аялал жуулчлал

Sunday, May 23, 2010

Цаг уур судлал

Манай гариг агаар мандал гэдэг хийнээс тогтсон давхаргаар хучигдсан байдаг. Энэ хий нь биднийг Нарны хортой туяанаас хамгаалдаг.

Агаар мандал 900км зузаантай. Эхний 10км-т тропесфер гэж нэрлэдэг бидний амьсгалдаг, байнгын хөдөлгөөнтэй агаар байдаг.

Агаар мандал, тропесфер дэх агаарын хөдөлгөөн, эдгээрийн шалтгаан, үүнээс үүдэлтэй цаг уурын нөхцөл, хэзээ болох зэргийг “цаг уурын судлал” (метеорологи)-аар мэдэж болдог.

Цаг уур судлал нь агаар мандлын, ялангуяа доод давхаргын найрлага, бүтэц, дотор явагдаж буй хөдөлгөөнийг мэдэх, ойрын үеийн цаг агаарын урьдчилсан мэдээг гаргах зорилготой шинжлэх ухааны нэгэн салбар юм. Нар, Нарны аймгийн бусад гаригууд, тэдгээрийн дагуулуудын агаар мандал ч цаг уурын судлалд хамаатай.

Цаг уур судлалаар ойрын үеийн цаг агаарын байдал, цаг агаарын төрөл бүрийн зүйлийг судлах нь гол зорилго юм.

Халууны хэм, агаарын даралт, салхи, чийгшил, үүлшилт, хур тунадас зэрэг богино хугацаан дахь агаар мандлын байдлыг цаг агаарын байдал, харин хамгийн багадаа 30-50 жил зэрэг урт хугацааны байдлыг уур амьсгал гэж нэрлэдэг.

Уур амьсгал, цаг агаарын байдлыг судлахаас өмнө дараах зүйлсийг мэддэг байх хэрэгтэй. Нар үгүй байсан бол уур амьсгал, цаг агаарын үзэгдэл байхгүй байсан. Бороо, салхи, манан, цас, мөндөр, шуурга зэрэг цаг агаарын үзэгдэл нь Нарны агаар мандал үргэлжийн хөдөлгөөн байдгаас үүдэлтэй юм.

Нартай өдрүүд

Дэлхийн ихэнх хэсэгт, ялангуяа зуны улиралд нартай, бүртийх ч үүлгүй цэлмэг өдрүүд үргэлжилдэг. Нартай байвал хамгийн тогтвортой агаартай өдөр юм.

Хэрэв өглөө нартай, үүлгүй байвал өдөржингөө тийм байх магадлалтай гэсэн үг. Агаар хангалттай чийгшилтэй, энэ чийгийг агаар мандал руу өргөх хөдөлгөөнтэй үед үүл бий болдог.

Бороотой өдрүүд

Саарал үүл гарвал удахгүй бороо орохын шинж. Зузаан, усаар дүүрэн тул бараан өнгөтэй харагддаг. Тиймээс ч Нарны туяа үүлийг нэвтэлдэггүй. Хамгийн зузаан, бараан үүлнээс аадар бороо ордог. Халуун орны бүст 15 км үргэлжлэх аварга том kumulonimbus үүлнээс зөвхөн өдрийн хагаст 0.9м бороо орох тохиолдол бий.

Үүнээс арай нимгэн, илүү цайвар өнгийн nimbostratus-аас хэдэн цаг, өдөр хоногоор үргэлжилсэн бороо ордог. Богинохон stratus үүлнээс зөөлөн шиврээ бороо ордог. Ширүүн бороо орсны дараа ялангуяа удаан хугацаагаар хуурай гантай байсан үед үер буудаг.

Учир нь ангасан газар хатаж, хатуурдаг тул борооны ус хөрсөнд шингэлгүй дээгүүр нь урсдаг. Ингээд хөрсөнд шингээгүй уснаас үер буудаг. Зарим үер борооноос бус, далайн шуурганаас үүдэн буудаг. Аварга том давлагаа үүсч, хөөрсөн уснаас болоод эрэг хавийн газар усанд автдаг.

Дэлхий дээр ихэнхдээ улирлын чанартай салхинаас болж хүчтэй бороо ордог. 5 сараас Энэтхэгийн далайгаас чийгтэй салхи салхилж эхэлдэг бөгөөд тэнгэрт хар үүл бүрхдэг. Ингээд Энэтхэгт 6 сарын турш үргэлжилдэг маш хүчтэй борооны улирал эхэлдэг. Дараа нь ахин 6 сарын турш ган гачиг үргэжилнэ.

Борооны хэмжээг 50см орчим урттай, дээрээ цооногтой, цилиндр хэлбэртэй борооны тусгай онгоцоор хэмждэг. Өндөр газар байрлуулдаг саванд цугласан борооны усны гүнийг хэмжин, хур тунадасны хэмжээг хэмждэг. 1 цагт орсон борооны хэмжээ 0.5мм-ээс бага байвал бага, 4мм-ээс их байвал хүчтэй бороо гэж үздэг.

Салхитай өдрүүд

Агаарт заримдаа урин зөөлөн салхи салхилж эсвэл шуурга, хар шуурга дэгддэг. Зөөлөн, хүчтэй хамаагүй салхи бүр адил замаар үүсдэг.

Далай тэнгис, хуурай газрын зарим хэсэг наранд хэт халдаг. Халсан гадарга дээрээ байгаа агаарыг ч халаана.

Халсан агаар дээш хөөрч эхэлнэ. Агаар хөөрөхөд гадарга дахь даралт багасч, бага даралттай талбай үлдээдэг.

Энэ үед эргэн тойрны хүйтэн агаар халсан агаарын байрыг эзэлдэг. Хүйтэн агаар хүнд тул доор оршдог.

Ингээд хүйтэн агаараас болж гадаргад даралт үүснэ. Энэ хэсгийг өндөр даралттай бүс гэдэг.

Хэсэг хугацааны дараа энэ агаар ч халж, дээш хөөрдөг. Агаар энэ маягаар өндөр нам даралттай талбайн хооронд байнга зорчин, гадаргад үйлчлэх даралтыг тэнцвэржүүлдэг.

Агаарын энэ хөдөлгөөнөөс салхи үүснэ. Салхи, агаарын хэм, даралт өөрчлөгдөж байгаа газар өндөр даралттай хэсгээс нам даралттай хэсэг луу үлээж байдаг.

Ингээд салхи энэ маягаар Дэлхийн агаарын зорчил хөдөлгөөний нэг хэсэг болдог. Энэ зорчлын үеэр эквадороос туйлууд руу халуун агаар, туйлаас эквадор руу хүйтэн агаар хөдөлдөг. Агаар мандал дахь агаар байнга хөдөлгөөнтэй байдаг. Энэ зорчил хөдөлгөөн нь дэлхийн дулааны хэмийг тэнцвэржүүлдэг.

Нам даралттай газарт хүчтэй шуурга болдог. Учир нь тал бүрт эргүүлэг мэт эргэлдэж байгаа агаар хөөрсөн халуун агаарын байрыг эзлэхийн тулд энд зорчдог. Борооноос гадна мөндөр, цас, тоос шороо, элсийг хаман авчирдаг.

Хар салхи

Цаг уурын судлалын эрдэмтэд халуун орны циклон гэж нэрлэдэг хар салхи нь 300км/ц-ийн хурдтай, бороотой, хүчтэй шуурга юм. Дээр байгаа шуургатай агаар, доор байгаа халуун, чийгтэй агаартай нэгдсэнээр хар салхи үүсдэг гэдэг.

Салхины хурд 17км/ц-аас илүү гарч, чийгтэй халуун агаар үүсгэдэг далай тэнгисийн усны хэм 270С-ээс дээш хүрсэн үед хар салхи болж хувирдаг. Тиймээс хар салхи нь зөвхөн халуун орны бүст бий болдог. Гэвч экваторын дээр хар салхи үүсдэггүй.

Учир нь энд кориолисийн хүч (салхийг бөмбөрцгийн хойд хагаст баруун тийш, өмнөд хагаст зүүн тийш хөөдөг хүч) энд хүчтэй нөлөөлдөггүй.

Ийм нөхцөлд шуургатай агаар нь халуун чийгтэй агаарын дээр гарч дээш нь сордог. Кориолисын хүчээр эргэлдэн нам даралттай талбайн орчим эргүүлэг байдлаар эргэлдэн байгаа шуурга дээш хөөрсөн халуун, чийгтэй агаарыг цилиндр хэлбэрт оруулна.

Ингэснээр чийгтэй агаар шуурганы төв баганыг чиглэн эргэлдсээр хөөрөхдөө хөрч, усны уур kumulonimbus үүлээр хана босгох байдлаар нягтарна.

Борооны бүс гэдэг энэ ханаас үүдэн хүчтэй аадар бороо эсвэл мөндөр буудаг. Агаар баганын дээрээс доошоо аажуухан бууж буй газрыг хар шуурганы нүд гэж нэрлэдэг. Нүдний өргөн 6-60км- ийн хооронд хэлбэлздэг.

Нүд багасахад агаарын хөдөлгөөн хурдасдаг. Нүдний доторх агаар тогтвортой, халуун, цэлмэг байдаг. Тиймээс хар шуурга болоод өнгөрсөн газар нүдний эгц доор байсан бол хүчтэй шуурга, бороо оролгүй өнгөрдөг.

Хар шуурга дунджаар 480км өргөн хүрээтэй болдог бөгөөд 10 хоног орчим үргэлжилдэг. Хүчтэй салхин шуурганаас далай тэнгист ойролцоогоор 20м өндөр давлагаа үүснэ.

Салхи шуурга, бороо, мөндөр, давлагааг нэгэн зэрэг давж гарах тэнгисийн хөлөг цөөн байдаг. Хар шуурга тааралдсан бүхнээ эвдлэн сүйтгэдэг тул улс орны эдийн засагт хортойгоор нөлөөлдөг.

Хар шуурга тивийн дотогш эсвэл хүйтэн далай тэнгис рүү чиглэх үедээ хурдаа сааж эхэлнэ. Учир нь чийг, дулаанаа алддаг. Хар шуурганы нүдийг бага багаар үүл тагласаар удалгүй зогсоно.

Хар шуургыг сансрын хиймэл дагуулаас ажиглан хуурай газар хүрэхээс өмнө оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх боломжтой. Ингэснээр хүний амь нас сүйдэхээс хамгаалдаг.

Цастай өдрүүд

Халуун орны бүсээс бусад газар ихэнх бороо цас байдлаар орж эхлээд халуун агаарт ормогцоо хайлж усан дусал болдог. Агаар хүйтэн байвал цас хэвээр газарт бууна. Тиймээс нэг үүлнээс өндөр газарт цас, нам дор газар бороо орж болдог.

Гэхдээ цас орохын тулд агаар заавал хүйтэн байдаггүй. Учир нь хэт хүйтэн агаарт хур тунадас болох чийг байдаггүй. Тиймээс Канадын өмнөд хэсэг, Хойд Америкт ордог цасны хэмжээ Хойд туйлаас ч их байдаг. Агаарын хэм 0 хэм орчим байхад хамгийн их цас ордог.

Хэр их цас орохыг урьдчилан таамаглах аргагүй. Учир нь агаарын хэм хэдхэн хэмээр нэмэгдэхэд цас бороо болно.

Цан болон мөс

Өвлийн хүйтэн, цэлмэг, хуурай өдрүүдийн дараа цанатах нь их. Шөнө тэнгэр цэлмэг байхад өдөр газар буусан халуун агаар түргэн, хурдан дээш хөөрч газрын гадарга дулаанаа алддаг. Цангийн хамгийн их түгээмэл хэлбэр нь хяруу юм.

Усны уур хэт хүйтэн газар хүрэв үү, үгүй юү хөлддөг. Навч мөчрийн дээр хурц үзүүртэй зүү хэлбэрээр үлддэг. Агаарын хэм 0С орчим, газрын гадаргын дулаан бага байхад мөс үүсдэг. Гэвч мөсний талст үүсэхэд агаарт чийг байх хэрэгтэй.

Цаг агаарын урьдчилсан мэдээг хэрхэн гаргадаг вэ?

Цаг агаарын нөхцөл байдал хүний амьдралын хэв маяг, үйл ажиллагаанд нөлөөлдөг. Тиймээс цаг агаар ямар байхыг урьдчилан мэдэх нь тустай. Орчин үеийн цаг агаарын урьдчилсан мэдээг дэлхий даяар ижил цагт явуулж буй агаар мандлын хэдэн сая ажиглалт, хэмжилтийг нэг дор цуглуулан, тооцож гаргадаг.

Агаар мандлын доод давхаргатай холбоотой мэдээг улс бүрийн ажиглах станцууд гаргадаг.

Дээд давхаргатай холбоотой мэдээг радар, сансрын хиймэл дагуул зэрэг хэрэгслийг ашиглан мэдэж авдаг. Мэдээг цаг уурын судлалын зураглалд оруулан, эндээс урьдчилсан мэдээг гаргаж авна.

Манай оронд Цаг Уурын Төв энэ мэдээг гаргадаг.

Өргөн газар нутагт тодорхой цаг үеийн туршид цаг уурын байдал болон цаг уур судлалын бусад мэдээллийг агуулсан зургийг цаг уур судлалын зураг гэдэг.

Цаг уур судлалын хамгийн өргөн тархсан зурагт даралтын талбай, бүс бүслүүр, салхи, хар шуурга зэрэг цаг уурын хүчтэй хэлбэлзэл бүхий нутгийн байрлал, салхины чиглэл, хурд, агаарын хэм, үүлний хэмжээ, төрөл, цаг уурын байдлын төлөв, чийгшилийн хэмжээ, алсын бараа харагдах байдал зэргийг тусгадаг.

Цаг агаарын урьдчилсан мэдээ нь гурван үе шаттай: ажиглалт, анализ, таамаглах. Эхлээд ажиглалтын маш олон аргыг ашигладаг. Цаг агаарын урьдчилсан мэдээг гаргахад аль нэг арга нь дангаар хангалтгүй байдаг.

Газрын ажиглалт:

Дэлхий дээрх цаг уурын судлалын бүх станц зэрэг явагддаг. 3 цаг тутамд өдөрт 8 удаа давтагдана.

Энэ ажиглалтаар салхины чиглэл хурд, агаарын хэм, усны уурын даралт, хөрсөн дээрх хамгийн бага хэм, агаарын даралт, цаг агаарын үзэгдэл, хэвтээ чиглэлийн алсын бараа харагдах зай, үүлшилт, тэнгэр бүрхэх хэмжээ, төрөл болон давхаргын өндөр, цасны зузаан, өдрийн ууршилт болон гэрлийн хэмжээ, хур тунадасны хэмжээ, далайн байдал, далайн алсын бараа харагдах хэмжээ, далайн усны дулаан зэргийг хэмждэг.

Эдгээр тоо баримтыг эхлээд улсын цаг уурын судлалын төвд, дараа нь олон улсын төв рүү илгээнэ. Олон улсын төвд цуглуулсан тоо баримтыг дахин улс орнууд руу илгээдэг.

Нисэх онгоц болон усан онгоцны ажиглалт:

Хуурай газрын ажиглах станцуудад хийдэг хэмжилтийг нисэх онгоц, усан онгоцонд ч хийдэг. Эдгээрийг замд тохиолдох цаг агаарын олон янзны нөхцөл байдлыг хураан бичих хэрэгслээр тоноглодог.

Нисэх онгоцоос салхитай холбоотой мэдээг авдаг. Усан онгоцнууд тэнгис далайн байдлыг мэдээлнэ. Хэмжилтийн тоо баримтыг тухайн тээврийн хэрэгслийн байршлын уртраг, өргөргийн хамт хуурай газрын аль нэг станц руу илгээдэг.

Агаарын дээд давхарын ажиглалт:

Агаарын дээд давхаргын ажиглалт хийдэг станцууд радио дохиологч хэмээх төхөөрөмж байрлуулсан, устөрөгч мөн түүнтэй ижил хөнгөн хийгээр дүүргэсэн агаарын бөмбөлөг хөөргөдөг.

30-40км өндөр хөөрсөн бөмбөлөгөөс даралтын тодорхой давхаргын өндөр, тухайн давхаргын чийг дулаан, салхины чиглэл, хурдыг хэмжин, радио дохиогоор газар дахь станц руу илгээдэг.

Энэ ажлыг өдөрт хоёр удаа давтан хийдэг.

Радарын мэдээлэл: Цаг уур судлалд бороо цас, мөндрийн хэмжээ, хаана хэр их унасныг тооцохын тулд радар ашигладаг.

Радио долгион борооны дусалтай мөргөлдөн буцаж, хүлээн авагчийг мөргөдөг. Энэ мэдээг хиймэл дагуулын тусламжтайгаар станц руу илгээж, дүрс болгон буулгана.

Хуурай газрын хүчтэй шуурга, хар шуурга зэрэг үзэгдлийн байршил, хүчийг мөн л радарын тусламжтайгаар тооцон гаргадаг.

Сансрын хиймэл дагуулын дүрс: Сансрын хиймэл дагуулууд авсан мэдээгээ тодорхой хугацаагаар газрын станц руу илгээснээр цаг агаарын байдлыг бөмбөрцгийн хэмжээнд нарийвчлан шинжлэх ажлыг хөнгөвчилдөг.

Цаг агаарын зурагт сансрын хиймэл дагуулаас авсан зураг чухал үүрэгтэй. Хоёр төрлийн зураг байдаг. Бидний хардаг буюу харж болох дэлхийн болон үүлний зургийг харуулсан гэр зураг болон халууны хэмжээг үзүүлдэг хэт улаан туяаны зураг юм.

Ажиглалтын автомат станцууд:

Цаг уур судлалын энгийн станцуудад хийсэн хэмжилтийн ихэнхийг автомат аргаар тооцоолон, кодолж, алдаа гарах боломжийг бууруулан холбогдох газар луу илгээдэг байна.

Цуглуулсан мэдээллийг газрын зурагт буулган, изобарын муруй зурна. Ижил даралттай цэгүүдийг холбосноор изобарын энэ муруй үүсдэг.

Изобарууд бие биетэйгээ ойртвол салхины хурд нэмэгддэг. Хоёр өөр жинтэй агаарыг бие биеэсээ ялгаатай бүсээр тэмдэглэдэг.

Гаргаж авсан мэдээг агаарын жингийн байршил, хиймэл дагуулын зураг, радарын мэдээ, тоон мэдээлэлтэй харьцуулдаг. Гаргасан үр дүнг хамгийн сүүлийн удаа эрдэмтдийн хурлаар хэлэлцдэг.

Агаарын зорчил нь урьдчилан мэдээ гаргах хэсэгт нөлөөлөх хугацаа, хүч зэргийн талаар сүүлийн шийдвэрийг гаргаж, цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээ бэлэн болдог.

Нэмэлт:

Шуурга болох үед аянга бууж, тэнгэр дуугарах нь элбэг. Аянга бол kumulonimbus үүлнээс буудаг статик цахилгаан юм. Энэ үед агаар түргэн өргөсч, орчин тойронд нь цахилгаан долгион үүсдэг. Энэ долгионууд нь тэнгэрийн дуу бий болгодог.

Хар салхи бол ихэнхдээ хүчтэй шуурганы үед kumulonimbus үүлний давхаргаас газар руу буудаг, маш хурдтай эргэлддэг агаарын багана юм.

Өмнөө тааралдсан машин, тээврийн хэрэгсэл, мод, газар байгаа бүхнийг хамж эргэлдсээр байдаг. Дотогш татсан тоос шороо болон бусад бодисоос шалтгаалан бараан өнгөтэй байдаг. Эдгээр эд зүйлс хар салхи дууссаны дараа хол газар тэнгэрээс унадаг.

Цас орох үед салхины хурд 62км/ц болоход цасан шуурга үүсдэг. Хүчтэй цасан шуурга газар буусан цасан ширхэгийг хаман, хүчтэй орж буй цастай нийлүүлэн шуурдаг. Зам тээвэр, харилцаа холбоо тасарна. Цасан шуурга бүх зүйлийг цасаар хучин, машин, галт тэрэг далд ордог.

Шороон шуурга нь их хэмжээний тоос шороо дээш хөөргөн дэгдээж, дараа нь буцаан буулгадаг маш хүчтэй салхи юм. Халуун агаар дээш хурдан хөөрөх үед үүсдэг.

Дээш хөөрсөн агаар нягтарснаар авоарга том шороон үүл бий болно. Харин говь цөлийн хуурай агаарт чийг багатай тул бороо ховор ордог. Элсэн шуурга илүү ойрхон шуурдаг.

Учир нь элсэн ширхэг нь тоос шороог бодвол хүнд байдаг. Байшин барилга, хашааны орчим 4м гаруй овоо босгох нь ч бий. Элсэн шуурганд дайрагдсан хүн амьтны амьсгал боогддог. Үржил шимтэй хөрс шороог хаман авдаг тул ард нь эль хуль цөл үлддэг.

Мөндөртэй шуурга

Мөндөр kumulonimbus үүлнээс үүсдэг. Үүлэн дотор дээш доош урсдаг агаарын хүчтэй урсгал байдаг. Хамгийн дээд хэсэгт агаарын хэм хөлдөх хэмээс доош хүйтэн байдаг.

Үүлэн дотор агаарын урсгалын нөлөөгөөр аялах мөсөн талстууд маш хүйтэн усан дусалтай мөргөлдөнө. Усан дуслууд талсттай барьцалдан хөлдөж мөндөрийн ширхэг болдог.

Агаарын урсгалаар хийссэр буй мөндөрийн ширхэгүүд илүү их мөстэй барьцалдан хүндэрнэ. Агаарын урсгал зөөхөөргүй хүнд болоод газар унадаг. Мөндөр ороход заримдаа хүний амь нас сүйддэг. Мөндөрийн ширхэг 1гр- аас бага эсвэл 1кг- аас их жинтэй байдаг.

Цасан ширхэгүүд өөр хоорондоо огт адилгүй байдаг. Хоёр ширхэг ижил цасан ширхэг байдаггүй. Харин бүх цасан ширхэгүүд 6 өнцөгтэй. Шулуун хавтгай, зүү болон савхан хэлбэртэй мөсөн талстууд нэгдэн цасан ширхэг болдог.

Цан хяруу нь мөсөн талстаас ч илүү үзэсгэлэнтэй зураг үүсгэдэг. Гадаа хүйтэн байхад өвөл цонхны дотор талд хээ угалз урласан цан тогтдог. Эхлээд хүйтэн цонхон дээр шүүдэр бууна. Дараа нь шүүдрийн дуслууд хөлдөн, мөсөн талст болно. Цааш нь улам их мөстөн тогтдог.

Дулааны хэм буурахад агаарын чийг хөлдөн газар, навч мөчир зэрэг янз бүрийн гадаргууг нимгэн мөсөн талстаар бүрхдэг. Хэт хөрсөн усан дуслууд цас бололгүйгээр шууд газар унах нь ч бий. Хүйтэн газар унаад шууд хөлддөг. Гадаргууд нэгдэн хүндэрсэн мөс цахилгаан утасны шугамыг таслан, хөлөг онгоцыг хөмрүүлдэг.

Хар шуурга халуун орны бүсээс гадна хүйтэн, халуун агаарын орчил хоорондоо мөргөлдөснөөс бас үүсдэг. Эдгээр агаар хоорондоо нийлдэггүй. Хооронд нь муруй хязгаар байдаг. Энэ хязгаарыг үе гэдэг.

Хүйтэн үе нь хүйтэн агаар халуун агаарын зайг эзэлхийн тулд доороос нь түлхэж, түргэн дээшлэх гэж оролдсоноос бий болсон хоёр агаарын хязгаар юм. Халуун үе нь халуун агаар хүйтэн агаарын зайг эзлэхээр хөдөлж буй газар бий болдог халуун хүйтэн агаарын хоорондох хязгаар юм.

Туйлуудын мөс хэдэн зуун жил хайлдаггүй. Заримдаа мөсөн уулнаас их хэмжээний мөс, жижиг мөсөн уул хагарч салан усны гадаргууд ил хөвдөг. Ус хөлдөхөд нягт нь багасдаг тул ил хөвдөг юм. Гэхдээ ихэнх хэсэг нь усан доор байдаг. Гаднаас нь хараад жижиг гэж андуурснаас олон хөлөг онгоц мөсөн уул мөргөж живдэг.

Салхины хүчийг ажиглацгаая

Салхины хүч 0: Тогтуун. Утаа эгц дээш хөөрдөг. Хурд нь 0 км/ц.

Салхины хүч 1: Салхи. Утааны налалт салхины чигийг заана. Хурд нь 1-5км/ц.

Салхины хүч 2: Зөөлөн салхи. Салхи үлээж байгаа нь мэдэгдэнэ, навч сэрчигнэнэ. Хурд нь 6-11км/ц.

Салхины хүч 3: Сэрүүн салхи. Навч, нарийн мөчир үргэлж хөдөлж, туг далбаа намирч эхэлнэ. Хурд нь 12-19км/ц.

Салхины хүч 4: Дунд зэргийн салхи. Тоос шороо, цаас агаарт хөөрч, жижиг мододын мөчир найгаж эхэлнэ. Хурд нь 20-29км/ц.

Салхины хүч 5: Хүйтэн салхи. Жижиг модод ганхаж, усанд намхан долгион үүснэ. Хурд нь 30-39км/ц.

Салхины хүч 6: Хүчтэй салхи. Модны бүдүүн мөчрүүд хөдөлж, шүхэр хэрэглэхэд төвөгтэй болно. Хурд нь 40-40км/ц.

Салхины хүч 7: Маш хүчтэй салхи. Бүх модод ганхана, салхины эсрэг алхахад хэцүү болно. Хурд нь 51-61км/ц.

Салхины хүч 8: Шуурга. Модны мөчир хугарч, салхины эсрэг алхах улам хэцүү болно. Хурд нь 62-74км/ц.

Салхины хүч 9: Хүчтэй шуурга. Байшингийн яндан, дээврийн хавтанцар хийснэ. Хурд нь 75-87км/ц.

Салхины хүч 10: Жинхэнэ шуурга. Эргээс хол үүсэх нь ховор. Мод үндсээрээ булгарч, байшин барилга эвдэрнэ. Хурд нь 88-101км/ц.

Салхины хүч 11: Маш хүчтэй шуурга. Ховор тохиолддог. Маш их хор хохирол учруулдаг. Машиныг хөмрүүлдэг. Модод булгарч хол шидэгдэнэ. Хурд нь 102-117км/ц.

Салхины хүч 12: Хар шуурга. Бүрэн устгадаг. Хурд нь 117км/ц- аас их байдаг.

No comments:

Post a Comment