аялал жуулчлал

Sunday, March 21, 2010

Нисдэг машин худалдаанд гарна


Автомашин үйлдвэрлэгчид сүүлийн жилүүдэд үнэхээр "юм" хийдэг болжээ. Өөрөөр хэлбэл машиныхаа зөвхөн "арьсыг" нь жил бүр өөрчилснөөр хол явахгүй гэдгийг ойлгодог болж. Энэ сарын 3-нд нээлтээ хийсэн Женевийн уламжлалт авто үзэсгэлэнгээс энэ бүхэн тод харагдлаа. Ер нь хагас жил, жил болоод л автомашины загварууд шинэчлэгдэж байдаг л даа.

Ийм үзэсгэлэнгүүдээс бид автомашины ирээдүйг шинждэг. Энэ удаагийн үзэсгэлэнд оролцсон бүтээлүүдийг харахад энгийн хэрэглээний автомашинуудын ихэнх нь хос мотортой болсон нь ажиглагдав. Хоёр гурван жилийн өмнө Тоёота, Хонда гэх мэт Японы компаниуд л ганц, нэг цахилгаан хөдөлгүүртэй машинаар үзэгчдийн нүдийг хужирладаг байсан билээ. Харин өнгөрсөн жилээс Европын үйлдвэрлэгчид энэ тал дээр санаа тавих болж.

Европ, Хойд Америкийн компаниуд энэ чиглэлд ихээхэн хөрөнгө зарж байгаа гэнэ. Жишээлбэл, Пежо компани хоёр литрийн дизель, 28 киловаттын цахилгаан хөдөлгүүр бүхий 5 by Pegeot загвараа танилцуулсан. Ирэх жилээс худалдаанд гаргахаар төлөвлөж байгаа энэ загварын хос хөдөлгүүр нь 165 морины хүчтэй, 100 км-т 3.8 литр түлш зарцуулдаг аж. Жийп машинууд энэ удаа цахилгаан хөдөлгүүртэй болж амжаагүй ч ирэх жил гэхэд энэ асуудлыг бараг шийдчих байх гэж Dodge компанийн төлөөлөгч ярьж байна.

Ингэхээр, гурван жилийн дараа бид цахилгаан хөдөлгүүртэй жийп хөлөглөх боломжтой болох нь. Америкчууд том, хүчтэй, Европчууд спорт загварын, Азийн компаниуд түлш бага зарцуулдаг авсаархан
машинаар өрсөлддөг уламжлал энэ удаа ч давтагдлаа. Зөгнөлт кинон дээр гардаг шиг дизайн энэ удаа спорт машинууд дээр биеллээ олжээ. АНУ-ын Terrafugia компани нисдэг автомашиныг ирэх жилээс худалдаанд гаргах болсноо мэдэгдлээ.

Тэд одоогоос яг жилийн өмнө буюу 2009 оны гуравдугаар сард анхны туршилтаа хийж байсан юм. Transition гэж нэрлэсэн уг загвар нь далавчаа эвхсэн үедээ үнэхээр автомашин гэж хэлэгдэхээр хэлбэртэй болдог ажээ. Энэ "машин" 185 км-ийн хурдтайгаар буулгүй 725 км нисч чадна. Харин газар дээгүүр 105 км цаг хурдлах чадалтай. Орчин үеийн спорт машинуудын хаалгаа хаадаг аргыг ашиглан хийсэн далавч нь 30 секундэд нээгдэж, хураагддаг аж.

Нисдэг машин хийх оролдлого аль өнгөрсөн зууны дунд үеэс эхлэлтэй. Тэгээд ч өнгөрсөн хугацаанд багагүй амжилтад хүрсэн гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Гэхдээ өмнөх загварууд бүгд машин гэхээсээ илүү онгоцтой төстэй болчихоод байсан юм. Хүн төрөлхтний нисдэг машин бүтээх оролдлогуудыг бид дараагийн авто ертөнц булангаараа хүргэх болно.

Seat IBE загвар
Хот дотор унахад тохиромжтой Seat IBE загвар. 75 киловаттын цахилгаан хөдөлгүүр, литий-ионны аккумлятор. 9,4 секундэд 100 км цагийн хурд авдаг.



Flextreme GT/E загвар
Олеп компаний Flextreme GT/E хос хөдөлгүүрт машин. Налуу хэлбэр нь салхины үйлчилгээг 0,22 хувь болтол бууруулахаар зохион бүтээгдсэн.



Stile Bertone загвар
Альфа Ромео компанийн Майк Робинсон ахлагчтай багийн бүтээсэн загвар. 450 морины хүчтэй, V8 хөдөлгүүртэй, аэродинамикийн хагийн шилдэг шийдлийг агуулсан.

No comments:

Post a Comment