аялал жуулчлал

Wednesday, November 4, 2009

H1N1-ийг япончууд эхэндээ цочир хүлээн авч байсан ч одоо дөжирчихсөн

Өдрийн сонины Япон дахь тусгай сурвалжлагч Х.Эрдэнэцэцэг эх орондоо түр ирээд байгаа билээ. Түүнтэй дэлхий дахинд тархаад буй А хүрээнии Н1N1 ханиадны тархалт Японд ямархуу байгаа, хэрхэн эмчилж байгаа талаар ярилцлаа.


-Японд гарсан шинэ томуугийн анхны тохиолдол таны амьдардаг Осака хотод бүртгэгдсэн гэсэн. Манайд энэ ханиад газар аваад байна. Японд хүмүүс анх хэрхэн хүлээж авч байв бас хэр хурдацтай тархаж байсан бол?

-Тиймээ, өнгөрсөн гуравдугаар сард Осакагийн ахлах сургуулийн хүүхэд энэ ханиадны вирусээр өвчилсөн нь Японд анхны тохиолдол байсан. Эхэндээ хүмүүс их цочир хүлээн авч, бүгд л амны хаалт зүүж эхэлсэн. Харин одоо бүр дөжирчихсөн, амны хаалт хэрэглэж байгаа хүн ч харагдахаа байсан. Шинэ төрлийн өвчин гарлаа ч гэсэн ЕБС-уудад тэр чигээрээ хорио тогтоогоогүй. Зөвхөн тухайн ангид л хичээл орохгүйгээр хорио тогтоосон. Одоо ч энэ жишгээр явж байгаа. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар ахмад настан, бага насны хүүхдэд энэ ханиад бага тусч дунд насны, залуучуудын дунд их байна гэж ярьж байсан.

-Манай мэргэжилтнүүд харин ахмад хүмүүс болон бага насны хүүхдүүд өвчлөмтгий байна гээд байгаа шүү дээ?

-Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар анх ахлах сургуулийн хүүхдэд халдварласан учраас тэр насныханд вирус тархаж байна гэж үзсэн. 50-60 настай хүн бараг өвчлөөгүй, гэхдээ дагавар суурь өвчтэй хүмүүст хүнд тусах нь мэдээж.

-Нас баралт хэр байсан бэ?

-Нас барсан хүмүүс их цөөхөн. Хууч өвчтэй хүмүүс л нас барсан. Хамгийн сүүлийн үеийн мэдээгээр Японд нийтдээ 43 хүн нас бараад байгаа. Ер нь тархалт ихтэй оронд тооцогдож байгаа шүү дээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд л гэхэд Эрүүл мэндийн төвд үзүүлэх гэсэн хүмүүс найман цаг хүлээж байж үзүүлсэн гэхчилэн ачаалал ихтэй байгаа. Эмч нар хэлэхдээ энэ ханиад хурдан халдварладаг шигээ хурдан эмчлэгдэх боломжтой гэж үзэж байгаа юм билээ. Хууч өвчин л байхгүй бол эмчилгээ хийлгээд эдгэрдэг учраас тайван бай л гэсэн зөвлөгөөг ард иргэддээ өгч байна.

-Манай Эрүүл мэндийн сайд бас тайван бай гэж хэлээд буруудаад байгаа?

-Энэ нь эдгэрдэг өвчин учраас тайван бай гэж Японы эрүүл мэндийн сайд нь өдөр бүр мэдээлэл өгч, өвчлөгсдийнхөө тайланг танилцуулж ажиллаж байсан.

-Эмчилгээ вакцинжуулалт ямархуу явагдаж байна?

-Эмчилгээ нь адилхан. Тамифлю гэдэг эмээ өгөөд дарагдаж байсан. Одоо вакцинжуулалт ид явагдаж байна. Гэсэн хэдий ч япончууд уухайн тас хийлгэхгүй байгаа. Хашир хүмүүс шүү дээ. Ялангуяа жирэмсэн эмэгтэйчүүд шинэ вакцинд итгэл муутай хандаж, болгоомжилж байгаа юм билээ. Вакцин хийлгэхгүй гэж ярьж байгаа хүмүүстэй ч таарсан.

-Та хийлгэсэн үү?

-Саяхнаас эхэлсэн болохоор амжаагүй. ЭМЯ-наас хүлээн зөвшөөрсөн болохоор хийлгэе л гэж бодож байгаа.

-Сургууль даяараа хөл хориогүй, зөвхөн нэг ангийн хичээл хаадаг гэлээ. Ер нь халдваргүйжүүлэлтийг яаж хийж байх юм?

-Хамгийн гол нь нэг гэр бүлээс нэг нь л шинэ томуугийн халдвар авлаа гэхэд гэр бүлийнхнийг бүгдийг нь хөл хорьдог. Олон хоногоор гэрээс нь гаргахгүй. Эдгэрсэн цагтаа эмчийн бичиг аваад ажил, сургуульдаа явдаг болсон. Мөн томуу гарснаас хойш цэцэрлэгүүд өглөө бүр хүүхдийн халууныг шалгаж оруулцаг болсон. Одоо Японы бүх газар орох, гарах хаалганы орчим гар ариутгагч шингэн тавьчихсан. Гаравч оровч түүнийгээ хэрэглэнэ. Бас айл өрх, албан байгууллага гэлтгүй агаар чийгшүүлэгчийг тавьж байна.

-Витаминжуулалтын тал дээр?

-Угаасаа япончууд өөрсдөө амьдралын зөв хэвшилтэй. Өглөө эрт босоод өдөрт гурван удаа чанартай хоол идэж, орой эрт унтах амьдралын зөв хэвшил баримталдаг. Энэ хэвээрээ явбал өвчин тусахгүй гэж үзэж байгаа.

-Энэ ханиадыг манайхан жирийн ханиаднаас ялгахад хэцүү, заавал шинжилгээ өг гээд байгаа. Гэтэл шинжилгээний хариу гарах гэсээр байтал нас барчихсан тохиолдол байна. Тэнд шинжилгээ хэрхэн явагдаж байна?

-Өнгөрсөн долдугаар сард би өөрөө шинжилгээ өгч байсан л даа. Халуураад бие янгинан өвдөөд байхаар эмнэлэгт очиж үзүүлэхэд шууд л шинэ томууны шинжилгээ авсан. Тэгээд таван минут хүлээлгээд хариу нь гарч таных шинэ томуу биш байна гээд явуулсан. Ер нь яаран битгий эмнэлэгт оч гэсэн зөвлөгөө өгч байсан. Учир нь эмнэлэгт очоод халдвар авчих магадлалтай юм байна л даа. Аль болох гэртээ байж түргэн дуудахыг чухалчилж байгаа даа

No comments:

Post a Comment