аялал жуулчлал

Saturday, October 24, 2009

2016 оны зуны олимпийн нийслэл Рио де Жанейро



Brazil 2016 BidsРио де Жанейро хотынхон баяр хөөрт умбаж байна.
Данийн Копенгаген хотноо ОУОХ-ы 121 дэх хурал, 13 дахь конгрессоор 2016 оны олимпийг зохион байгуулах хотыг ерөнхийлөгч Жак Рогге зарлалаа. Тунан үлдсэн дөрвөн хотоос хамгийн түрүүнд Чикаго хот хасагдав. Чикаго хотыг олимпийн эрх авахуулахыг төлөө Барак Обама тэргүүтэй том лобби бүлэглэл ирсэн. Гэвч эхний шатнаас бүдрэв. Үнэхээр сенсаци боллоо. Олон хүн Чикагог ялна гэдэгт итгэлтэй байсан. Чикагогийн энэхүү ялагдлын гол шалтгааныг санхүүгийн төлөвлөгөөг тааруу гаргасан гэж хүмүүс үзэж буй бол зарим хүмүүс Барак Обаматай холбож байна. Хэдийгээр АНУ-ын ерөнхийлөгч гэргийн хамт Данийн Копенгагенд өөрсдийн унаган нутаг Чикагог сурталчлах гэж ирсэн ч хэдхэн цаг саатсан байна. Хэдхэн цаг саатаж, дүн гарахаас өмнө хурлын танхимыг орхин нутгийн зүг нисчээ. Энэ нь уг хурлын хүндлээгүй, эх орноо, хотоо сурталчлахад хэлбэр төдий оролцсон хэмээн буруутгагдах үндэс болж байна. Үүнээс болж Чикагогийн рейтинг унасан хэмээх хүмүүс байгаа юм.
Хоёр дахь шатанд лобби муу ажиллаж байсан Токио хотынхон хасагдаж Мадрид, Рио де Жанейро хотууд үлдлээ.
Санал хураалтын өмнө Бразилийн ерөнхийлөгч Лула нийт гишүүдэд хандаж “Тропикийн бүсэд олимпийн бамбар бадамлах цаг нь боллоо” хэмээн мэдэгдэж, хотынхон нь бэлэн байгаа тухайг бүх гишүүдэд танилцуулсан юм.
Хуан Антонио Самаранчийн хүү бага Самаранч шигшээ хүртэл хотоо явуулж чадсан ч ялагдлаа. 3 олимп дараалж нэрээ дэвшүүлэн эрхээ авч чадсангүй ээ, Мадрид. Испаний хаан, хатан, хөлбөмбөгийн супер од Рауль гээд л нөлөө бүхий хүмүүс ирсэн.
Дугтуйг Рогге задалсны дараа Рио хот баяр хөөрт умбаж, Пеле нулимсаа барьж чадсангүй. Тэр хэдийгээр тамирчны хувиар олимпод оролцож үзээгүй боловч олимпийг зохион байгуулах эрхийг хот нь авахад чухал нөлөөг үзүүлж чадлаа.
Ийнхүү ЗУНЫ ОЛИМПИЙН 31-р НААДАМ РИО де ЖАНЕЙРО хотод зохиогдохоор боллоо. Өмнөд Америк тивд анх удаагаа олимп болно. 2014 оны хөлбөмбөгийн ДАШТ мөн Бразилд болох билээ. Хоёр жилд хоёр удаа хүн төрөлхтний баяр Бразилд болох нь ээ. Яг иймэрхүү тохиолдол 1990-ээд онд АНУ-д болж байсан юм. 1994 онд хөлбөмбөгийн ДАШТ болж, 1996 онд Атлантын алтан олимпийг мөн өлгийдэн авч байсан ажгуу.

No comments:

Post a Comment