аялал жуулчлал

Thursday, November 26, 2009

Хил манах дайчид хилчдээ намнав


Энэ сарын 22-ноос 23-нд шилжих шөнө хил дээр үүрэг гүйцэтгэж байсан цэргүүд гурван хүний амийг хөнөөж, долоон хүн барьцаалан зугтсан онц ноцтой хэрэг гарсан талаар өмнөх дугаартаа мэдээлж байсан билээ. Хэргийг Э.Оюунболд, Г.Лхагважав, М.Тулга, Р.Энхжаргал нар үйлдсэн болох нь тогтоогдоод байгаа. Хэрэг гарсан талаар мэдээлэл ирсэн даруйд ХХЕГ, ТЕГ, ТЕГ, ЗХЖШ-ын дэд дарга болон албаны хүмүүсээс бүрдсэн шуурхай бүлэг ажиллаж эхэлсэн байна. Урьд өмнө нь манай улсад гарч байгаагүй ноцтой хэрэг гарсан тул хууль, хяналтын байгууллагууд сонор сэрэмжээ өндөрсгөжээ.


Энэ аймшигт хэргийн үеэр шархдсан ч амьд гарсан дэслэгч Ц.Сод-Эрдэнэ 23-ны орой ажлын хэсгийнхний “МИ17133″ нисдэг тэргээр Улаанбаатарт хотод хүргэгдэн ирсэн. Одоогоор түүний биеийн байдал хүнд байна. Дэслэгч Ц.Сод-Эрдэнийг уржигдар орой есөн цагийн үед Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн Гэмтэл мэдрэлийн мэс заслын тасагт хэвтүүлэн эмчилж байна.
Шархадсан дэслэгчийн биеийн байдал хүнд байна
Бид шархадсан Ц.Сод-Эрдэнэтэй уулзаж, яг юу болсон талаар тодруулах гэсэн боловч эмчлэгч эмч нь түүний биеийн байдал хунд, хунтэй ярьж чадахгүй байгаа гэсэн юм. Ингээд эмчлэгч эмч Төрийн шусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн Гэмтэл мэдрэлийн мэс заслын тасгийн ахлах зэрэглэлийн эмч, ахлах дзслэгч Б.Нарансүхээс дараах асуултад хариулт авлаа.
-Ц.Сод-Эрдэнийн биеийн байдал ямар байна?

-Биеийн байдал хүнд байгаа. Ерөнхийдөө стрессийн байдалтай байгаа учраас хүнтэй ярьж ч чадахгүй байна.
-Ц.Сод-Эрдэнэ хаанаа шархадсан байгаа вэ. Хоёр удаа буудуулсан гэж сонссон?

-Хэдэн удаа буудуулсаныг нь мэдэхгүй ээ. Ямар ч л байсан биед нь хоёр ширхэг сумны толгой байсан. Баруун талын дунд чөмгөөр, мөн хэвлийн өмнө талд бууны шархтай ирсэн. Баруун талын гуяны доод тал буюу гуравны нэг орчим хэсгээрээ буудуулсан байна.
-Түүний шарх амь насанд нь хэр халтай вэ?

-Одоохондоо амь насанд нь халтай юм мэдэгдэхгүй байна. Гэхдээ сумны шарх гэдэг аажимдаа хүндрэх магадлал өндөртэй байдаг. Одоо төдийлөн мэдэгдэхгүй байлаа ч хожим хойно өвчин нь сэдрэх магадлалтай.
-Хохирогч хүнтэй ярьж чадахгүй байгаа гэлээ. Энэ талаар?
-Аргагүй шүү дээ. Буудуулсан болохоор цочролд орсон байгаа. Манай эмнэлэг сэтгэлзүйн хувьд. тусдаа эмчилгээ хийгээгүй. Харин хэрэгтэй гэж үзвэл бид түүнийг сэтгэлзүйн эмчтэйгээ уулзуулж болно.
-Эмчилгээний явц хэр удаан үргэлжлэх бол?
-Эмчилгээний үр дүнгээс шалтгаална. Эмнэлгийн зүгээс боломжтой бүхий л эмчилгээг хийж байна. Ер нь бууны шарх хүндрэл ихтэй байдаг.
Ц.Содхүү: Дүү маань ажлынхаа гарааг эхлээд удаагүй байсан
Бид шархадсан дэслэгч Ц.Сод-Эрдэнийн ар гэрийнхэнтэй уулзах гэж нэлээд хүлээсний эцэст түүний төрсөн ах Ц.Содхүүгэй уулзсан юм. Тэрбээр тус эмнэлэгт дүүгээ сахиж байгаа ажээ. Тэрээр энэ хэрэг гарсныг сонсоод 23-ны шөнө Дорноговиос Улаанбаатарт хүрэлцэн иржээ. Одоо дүүгээ сахиж байгаа аж. Дүүгийнх нь биеийн байдал ямар байгааг тодруулахад “Хэдэн минутын өмнө биед нь байсан сумны үзүүрийг авсан, сэтгэл санаа нь сайнгүй байна” хэмээсэн юм. Дэслэгч Ц.Сод-Эрдэнэ нь энэ оны долдугаар сараас хилийн 0129 дүгээр ангийн Улаан-Уулын заставт хувиарлагджээ. Тэрээр өнгөрсөн хавар Хилийн цэргийн дээд сургуулийг төгссөн байна. “Дөнгөж 23 настай, ажлынхаа гарааг эхлээд удаагүй байсан дүү маань балмад этгээдүүдийн уршгаар эрүүл мэндээрээ хохирлоо” гэв. Тэрээр бидэнтэй удаан ярилцах боломжгүй, дүүгийнхээ эмчтэй уулзахаар яаран орсон юм.
Алуурчид хэн байв
Энэ хэргийг байлдагч Э.Оюунболд толгойлж үйлдсэн бөгөөд баривчлагдах үедээ Дархан-Уул аймаг орох машин, бүслэлтээс гаргахыг шаардан барьцаанд байсан ахлагч О.Итгэлтөгсийн амь насыг хөнөөнө хэмээн сүрдүүлж байжээ.
Э.Оюунболд нь байн байн ээжтэйгээ уулзмаар байна гэдэг байжээ. Шуурхай ажлын хэсгийнхэн ятгаж, хэлэлцээ хийсний дүнд тэднийг буун дуу гаргалгүйгээр баривчилжээ. Гэмт этгээдүүд оргож явах замдаа машиныхаа дугуйг хагалж орхисон бөгөөд замын айлаас унаажих зорилго өвөрлөж байсан гэнэ. Гэмт этгээдүүдийн бүгж байсан газраас 200-500 метрийн зайд байсан айлуудыг тусгай хамгаалалтад авсан байсан тул ямар нэгэн эрсдэл гараагүй байна. Тэд АКМ буу дөрвөн ширхэг, 19 сумтай хоёр гар буу дохионы буу болон, чинжаал хутга гурван ширхэг, 97 АКМ бууны сумтай байжээ. Баривчлагдах үедээ буу зэвсгээ бүгдийг нь сумлаж бэлэн байдалтай байлгажээ. Тэднийг 23-нд ажлын хэсгийн нисдэг тэргээр авчирч “Ганц худаг”-т хорьж, хэргийг цагдаагийн байгууллага шалгаж эхлээд байна.
Байлдагч Эрдэнэцэцэгийн Оюунболд нь 1989 оны 08 дугаар сарын 21-нд Сэлэнгэ аймгийн Зүүнхараа суманд төрсөн. Ээжтэйгээ амьдардаг. 11 дүгээр ангийн боловсролтой. Цэрэгт ирэхээсээ өмнө ажилгүй байсан. Дархан-Уул аймгийн дөрөвдүгээр багаас 2009 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагаар хилийн 0129 дүгээр ангид хуваарилагдсан.
Байлдагч Ганхуягийн Лхагважав нь 1988 оны 12 дугаар сарын 07-нд Сэлэнгэ аймгийн Зүүнхараа суманд төрсөн. Ээж дүүгийн хамт амьдардаг. 11 дүгээр ангийн боловсролтой. Цэрэгт ирэхээсээ өмнө ажилгүй байсан. Сэлэнгэ аймгийн 16 дугаар багаас 2009 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагаар хилийн 0129 дүгээр ангид хуваарилагдсан.
Байлдагч Мөнхжаргалын Тулга нь 1990 оны 09 дүгээр сарын 24-нд Дархан-Уул аймагт төрсөн. Эмээ, ээж, дүү нарын хамт амьдардаг. 11 дүгээр ангийн боловсролтой. Цэрэгт ирэхээсээ өмнө ажилгүй байсан. Дархан-Уул аймгийн 4 дүгээр багаас 2009 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагаар хилийн 0129 дүгээр ангид хуваарилагдан очжээ.
Байлдагч Рагчаагийн Энхжаргал нь 1986 оны 10 дугаар сарын 07-нд Дархан-Уул аймагт төрсөн. Ээжтэйгээ хамт амьдарч байжээ.
Амь нас нь хохирсон хилчид
Ахлах дэслэгч С.Бум-Эрдэнэ нь 1980 онд Завхан аймагт төрсөн. 1998 онд нийслэлийн арван жилийн 35 дугаар дунд сургуулийг төгсөж сайн дураараа цэргийн албанд явжээ. 2005 онд Хилийн цэргийн дээд сургуулийг “Хилийн алба, эрх зүйч” мэргэжлээр төгссөн. Ажлынхаа гарааг Завхан аймгийн Тэс суманд хилийн 0277 дугаар ангид заставын орлогчоос эхлэн, заставын дарга, бэлтгэл заставын орлогчоор ажиллаж байгаад энэ оны есдүгээр сараас хилийн 0129 дүгээр ангид бэлтгэл заставын орлогчоор ажиллаж байсан аж. Эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг байжээ. Тэрээр Улаан-Уулын заставын даргыг түр хугацаагаар орлож байсан бөгөөд хэрэг гардаг орой томилолтынх нь хугацаа дуусах байсан аж.
Түрүүч М.Энх-Амгалан нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын харьяат 1989 онд төрсөн. Бүрэн дунд боловсролтой байжээ.
Түрүүч Э.Бямбасүрэн нь Баянхонгор аймгийн Богд сумаас цэргийн алба хаахаар ирсэн. 1988 онд төрсөн. Бүрэн дунд боловсролтой байжээ. Талийгаачийн гэр сумын төвөөсөө зайдуу байдаг учир уг эмгэнэлт мэдээг гэрийнхэнд нь нэлээд хожуу дуулгажээ. 24-ний өглөө түүний ар гэрийнхэн Хил хамгаалах ерөнхий газрын удирдлагуудтай уулзаж хэргийн газар руу явсан аж.
Хил хамгаалах ерөнхий газраас ажлын хэсэг томилогдон талийгаачдын ар гэрийнхэнтэй уулзаж, тэднийг нутаглуулахад бололцоотой бүхнээрээ тусламж үзүүлэхээр болжээ. Одоогоор амь эрсэдсэн дайчдыг хэзээ нутаглуулах нь тодорхойгүй байна.
Ямар учир шалтгааны улмаас ийм хэрэг болсон талаар одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд асуудлыг Цагдаагийн газрынхан шалгаж байна. Энд мөнөөх л оны ялгаа, офицер, бага нарын дарамт, нутгархах явдал нөлөөлсөн байж болзошгүй гэсэн хар сэр байна.
Ж.Тагтаа, Т.Сэлэнгэ
ШАРХТАЙ ОФИЦЕР ХЭЛ ХҮРГЭХЭЭР 20 КМ ГҮЙЖЭЭ
Олныг цочирдуулсан ноцтой хэрэг хилийн цэрэгт гарчээ. Хоёр хүний амь хөнөөсөн этгээдүүд замдаа таарсан болгоныг буудан хорооход бэлэн байж. Яг л кинон дээр гардаг шиг. Шөнийн хоёр цагт буюу хүмүүс ид нойрсож байдаг цагт гэнэт гарсан буун дуунаар дэслэгч Ц.Сод-Эрдэнэ ухасхийн боссон байна. Улсынхаа хилийг манаж байгаа түүнд хил зөрчигч ирэв үү гэх бодол хамгийн түрүүнд төрсөн байж таарна. Хоромхон зуур хувцаслаад гүйн гартал өөдөөс нь шууд гал нээх нь тэр. Харанхуй тийш зугтах хооронд дөрвөн удаа буудахыг анзаарч амжсанаас нэг сум хэвлий хавьд тусч, дараагийн нэг сум хөлийг нь онохыг мэдэрчээ. Оногдсон даруйдаа нэг бүдэрч унаад цааш зугтсан байна. Юуны түрүүнд зэргэлдээ заставтаа хэл хүргэж тусламж хүсэх, төвд мэдээлэх нь чухал гэсэн бодол толгойд нь орсон гэнэ. Тэр застав нь хориод км-ийн цаана байдаг. Хилчид өөр хоорондоо ирж очдог шулуун зам нь арай товч боловч, зэвсэглэсэн этгээдүүд араас нь гэрэлтүүлэн хэсэг хөөсөн учир болгоомжлохоос аргагүй. Хэсэг нуугдаж байгаад чимээ намжмагц хилийн шугам даган гүйв. Шархадсан газраас нь цус гоожих учир явуут дундаа гap бууныхаа оосроор гуяа чаигалж боогоод, хэвлийгээ даран цааш гүйж. Үүр цайж байхад арай гэж зэргэлдээ заставтаа хүрчээ. Ц.Сод-Эрдэнийн хувьд байлдааны үүргээ нэр төртэй биелүүлжээ гэж үзэж болохоор. Харин зарим эх сурвалж, ийм хүнд үед анги заставаа орхиод зугтсан цэргийн дарга арга хэмжээ авахуулж магадгүй гэх. Ямар боловч хоёр удаа буудуулчихаад амьд үлдсэн түүнд талархах нь зүй.
Шархадсан офицерыг Төрийн тусгай албан хаагчдын төв эмнэлэгт эмчлүүлэхээр авчирсан байна. Биеийн байдлыг нь лавлахаар тус эмнэлгийн дарга, Ерөнхий эмч, хурандаа Ш.Жаргалсайхантай уулзлаа.
-Сайн байна уу. Хил дээр буудуулж шархадсан офицер танай эмнэлэгт эмчлүүлж байгаа гэсэн?
-Тийм, тийм. Өчигдөр орой 21 цаг өнгөрч байхад ирсэн. Одоо тусгай өрөөнд эмчлүүлж байгаа.
-Тэр залуутай уулзаж болох болов уу?
-Одоогоор уулзуулахгүй байх чиглэл манай удирдлага болон цагдаагийн зүгээс гаргасан. Нэгд асуудал ид шалгагдаж байгаа. Хамгийн гол нь шархтай офицерын сэтгэл санаа нэлээд хямралтай байгаа учир хэд хоног тайван хэвтүүлэх шаардлагатай.
-Шарх нь хүнд юм уу?
-Их азтай залуу. Дөрвөн удаа буудуулаад хоёр суманд нь оногдсон. Нэг сум өвдөгний дээхнэ талаар ороод, дунд гуяны булчинг нэвт сэтлээд гарсан. Яс болон мэдрэл, артерийн том судас гэмтээгүй. Нөгөө сум нь хэвлийн тус газар нь хавсан. Хэвлийд нэвтрээгүй.
-Гайгүй хөнгөвтөр шархадсан юм байна?
-Уг нь тийм. Гэхдээ байлдааны буумы шарх их осолтой байдаг. Ямар ч хүндрэл өгч болно. Тэгээд ч ариун боолт хийлгүй зөндөө удаан явсан болохоор халдвар орсон байхыг үгүйсгэх аргагүй.
-Хэдэн настай залуу гэсэн бэ?
-24-тэй гэсэн байх шүү. Дөнгөж өнгөрсөн жил Хилийн цэргийн сургууль төгсөөд тэр заставт хуваарилагдсан юм билээ.
-Аль нутгийн хүн юм бол. Гэр бүлтэй гэсэн байх аа?
-Дорноговь аймгийн Хатанбулаг сумын уугуул гэсэн. Эхнэр хүүхэдтэй.
-Гэрийнхэн нь ирсэн үү?
-Ирсэн. Нэг ах нь аймгийн Засаг даргын Тамгын газарт ажилладаг юм байна. Дүү нь хотод оюутан. Тэр хоёр нь ирсэн байгаа. Тав, зургаа хоногоос бие нь сайжрахаар сэтгүүлчидтэй уулзуулж болох байх аа.
Олхонууд ШААБАР
ХӨВГҮҮД МААНЬ ЭНХ ЦАГИЙН “ДАЙН”-Д ЭРСЭДСЭЭР БАЙХ УУ
Нялх үрийн дуу хадаан төрж буй тэр л агшинд эх хүн бүрийн сэтгэл баярын нулимсаар дэвтдэг жамтай билээ. Харин хүү төрлөө гэдэг мэдээг сонссон эцэг хүн уулыг ч эргүүлэх хүч чадлыг олдог гэлцдэг. Өлгийнд боодолтой тэр бяцхан сахиусан тэнгэрээ бүгдээс харамлан хайрлаж өсгөнө. Ийн энхрийлж өсгөсөн үрээ Монгол Улсын хуульд заасны дагуу насанд хүрэхэд нь эр цэргийн албанд мордуулна. “Энэ бол чиний улс, эх орныхоо өмнө хүлээх үүрэг, хариуцлага юм шүү” гэж нулимсаа залгин байж хүүгээ явуулдаг. Харин хэсэг хугацааны дараа “хүү чинь амь үрэгдлээ” гэсэн мэдээг сонссон эхчүүд олшрох нь. Харамсал, гашуудлаасаа болж үхэн үхтлээ дээлтэйгээ хатаж явах байх аа, тэд.
Өнгөрсөн долоо хоногт хил дээр үүрэг гүйцэтгэж байсан гурван цэрэг долоон хүнийг барьцаалж, гурван хүний амийг хөнөөсөн онц ноцтой хэрэг гарлаа. Мэдээж хэрэг, тэднийг зөвтгөх шалтгаан байхгүй. Гэхдээ яагаад ийм хэрэг хийх болов гэдгийг мэдэх нь чухал байна. Тэднийг ийм үйлдэл рүү юу түлхэв. Хамт алба хашиж буй нөхдөө барьцаалахад нь юу хүргэв. Бууны гох дарахад нь юу нөлөөлөв. Үүнд хэн буруутай вэ. Энэ мэт олон асуудал одоогоор хариултгүй байна. Уг хэрэг болсон Дорноговь аймгийн цэргийн ангиудад өмнө нь олон хэрэг гарч байсан. Байлдагч нь даргаа эсвэл дарга нь байлдагчаа хөнөөсөн гэх мэдээллүүд хэвлэлийн хуудаснаа хадгалагдан үлджээ. Ямар сайндаа л тухайн үеийн хэвлэлүүд тус аймгийг мэрэгч төлөгчдөд үзүүлж ламаар ном уншуулаасай хэмээн санаа зовнисон нийтлэл бичиж байх вэ дээ. Нөгөө талаар дээрх хэрэгт  барьцаалсан долоон хүний нэг нь ахлагч цолтой нэгэн байсан нь анхаарал татаж байна. Өөрөөр хэлбэл, энэ хэрэг гарах нөхцөл нь цэргийн дарга нараас хамааралтай юм биш байгаа гэсэн хардлага төрж байна. Нарийн ярьвал байлдагч нарын зүрхэнд цус хуруулдаг “цэргийн дэглэлт”-ээс болсон бололтой. Буу үүрсэн тэдгээр хэрэгтнүүдийг байж суухын аргагүй болтол нь дарамталсан байж болох.
Цэрэгт явна гэдэг зарим эрчүүдийн хувьд айдас. Уг нь цэрэгт явсан хүн хал үзэж, хашир суудаг тул цаашдаа амьдралд буурьтай ханддаг нэгэн болдог гэсэн ойлголт байдаг. Тийм ч ойлголтоор эцэг эхчүүд сайхан хөвгүүдээ цэргийн албанд мордуулдаг гэдэг нь нууц биш.Гэтэл хөвгүүд нь даарах, өлсөх, зодуур даах гэдгийг биеэрээ амсч эхэлдэг. Гэвч хүн бүр адилгүй. Шийр заан, тэвчээр гаргаж чаддаг нэгэн байхад ганц удаагийн “ухамсрын шанаа” даах чадваргүй нь бас олон бий. Эцсийн эцэст тэд буу барин гэмт хэрэг үйлдэж байна.
Цэрэгт дэглэлт байдаг гэдгийг олон нийт мэддэг. Байлдагчийн халаасанд генералын мөрдөс байдаг гэж бодсоных уу зарим “жижигчүүл” нь дарга царайлах гэж хэтэрхий хичээнэ. Хүний бие, эрхтнийг мэддэг болтлоо эрх мэдэлтэй болсон байдаг гэвэл нэг их буруутахгүй. Цэрэгт явж зодуур үзээгүй эрийг эр гэх үү гэхчилэн дарамтална. Хэн нэгний гарын шүүс болох гэж цэрэгт яваагүй болохоор гэмт хэрэг үйлдсэн дээрх залуусыг буруутгахгүй байх нэг үндэслэл энэ.
29 настай залуу төмсгөө бяц өшиглүүлчихээд гэрийхнээсээ нуусаар хавдар болтол нь явсан аж. Мэдээж хэрэг амьд үлдэхийн тулд төмсгөө авахуулсан. Үүний уршгаар өнөөдөр үр удмаа үлдээх боломжгүй болж архинд толгойгоо мэдүүлэн амьдарч яваа гэнэ лээ.
Танил эмэгтэй маань олон ахтай, мөн эрэгтэй дүүтэй хүн. Гэтэл цэрэг гэдэг “аюултай үйлс”-д зүтгээд ах, дүү хоёр нь эрүүл мэндээрээ хохирсон юм. Гэрийнхэн нь тэр үед амьд ирсэнд нь л баярлаж суусан гэдэг. Хүндэт харуулын ангид алба хаасан дүү нь нурууны ясаа цоортол зодуулж, харин ах нь их бууны ангид алба хааж байхдаа хөлөө хугалуулж байсан юм. Хугарсан хөл эдгэлээ гэхэд гомдсон сэтгэлийн шарх хэзээ ч эдгэхгүй. Энэ гэр бүл тэднийгээ дайнд мордуулаагүй шүү дээ. Ийм баримтуудыг ахтай, эрэгтэй дүүтэй хүмүүс бэлээхнээ хэлээд өгнө. Энэ мэтийн дэглэм цэргийн сургуулиудад хүртэл байдаг. БХИС, Цагдаагийн академи зэрэг сургуулиудад дэглэлтээс болж сонсогчид нас барсан, хүнд гэмтэл авсан гэх мэдээллүүд хэвлэл мэдээллээс олонтаа харагддаг. Энэ худлаа гэж үү. Энэ бүхнийг нуршихын учир нь дээрх залуусыг ийм ноцтой үйлдэл хийхэд нь хүргэсэн шалтгааны эзнийг олох хэрэгтэй гэдгийг л сануулах гэсэн юм. Хүн амиа хорлосон тохиолдолд түүнийг ийм үйлдэл хийхэд нь хүргэсэн буруутныг тогтоодог. Ингээд нотолгоо нь бий болсон үед амиа хорлоход нь хүргэсэн буруутай этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэдэг. Энэ тогтолцоо батлан хамгаалахын салбарт ер хэрэгжихгүй байна. Алба хааж буй байлдагч нар эрүүл мэндээрээ хохироод л өнгөрдөг. Харин эрх мэдэлтнүүд нь цалингаа хасуулах, цэргийн байгууллагаас халагдах, албан тушаал буурах зэрэг сонин ял шийтгэл, хариуцлага үүрээд өнгөрсөөр өдийг хүрлээ.
Гэтэл БХ-ын сайд Л.Болд албан тушаалаа аваад хагас жил ч болоогүй байхдаа “Би хот хөдөөгийн цөөнгүй цэргийн ангиар орж дайчидтай уулзаж ярилцаж байсан. Дээр үеийн дэглэлт мэтийн дүрмийн бус үйлдлүүд байхгүй болсон гэж ойлгосон” гэж ярьж байсан юм. Тэгвэл өнөөдөр байлдагчид өөр зүйлийг нотлоод байгаа бус уу. Байлдагчид гэмт хэрэг үйлддэг болсон шалтгаан нь дээрх дэглэлт гэдгийг олон ч хэрэг батлаад байгаа. Мэдээж сайд ирэх сургаар кинон дээр гардаг шиг “цагаан халатаа өмсөөрэй, ширээнийхээ бүтээлгийг солиорой” гэдэг сценари явагдах нь ойлгомжтой. Тэгээд хонины махаар хийсэн хоолыг нь дарга нар амтархан идээд цэргийн амьдрал сайхан байгаа юм байна гэж андуурч бодоход хүргэнэ. Гэтэл үнэн хэрэг дээрээ манай цэргүүд ямар хоол иддэг билээ. Цэргийн ангиуд ихэнхдээ зээрийн мах эсвэл дутуу цэвэрлэсэн гэдсээр л хооллодог гэдгийг цэрэгт явсан эр хүн бүр батлаад өгнө. Зээр бол үндсэндээ зэрлэг ямаа. Хүмүүс жилийн 365 хоног ямааны мах иддэг бил үү. Ямааны мах бүтэн жил идсэн хүний бие тэсэх үү. Үнэндээ л хүнд даваа. Өлсөхөөс гадна өнөөгийн байлдагч нар маш их даардаг. Аргагүй шүү дээ. Тэдний өмсч буй гутал, хувцсыг дэндүү чанаргүй материалаар хийсэн байдаг.
Энэ бүхэнд дарга нар буруутай гээд шууд хэлчихье. Захирагч нар, “хурган” дарга нар нь дэглэм зохиож бас түүнийгээ өөрсдийн үг хэллэгээр нэрлэчихдэг. Тэрийг нь зөрчсөн хэн ч зодуур, дарамтаас сална гэж байхгүй. Жинхэнэ дарангуйлагчдын арми бол тэд гэхэд хилсдэхгүй. Ингэж дарга нар нь хүртэл дарамталж байхад амьд хүн тэвчих үү. Шулуухан хэлэхэд, анги дотор өрнөж буй үл тэвчим үйлдлүүд байсныг илрүүлж чадаагүй тус ангийн захирагч болон цэргийн дэглэлтийг бодлогоороо зогсоож чадаагүй БХЯ, ЗХЖШ-ын дарга нар сайн дураараа огцрох ёстой. Ийм сэтгэлтэй хүмүүсийн уршгаар цаашид олон аавын хүү амь нас, эрүүл мэндээрээ хохирч, манай улсын батлан хамгаалах салбар хүнгүйдэж мэдэх нь байна. Олон түмэн энэ хэргийн зангилаа хэрхэн тайлагдаж, эрхэм дарга нар ямар шийдвэр гаргахыг чих тавин сууж байгаа шүү.

No comments:

Post a Comment