аялал жуулчлал

Sunday, March 21, 2010

Гоо сайхны ертөнцийг өөрчилсөн таван нээлт

Бүр балар эрт үед эмэгтэйчүүд нүүрээ будаж, үнэртэн түрхэж, өөрсдөө гоо сайхны хэрэгслээ бэлтгэдэг байжээ. Гэхдээ гоо сайхны хэрэглэлийн олонх нээлтийг чухам 20 дугаар зуунд хийсэн байна. Жишээлбэл, савтай уруулын будаг дөнгөж 1915 онд гарчээ. Түүнийг “Guerlain” компанийн гоо сайханчид бүтээсэн байна. Одоо эмэгтэй хүн бүрийн байнгын хэрэглээ болсон бусад нээлтийг хэрхэн хийснийг та мэдэх үү? Сормуусны будаг, үсний будгийг хэн зохион бүтээсэн бэ?

Савтай уруулын будаг – дэлхийд тэргүүлэгч
Уруулын будаг дэлхийн хамгийн түгээмэл гоо сайхны хэрэгсэл болоод олон арван жил болж байна. Түүнийг хүн төрөлхтөн аль эртнээс мэддэг болжээ. Эртний Египетийн гоё хүүхнүүд уруулын будагнаас салдаггүй байсан бөгөөд сүүлчийн замдаа ч будгаа авч явдаг байсан байна.

Дундад зууны үед Европт уруулын будаг хэрэглэхийг зөвхөн эрэгтэйчүүдэд зөвшөөрдөг байжээ. Тэр ч байтугай Английн парламент гоо сайхны хэрэгслийн эсрэг хууль гаргаж байсан байна. Тэр хууль ёсоор хэрэв эхнэр нь үнэн хэрэгтээ сүй тавьж байсан үеийнх шигээ тийм гоо үзэсгэлэнтэй биш болох нь хуримнаас хойш мэдэгдвэл эхнэрээсээ салахыг эрэгтэйчүүдэд зөвшөөрчээ.

Уруулын будаг 20 дугаар зууны эхээр дахин төрж, 1915 онд “GUERLAIN” компани ганган эмэгтэйчүүдийн гол туслагч савтай уруулын будгийг бүтээсэн байна. 1949 онд америкчууд уруулын будгийг эргэдээд оруулчихдаг сав бүтээснээс хойш “уруулын будгийн өрнөл” болжээ. Түүнээс хойш олон зуун төрлийн, янз бүрийн өнгөтэй уруулын будаг манай гарагийн эмэгтэй хүн бүрийн хүртээл болсон билээ.

Үсний аюулгүй тод, будаг
Олон зууны туршид эмэгтэйчүүд байгалийн боловч өнгөний сонголтоор дутмаг бодисуудаар үсээ будаж иржээ. Дөхөмтэй жор хэрэглэн шар үстэй болох гэсэн оролдлого эмгэнэлтэйгээр төгсөх нь олонтаа тохиолддог байв. Үс бүрэн халзран унах нь хамгийн аймшигтай зүйл биш байжээ.

Зөвхөн 20 дугаар зуунд Эжен Шуэллер толгойгоо золиослохгүйгээр үсээ будах бололцоог бидэнд олгосон билээ. Тэрбээр Сент-Круагийн коллежийн сурагчид, багш нарын дуртай талхны ачаар химич болжээ. Энэхүү нэр хүнд бүхий сургууль Эжений аав ээжийн талх боовны мухлагаас багсаргатай талх захиалдаг байсан бөгөөд хөнгөлөлт болгож Эженийг коллеждоо төлбөргүй суралцахыг санал болгожээ.

Эжин өвөг дээдсийнхээ үйл хэргийг үргэлжлүүлэхгүй харин зөвхөн химийн хичээл үзэх болно гэж шийджээ. Мэргэжил эзэмших зам шулуун дардан байсангүй. Эцэг, эх нь хоосорч жижигхэн хотод шилжин иржээ. Тэнд Эжен түгээгчээр ажиллаж, оройн цагаар л байшингийн арын бяцхан саравчинд түгжиж аваад нунтгууд, хуруу шилтэй ноцолдож гардаг байв. 1900 онд тэр Парисын химийн дээд сургуульд элсэж, сургуулиа төгсөөд Сорбоннд туслах лаборант болсон байна.

Эжен маш хөөрхөн бүсгүйтэй гэрлэж, эхнэр нь нөхөртөө ямагт дур булаам, хүслэнт хүн нь байхыг хичээн өөрийгөө арчлан, гадаад төрхөө сайхан байлгахад их цаг зарцуулж байгаад баярлаж явдаг байжээ. Нэг удаа Эжен гэртээ ирээд хайрт эхнэрээ нулимстай байхыг үзэж гэнэ. Тэр түүнийг удтал тайвшруулж чадсангүй. Гэтэл уйлсны шалтгаан ноцтой байжээ. Үсчинд ороод ирсэн чинь үс нь өнгөгүй, хатуу сүрэл шиг муухай болчихжээ. Охин тэнгэрийнх шиг цайвар мушгиа үстэй болно гэж бодсон юмсанж! Эжен эхнэртээ түүнийг зовлонгоос ангижруулах арга заавал олно, ямар нэг юм бодож олно гэж амлажээ. Тэр туршилтуудыг идэвхтэй хийхээр Францын төв эмийн сангийн лабораторид ажилд орсон байна. Тэгээд удалгүй эхнэртээ гайхамшигт бэлгийг хүндэтгэлтэйгээр барьжээ.

Үүнээс хойш арван жил ч өнгөрөөгүй байхад дэлхий дахины эмэгтэйчүүд Эжений бүтээлгүйгээр өөрийн амьдралыг төсөөлөхгүй болсон байна. Үсний синтетик будаг хэмнэлттэй, өнгөний сонголт өргөнтэй төдийгүй бас хэрэглэхэд маш хялбарт тооцогддог байна.

Эмчлэн-эрүүлжүүлэх гоо сайхны хэрэгсэл
Гоо сайхны эзэнт улс Эсте Лаудерийг байгуулагч гэж алдаршсан Жоефина Эстер Ментцер цагаач айлд төрсөн бөгөөд хувийн бизнес эрхлэх тухайд эртнээс мөрөөдөж эхэлжээ. Химич мэргэжилтэй авга ах нь дайнаас буцаж ирмэгц гэрийнхээ арын саравчинд лаборатори байгуулж, тэнд Эсте олон цагаар янз бүрийн гуурстай ноцолддог байжээ. Тэгээд дэлхий дээр хамгийн ашигтай зүйлийг оролдож байна. Эмэгтэйчүүдийн залуу насыг уртасгах хэрэгсэл бүтээнэ гэдэгтээ итгэлтэй байв.

Эсте авгынхаа тусламжтайгаар шөнийн цагаар жижигхэн гал зууханд шидэт тос чанаж, өдөр нь түүнийгээ ойролцоох гоо сайхны газар, хувиараа үйлчлүүлэгч нарт худалдахаар явдаг байжээ. Худалдагч нь “сая долларын үнэтэй” харагдаж, барааны чанар гойд сайн, бүх бүтээгдэхүүн жинхэнэ болохоор гүйлгээ их болов.

Эстегийн нэгэн байнгын үйлчлүүлэгчийн зарц нь майонезтай андууран салатанд нүүрсний тос хийгээд хутгачихжээ. Гэвч ямар ч аймшигтай юм болсонгүй. Эсте бүтээгдэхүүн нь аюулгүйд баярлан инээж байсан байна. “Estee Lаuder” нэрийн бүтээгдэхүүний төрсөн өдрийг Эстер Лаудер нөхрийнхөө хамт “Estee Lauder inc” пүүсийг бүртгүүлсэн 1946 он гэж үздэг ажээ.

Арван жилийн дараа гэхэд “Estee Lаuder” бүтээгдэхүүн Америкийн гоо сайхны хэрэгсэл, үнэртний зах зээлийн 45 хувийг эзлэх болжээ. 1970 онд Эсте Лаудер концерн царай зүсийг залуугаар нь байлгахад тусалж, арьсыг үзэгдэхүйц согогоос ангижруулдаг гоо сайхны иж бүрэн бүтээгдэхүүнийг анх удаа дэлхий дахинд танилцуулжээ.

Сормуусны будаг
Эртний Грекийн эмэгтэйчүүд, Ромын баян хүүхнүүд хөө, уураг, хар тугалга, шоргоолжны өндөгний хольцын тусламжтайгаар сормуусаа урт, хар өнгөтэй болгохыг оролддог байжээ.

Одоо бидний хувьд хэвийн болсон сормуусны будаг гараад 100 жил ч болоогүй байна. Түүнийг америкийн Том Уильямсон хайртай эмэгтэй дүүдээ зориулан зохион бүтээжээ.

Мейбел гадаад төрхийг нь улам үзэсгэлэнтэй, нүдэнд тусахуйц болгох ямар нэг юм бодож олохыг ахаасаа хүссэн байна. Бүсгүй хөршдөө дурлачихсан, хөрш нь түүнийг анзаардаггүй байж л дээ.

Уильямсон нүүрсний тосыг вазелинтай холиод түүнийг сормуусандаа түрх гэж дүүдээ өгчээ. Удалгүй хөрш нь үнэхээр бүсгүйг анхаарах болж, сормуусаа аятайхан буддаг болсон Мейбел жилийн дараа хөрштэйгөө гэрлэхээр сүмд очсон гэнэ. Харин Том гоёлын гоо сайхны хэрэгсэл үйлдвэрлэх пүүс үндэслэн байгуулжээ.

Үс хатаагч сэнс
Нэг удаа Английн зохион бүтээгч Герман Холлиуэлл ажлаасаа эрт ирээд аймаар дүр зураг харжээ.

Эхнэр нь толгойгоо пийшингийн ам руу хийчихсэн байж. Эхнэр нь галзуураагүй, харин зүгээр л үсээ хатааж байгаа нь тэр байж. Дараа өдөр нь л Холлиуэлл зохион бүтээх товчооны удирдлагадаа шинэ агрегат бүтээж эхлэхийг санал болгожээ. 1903 онд хавар эрт Силлезийн уулсаас хөндий тийш үлээдэг халуун салхины нэрээр фен гэж нэрлэсэн анхны үс хатаах сэнс патентаа авчээ.

Фен нь мотор, ороомог, сэнс бүхий услуур мэт харагдах бөгөөд гартаа барьж холоос үлээлгэдэг. Эс тэгвэл Цельсийн 90 орчим градусын халуун агаар үлээдэг учир үсийг шатааж болох байжээ. Энэ хэрэгсэл 2 кг гаруй жинтэй байв. Гэвч үсчний газрууд, хувь хүмүүс асар их үнэтэй ч маш олноор худалдан авах болсон байна.

No comments:

Post a Comment