аялал жуулчлал

Sunday, May 23, 2010

Америк тивд анх хөл тавьсан викингчүүд

Мянга гаруй жилийн тэртээ Европын хойд зүгт аж амьдралаа далай тэнгистэй холбосон ард олон амьдардаг байжээ. Тэд өөрсдийгөө Викинг гэж нэрлэжээ. Тэдний амьдардаг газар нутаг нь үржил муутай байснаас амьдрах арга замаа газрын хөрснөөс бус далайгаас хайжээ. Зоригтой, өрөвч сэтгэлгүй далайчид хүнс тэжээл, хэрэгцээтэй бараа бүтээгдэхүүнээ авахын тулд өөр улс орон руу явдаг байлаа. Ингэхдээ тэд худалдаа арилжаагаар бараа солилцож авдаг байсан хэдий ч ихэвчлэн хүч хэрэглэн булаан авдаг байв. Хурдан шаламгай хөдлөхөд тэдэнд усан онгоц нь тусалдаг байлаа. Ийнхүү тэд улс орныг тонон дээрэмдэж улмаар Европт Викинг хэмээх нэр айдас төрүүлэх болжээ. Викингчүүдийн онцлог нь далайд хаашаа ч хамаагүй явж чаддаг зоригт хүмүүс байсан юм. Тэд олон шинэ газар орныг газрын зураг, луужингүйгээр нээсэн ажээ.

Та Викинг нэрийг сонсож байсан уу?

Магадгүй зурагтаар Викингчүүдийн тухай хүүхэлдэйн кино үзэж байснаа санах хүн та бүхний дунд байгаа байх. Тэр хүүхэлдэйн кинонд хойд зүгийн зоригт далайчин Викингчүүдийн адал явдлыг өгүүлдэг.

Викингчүүд Европын хойд зүгт амьдардаг далайчин хүмүүс. Гот, Вандал, Ломбард зэрэг Скандинав үндэстнүүд 400 жилийн дараагаар том үндэстнүүдийн эгнээнд орж, 800 жилийн дараа дэлхий дахинаа худалдаа арилжаа, цэргийн дэвшил, далайд гаргасан амжилтаараа танил болсон энэ ард түмнийг ерөнхийд нь Викинг хэмээн нэрлэжээ.

Викинг гэдэг нь “вик” гэдэг Норвеги гаралтай үг бөгөөд энэ нь тэдний суурин амьдардаг далайн булан, тохойн нэр аж. Далайн дээрэмчин, түрэмгий, догшин гэсэн утгатай байсан Викин хэмээх үг хожим далайчин, худалдаачин гэсэн утгатай Викус хэмээх үгтэй адил утга илэрхийлэх болжээ. Викингчүүд Данимарк, Исвеч, Норвегуудаас бүрддэг байв. Варяг гэгдэх Исвечүүд зүүн зүгт тархжээ. 900 онд Хар тэнгисээс Иран хүртэл тэдний газар нутаг нь тэлжээ. Викингчүүдийн бас нэг салаа мөчир нь Норманчууд юм. “Хойд зүгийн хүмүүс” гэгдэх Норманчууд Данимарк болон Норвегичүүдээс бүрддэг байв.

Түүхийн хуудсанд Викингчүүдийг ихэвчилэн зэрлэг гэгддэг хэдий ч алсын хараатай далайчид байлаа. Тэдний аялал аймшиггүй зориг, олон газар орон шинээр нээх үндсийг тавьж, улмаар дэлхийн түүх өөрчлөгдөх, шинэ цасан нурангиудыг нээхэд ч тус дөхөм болжээ.

Викингчүүд далайд аялахдаа ямар нэгэн багаж хэрэгсэлгүй, өөрсдийн зөн мэдрэмжид итгэдэг байв. Дэлхийн уртраг хараахан нээгдээгүй байхад нэгэн уртрагийн аргыг хэрэглэдэг байжээ. Заримдаа ихээхэн алдаа эндэгдэл гарч төөрч будилж ч байв. Харин ингэж замаа ололгүй төөрч явахдаа Исланд, Гринландыг нээжээ.

Хойд далайд цаг агаар ихэнхдээ үүлэрхэг манантай байдгаас усан онгоцны ахмадууд Алтан гадас болон нарыг сайтар харж чаддаггүй байлаа. Иймээс тэд шувуу, загас, усны урсгал, өнгө болон далайн замаг, мөсөн уулын байдал, үүл, салхины өөрчлөлт зэргийг сайн мэдэх шаардлагатай байлаа.

Гринландаас Хойд Америк хүртэлх далайн зам нь Исланд,Гринландын хоорондох зай, харин Норвеги, Исландын хоорондох зайн тэн хагастай тэнцүү байдаг.

Гринланд арлыг Викингчүүдийн толгойлогчдын нэг Улаан Эрик гэгч олжээ. Тэр эх орондоо гэмтэнд тооцогдон эрэн сурвалжлагдаж байсан бөгөөд эхлээд Исланд руу зугатах гэж оролдсон боловч түүнийг мөрдөж мөшигсөн тул өрнө зүгт зугтахаар шийджээ. Тэр үед хүмүүсийн дунд олон жилийн өмнө нэгэн Норвеги далайчны Ганбижорн гэж нэрлэгдэх эх газрын тухай яриа өрнөж байв. Улаан Эрик тэр газрыг олохоор шийдэж өрнө зүг рүү далбаагаа татан 500 милл зам туулжээ. Хүмүүсийн яриа үнэн болж, эх газрыг олж харсан нь бидний мэдэх Гринланд байлаа. Эндэхийн цаг агаар таатай, тэдэнд Норвегийг санагдуулна. Ингээд Эрик нөхдийн хамт тэндээ суурьшжээ. Уг газар ан амьтан, баавгай, үнэг гөрөөсөөр баялаг, далайн загас, сүүгээр бойжигчдоор элбэг байв. Түүнээс гадна энд урьд өмнө хүмүүс амьдарч байсан ул мөр үгүй байжээ. Эрик энэхүү газрыг Гринланд буюу “Ногоон арал” гэж нэрийджээ.

Тодорхой зорилгогүй далайд аялаж явсан Викингчүүд хэд хэдэн орныг санамсаргүй олсон юм. Түүний нэг нь Винланд гэж нэрлэгдсэн Америк юм. Учир нь Норвеги болон Исланд улсын хооронд худалдаа хийдэг Вжарни Хержолфсон гэгч 986 оны өвөл зуныг аавтайгаа өнгөрөөхөөр Исланд руу явахаар усан онгоцоо бэлтгэжээ. Гэхдээ Исландад түүнийг гэнэтийн явдал хүлээж байв. Түүний эцэг Хержолар Исланд дахь бүхий л эд хөрөнгөө зараад Улаан Эрикийн багийнхантай Гринланд руу явсан байлаа. Вжарни хүмүүсийнхээ хамт түүний араас явахаар шийдсэн боловч энэ замаар урьд өмнө огт явж үзээгүй тул тэд замдаа мананд төөрч баримжаагаа алджээ. Тэдэнд зүг чиг тогтоох ямар ч багаж хэрэгсэл байсангүй. Удаан аялсаны эцэст ой модоор бүрхэгдсэн нэгэн газрыг олж харав. Энэ нь Гринланд биш гэдгийг тэд бүгдээрээ мэдэж байлаа. Вжарни үл мэдэгдэх уг газарт хөл тавихыг өөрийнхөө хүмүүст зөвшөөрсөнгүй. Буцаж яваад 4 хоногийн дараа Гринландад хүрэв. Гринландын баруун өмнө захад Вжарни аавтайгаа уулзаж түүний аялал дуусчээ. Урт хугацааны туршид Вжарнийн харсан газар руу хэн ч явж зүрхэлсэнгүй. Харин Улаан Эрикийн хүү Лейф Эриксон 1001 онд 35 хүний бүрэлдэхүүнтэй баг бүрдүүлэн Вжарнийн харсан газрыг хүрэхээр зорьжээ. Лейф өөрийн багийнхны хамт өрнө зүг гарч тэр газрыг олжээ. Тэр газар цас мөсөөр бүрхэгдсэн тул холоос харахад хад цохио шиг харагдаж байв. Энэ нь одоогийн Хадсон хоолойн хойд зүгт орших Баффик арал байлаа. Энэ газрыг хавтгай тэгш, чулуу гэсэн утгатай Хеллуланд гэж нэрлээд аяллаа үргэлжлүүлжээ. Далайн эргээс зүүн өмнөд зүг рүү чиглэн явсаар өнөөгийн Лабрадор гэгдэх газар хүрсэн байв. Ой модоор баялаг уг газрыг Вүдланд гэж нэрлэв. Аялал үргэлжилсээр хамгийн сүүлд ирсэн газар нь үзэм ихтэй байсан тул Винланд гэж нэрлэжээ. Гринландаас ирсэн хүмүүсийн сэтгэлийг эндэхийн байгалийн баялаг, булаг ус ихэд татжээ. Тэд эндээ өвөлжихөөр шийдэв. Гол нууруудад тэдний урьд өмнө харж байснаас илүү, том яргай загасаар элбэг газрын хөрс нь ихээхэн үржил шимтэй байв. Өвөл тэнд хүйтэрсэнгүй, өвс ногоо ч арай ядан шарлаж , үхэр мал нь ч өвс тэжээлээр дутахгүй байлаа. Өвлийн хамгийн богино өдрүүдэд ч нарлаг байдаг байв. Зун болж Лейф багийнхантайгаа Гринланд руу буцав. Түүний эцэг Улаан Эрик нас барж, Лейф гэр бүлээ толгойлох болов. Иймээс тэр Винланд руу дахин буцаж чадсангүй. Түүний дүү нар Винландад очиж багахан хот байгуулав. Тэд Винландын уугуул хүмүүстэй анхнаасаа сайн харилцаатай байж, худалдаа наймаа хийдэг байв. Гэвч хожим тодорхойгүй шалтгаанаар энэ 2 ард түмэн хоорондоо дайтаж уугуул нутгийн хүмүүсээс цөөн тоотой байсан Викингчүүд ялагдаж, гэртээ буцацгаажээ.

Ийнхүү Викингчүүдийн нээж олсон энэ орон тэдний түүх намтарт үлджээ. Тэгээд тэд энэ орны тухай мартацгааж, дахин тийш зүглэсэнгүй.

Харин Винланд гэж нэрлэсэн тэр тивд хэдэн зуун жилийн дараа цагаан арьстан Кристоф Колумб гэгч далайчин Энэтхэг явах замдаа хүрч Америк хэмээн нэрлэжээ. Тэрээр олон зуун жилийн өмнө энэ тивд Викингчүүд ирж байсан талаар огт мэдээгүй байлаа.

No comments:

Post a Comment