аялал жуулчлал

Wednesday, December 9, 2009

Богд хан уул


Газарзүй

Газар зүйн нөхцөл, газрын гадрагын хувьд бол Богд Хан Уул зүүнээс баруун тийш чиглэсэн их нуруу болон түүний салбар уулсаас бүрднэ. Богд Хан Уулын хамгийн өндөр оргил нь далайн түвшнээс дээш 2268 метр өндөрт өргөгдсөн Цэцээ Гүн, 2256 метр өндөрт орших Түшээ гүн хэмээх оргилууд болно. Ер нь Богд Хан Ууланд 2000 метрээс дээш өргөгдсөн эртний тэгшрэлийн гадарга голлоно. Тэгшрэлийн гадаргын үнэмлэхүй өндөр 1800, 2000, 2200 метрийн түвшинд гурван үндсэн шатлал үүсгэсэн байна. Ойн хилээс дээш гарсан Цэцээ Гүн, Түшээ Гүн болон бусад өндөрлөгт хүйтний өгөршлийн нөлөөгөөр тагт чулуун нуранги үүссэн газар олонтой. Газарын хэмжээнд Чулуун нүүрсний галавын үед (350-205 сая жилийн тэртээ) хуримтлагдсан тунамал чулуулаг, Мезозойн эриний Юрийн галавын сүүлч, цэрдийн галавын эхээр (130 сая жилийн өмнө) үүсч бүрэлдсэн боржин чулуу, мөн уулын бэл, хормой, гуу жалга орчимд хөвсгөр тунадас тархаж байдаг. Тогтцын хувьд Богд Хан Уул Хангай, Хэнтийн атираат бүсийн Хэнтийн хэсгийн баруун өмнөд талд оршдог. Богд Хан Уул нь Хэнтийн нурууны ай савд багтах боловч гол нуруунуудаас саланги орших бөгөөд өндрийн болоод уулархаг хотгор гүдгэрийн нөлөөгөөр тэнд ой, тайгын ландшаф голлох байр эзлэж, Монгол орны ойн тархалтын хамгийн өмнөд зах нь болно. Чухамдаа Монгол орны ойт хээр, хуурай хээрийн бүсийн зааг дээр орших босоо бүсшил бүхий уулсын тогтоцтой ажээ. Богд Хан Ууланд таг, уулын тайга, уулын ой, уулын хээр, уулын хуурай хээр зэрэг бүслүүрлэг хэв шинжээс гадна бүслэг шинжтэй умардын хуурай хээр, бүсийн бус татмын нуга тус тус тархжээ. Энэ ууланд мөстлөгийн буюу мөсөн галавын ул мөр ховор, зөвхөн хамгийн өндөрлөг хэсэгтээ бага зэрэг мөстөж байжээ.

Амьтан, ургамлын аймаг

Хэнтийн нурууны голлох амьтны аймгийг бүрдүүлэгч хөхтөн амьтдын нутагшлын хамгийн урд хил нь Богд Хан Уул болно. Тарвага, зурам, зараа, мануул, булга, шилүүс, буга, бор гөрөөс, аргаль, янгир тэргүүтэн 54 зүйлийн хөхтөн амьтан бүртгэгдсэн.

Жигүүртэн шувуудаас бөднө, болжмор, хараацай, хайруулдай, тогоруу, өрөвтас, харцага, шонхор, бүргэд зэрэг 194 зүйлийн шувуу бүртгэгджээ.

Ургамлын аймгийн хувьд нийт талбайн 55.8 хувийг шинэс, гацуур, хуш, нарс, хус, бут сөөгнөөс бүрдсэн ой мод эзлэнэ. Уулын оройн хэсэг, баруун, баруун хойд талын зарим газарт хушин ой зонхилох бол, баруун урд ба өмнөд хэсгээр гацуурын ой, баруун урд хэсгээр нарсан ой, хойд ба зүүн хэсгээр шинэсэн ой зонхилдон тархсан байна. Энд 70 овгийн, 256 төрлийн, 587 зүйлийн ургамал ургадаг.

Түүхэн товчоон

Их Тэнгэрийн аманд байгаа хадны сүг зураг тэргүүтнийг үзэхэд лавтайяа аль хүрэл зэвсгийн үеэс хүн суурьшиж байсан ул мөр байдаг. Богд Хан Уул эртнээс бөө мөргөлийн шүтээн, тайлга тахилгын газар байсан бөгөөд 13-р зууны үеэс Хэрэйдийн Ван Хан Туулын Хар түнд нутаглаж байхдаа Хан Ууланд ан гөрөө хийх, гал хөс түлэхийг хориглодог байжээ. Хуучин нэр нь Хан Уул гэдэг байсан бөгөөд Чингис хаан энэ уулын бэлд мэндлэсэн тул Хан Уул гэдэг болсон гэж зарим түүхэнд гардаг.

Манжийн хаан Тэнгэрийг тэтгэсний 43-р он буюу нийтийн тооллын 1778 онд Их Хүрээний сайд ван Юндэндорж, харьяа түшмэл Санжаадорж нарын айлтгал бичгээр Богд Хан Уулыг зарлигаар тахиж байх болсон гэсэн түүхэн мэдээ байдаг. Дээрхи Юндэндорж ван болон Санжаадорж түшмэл нарын саналаар Богд Жавзандамба хутагтын цолыг Хан Ууланд өргөснөөр Богд Хан Уул гэх болсон гэдэг. Энэ уулын хоёр ноён оргилд Цэцээ гүн, Түшээ гүн гэсэн цол олгож, жил бүр улсын сангаас цалин пүнлүү олгодог байсан байна. Мөн энэ үеэс Богд Хан Ууланд Өмнийг Тэтгэгч Цагаан Лавай Дүнжингарав гэдэг нэрийг өгсөн гэдэг. Богд уулын бараа харагдах газар хүн цаазаар авдаггүй байсан гэдэг. Тэнгэрийг тэтгэгч хааны зарлиг гарсны дараанаас 1779 оны шарагчин гахай жил Халх дөрвөн аймаг, шавь таваараа нийлэн тахиснаас хойш зарлигаар жилд хоёр удаа зун, намарт тахьдаг болсон гэдэг. Хувьсгалын жилүүдэд Хан Уулын тахилга тасалдсан байсан ч 1995 он Улаанбаатар хот үүсгэн байгуулагдсаны 365 жилийн ойгоор Цэцээ гүний оргилыг тайж, 1995 онд Монгол Улсын ерөнхийлөгч П.Очирбат Богд Хан Уулыг тайх санаачлагыг дэмжсэн зарлиг гарган, 2004 оноос Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигаар төрийн тахилгатай уулсын нэг болгож 5 жилд нэг удаа төрийн тахилга үйлдэх болсон.

No comments:

Post a Comment