноос/, Мозамбикийн сүлд, далбаанд /1975 оноос/, Азийн зүүн Тимор улсын сүлдэд байна. АК-г 1984-1997 онд африкийн Буркина-Фасо улсын сүлдэд дүрсэлсэн байв. Түүнээс гадна Конго улсын сүлдэд автомат буу оруулахаар төлөвлөж байна. АК-г Ливаны “Хезболл” бүлгийн онцлох тэмдэгт дүрсэлсэн байдаг.

9.Африкийн зарим оронд шинэ төрсөн хүүхдэд Калашниковын автоматыг хүндэтгэн Калаш гэсэн нэр өгдөг.

10.Калашниковын алдартай автомат буу үйлдвэрлэдэг Ижевск хотын уугуул, оросын сагсан бөмбөгчин Андрей Кириленко АНУ-д NBA - д “Юта Жаз”-ын төлөө 47 дугаартай тоглосон учир  АК-47 хочтой болжээ.

11.Египетэд Синайн хойгийн эрэгт Калашниковын автомат бууны хөшөө барьжээ. Иракт АК-ны хүхээний хэлбэртэй цамхаг бүхий лалын сүм байдаг.

12.Иракийн Ерөнхийлөгч агсан Саддам Хусейнд бүтээлийг нь өөрчилсөн алтадсан АК байжээ.

13.“Толгой террорист” Усама бен Ладены дүрс бичлэгийн олон уриалгын цаад талд АК-47 байдаг.

14.ОХУ-ын Төв банк Орос улсын бүрэлдүүнд Удмурт улс орсны 450 жилийн ойгоор Калашниковын автоматын дүрстэй зоос гаргажээ.

15.Шинэ Зеландид бууны 60 жилийн ойгоор АК-47 сийлсэн Шинэ Зеландын хоёр долларын зоос цутгасан байна.

16.ХХ зууны эцсээр Францын “Либерасьон” сэтгүүлд Калашниковын автоматыг зууны бүтээл гэж бичжээ. Алдарт буу атомын бөмбөг, сансрын технологийн өмнө орсон байна.

17.2004 онд “Плейбой” сэтгүүл Калашниковын автоматыг “дэлхийг өөрчилсөн 50 бүтээгдэхүүний” нэг гээд, түүнийг  Apple Macintosh компьютер, жирэмснээс сэргийлэх эм, дүрс бичлэгийн Sony Betamax магнитфоны ард оруулжээ.

18.Калашниковын аль нэг загварын автомат буу нь компьютерийн тоглоомд хамгийн их тархсан буу юм. АК бараг бүх 3D - “буудлагад” бий.

19.Их бууны гал, нисэх онгоцны бөмбөгдөлт, пуужин харвахад өртснөөс хавьгүй олон хүнийг Калашниковын автомат буугаар алсан гэдэг. АК-гийн суманд жил бүр 250 мянган хүн алагдаж байна.

20.Оросын домогт буу зохион бүтээгч Михаил Калашников насан туршдаа буу бүтээхдээ хүн алах гэж биш, харин хамгаалах гэж бүтээснээ ярьж байна. “Би цаг ямагт хамгаалах буу бүтээж байсан болохоор тайван унтаж амардаг. Харин улс төрчид л тохиролцож чадалгүй, бууг хүн алах зорилгоор ашигладаг” гэж тэрбээр ярьжээ.

No comments:

Post a Comment