аялал жуулчлал

Sunday, May 23, 2010

Монгол дахь гадаадын шашны урсгалуудын тойм

Өнөөдөр Улаанбаатарт шашны 30 /энэ нь нэлээн хуучин тоо/ урсгалынхан үйл ажиллагаагаа явуулж байна. Гэхдээ христийн урсгалууд хоорондоо эв нэгдэлгүй учир нөлөө үзүүлэхүйц хүчтэй биш байна.

Шинэ гэрээний л гэхэд 7 янзын орчуулга гарчээ.
Монголын христийнхэн өнөөдөр дээд шүтээнээ "Ертөнцийн эзэн" гэх үү, "бурхан" гэх үү, хэмээн ширүүн маргалддаг байна.

Шинээр орж ирсэн урсгалынхан гадаадаас санхүүждэг боловч, зарим нь монгол сүсэгтнүүдээс санхүүжиж эхэлжээ.

Сүүлийн үеийн нэг сонирхолтой үзэгдэл гэвэл гадны урсгалыг дагагчдын бүтэц илт "люмпенжиж" байна. Эхэндээ тус урсгалуудын цугларалтад сониуч оюутан, сэхээтэн залуус их татагддаг байсан бол бол эдүгээ эмзэг ядуу бүлгийнхэн, тэнэмэл хүүхэд багачууд голлох болжээ.


Оросоос ирсэн номлогчдын хөтөлдөг цугларалт нь дунд сургуулийн хичээлийг санагдуулдаг учир монголчуудыг төдийлөн татаж чаддаггүй. 2 давхар тохирох байшинг худалдан авахаар зэхэж буй. Өдийд авчихсан ч байж магадгүй.

"Шинэ апостолийн сүм" нь голчлон герман хэлтэй хүмүүсийн дунд үйл ажлаа явуулдаг. Сүмийн хурал герман хэл дээр явагддаг агаад герман хэл мэддэг хүмүүст янз бүрийн дэмжлэг үзүүлдэг.

Улаанбаатар дахь Шинэ апостолийн сүм хийдийн Берлийн-Бранденбургийн тойрогт багтдаг.

Христадельфүүд буюу "Христийн ахан дүүс" урсгалыг Литвээс ирсэн номлогчид анх дэлгэрүүлжээ.

Энэ шашны урсгалын лидер, гол судар "Библийн Үндсүүд"-ийг зохиогч Данкан Хистер Монголд хэдэнтээ ирж байжээ.

Анхан Христчүүд урсгалыг Германы Вюрцбург хотын номлогчид идэвхийлэн түгээсэн юм.

Xристийн хүчээр өөрийгөө эмчилж болно хэмээн холбогдолтой ном товхимол, анагаах увидастай хэмээх сүмийн хөгжмийг бичсэн кассетууд тараадаг.

Христийн анагаагч илч энерги дэлхийд бууж ирэх цагийн хуваарийг зарлах буюу эмчилгээний мөргөл зэргийг зохион байгуулна.

"Хөтөч Ли-ийн сургаал" гэдэг урсгалыг дагагчид Монголд бас бий. Хятад гаралтай АНУ-ын харьяат Ли, болон Ни овогт нар энэ зууны эхээр уг урсгалыг үндэслэжээ.

Хүн бүхэн сүм гэсэн зарчимтай Ли-ийнхэн хавчигдан шахагдан явсаар БНСУ-д төвлөрсөн байна.

Солонгосын иргэн Кан Ён Сун анх МУИС-ын оюутнуудад номложээ. Солонгост байдаг И-гийнхний газар доорх хотхонд 3 жил амьдраад ирсэн оргон зугтаж ирсэн Бямбасүрэн гэдэг залуу энэ урсгалынхны үнэнийг илчилсэн юм. Хаа сайгүй харгис урсгалынхан гэж тооцогддог юм.

"Эсхатологийн урсгал" бас солонгос иргэдтэй хамт орж ирсэн.

1992 оны 10 сарын 12-нд дэлхий сөнөнө гэж номлож байсан тэр өдрийн дараа нэр хүндээ алдсан боловч зальтай тайлбар хийж, зарим байр сууриа хадгалж үлдсэн юм.

Протестантизмийн меннонист "Эдемийн цэцэрлэг", методист "Христийн шинжлэх ухаан", "Тавин өдөр", "Японы христийнхний нийгэмлэгүүд" зэрэг урсгалын төлөөлөгчид бас Монголд шашны үйл ажиллагаа явуулдаг байна.

Эдгээрээс гадна протестант бус "үнэн алдартны" болон "католик" сүмүүд монголд бий.

Святотройцкая церковь буюу гурвалсан гэгээнтний сүм 3 давхар байшинд байдаг бөгөөд ирж буй мөргөгсдийн ихэнх нь оросууд хэдий ч 1/4 нь монголчууд юм.

Үнэн алдартны энэ сүм цаашид сүсэгтнүүдийн олонх нь монголчууд байх болно гэдэгт итгэдэг ажээ.

Ватиканы төлөөлөгчийн газарт католик шашны мөргөл ёслол явагддаг. Саяхнаас архичдын дунд тусгай цугларалт зохион байгуулж байна.
Католикуудын сүрлэг, ёслол төгөлдөр байдалд монголчууд татагддаг ажээ.

Католикийн "Нотр Дамын эгч дүүс", "Тереза эх" гэдэг 2 байгууллагын гэлэнмаа нар монголд гол төлөв хүмүүнлэгийн ажил эрхэлдэг юм.

"Нотр Дамын эгч дүүс" нь хар өмсгөлтэй францын харьяатууд бол "Тереза эх"-ийн гэлэнмаа нар цагаан өмсгөлтэй энэтхэгчүүд юм.

Христийн бус шашны байгууллагуудаас "Унификацийн сүм" Монголд хамгийн идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг.

Солонгосын санваартан Мүн Сан Мёны үндэслэсэн энэ шашин нь христианизм, буддизм, бөө мөргөлийн синтез юм.

Энэ шашны "Дэлхийн гэр бүлийн энх тайвны холбоо" гэдэг байгуулагад Монголын нэр нөлөөтэй 200 гаруй хүн "санаандгүй" элсч орхисон билээ.

Энэтхэгээс гаралтай "Кришна", "Ананда марга", "Шри Чинмой" зэрэг шашны урсгалуудыг залуус ихээр сонирхдог.

Кришна, шри Чинмойн урсгалууд нь хиндиузмаас салбарласан бөгөөд энэрэнгүй ёс гэгээрэхүйг өөр өөрийнхөөрөө номлоно.

Энэтхэг хувцастай орос бүсгүйчүүд Кришна шашны монгол хэлээр хэвлэгдсэн товхимлыг түгээж явдаг.

Шударга ёсыг хамгаас эрхэмлэнэ гэдэг Ананда Маргагын урсгал нь Энэтхэгт хориглогдсон юм.
Ананда Маргагын сүсэгтнүүд олон террорист үйл хийж байжээ.
Монголд Ананда Марга тэнэмэл охидын коммун хүртэл байгуулсан, оёдлын газартай.

Язу тарний шашныг гадны урсгалд тооцууштай. Энэ нь Күнзийн сургаалыг номлодог.

Манай сургуульд Күнзийн танхим гээчийг хүртэл байгуулсан. Мөн гадаадын лалын шашны нийгэмлэгүүдээс дэмжлэг авдаг монгол залуус Кораныг монгол хэлэнд хөрвүүлэх, Монгол-Ислам нийгэмлэг байгуулах санаатай явдаг сурагтай.

Сүүлийн үед Монголын христийн шашны олон урсгалынхан ерөнхий асуудлаар хамтран ажиллах экуменист хөдөлгөөнд нэгдэж байна.

Бас христийн бус шашныхантай ойлголцох алхам хийдэг болсны нэг жишээ нь буддын, исламын шашныхантай хамтран бүх дэлхийн итгэл бишрэлийн өдрийг тэмдэглэсэн явдал юм.

No comments:

Post a Comment