аялал жуулчлал

Wednesday, May 12, 2010

Цэцэг бүхэн учиртай

Эмийн сөд (сөд өвс)
Энэ нь иш салааныхаа үзүүрт хурууны өндөгнөөс томгүй ягаан хүрэн, хүрэн ягаан өнгийн цэцэг бүхий товчирхуу толгойтой, олон наст өндөр өвс. Хангай нутагт чийглэг газар бөөн ургаж наймдугаар сард газрын өнгө нэлдээ хүрэн ягаан, улаан хүрэн болох нь бий. Монголд эмийн болоод тагийн гэсэн хоёр зүйл ургадгаас эмийн сөдийг ардын болон шинжлэх ухааны эмнэлэгт өргөн ашигладаг.

Цэцэг ба үндсээр нь ходоод гэдэсний өвчний эм хийдэг. Цус тогтоох, нянг үхүүлэх үйлдэлтэй. Хөдөө гадаа явж байхад гэдэс дотор эвгүйдвээс өдөрт сөдийн 3-4 толгойг сайтар жажлан идэхэд буруудахгүй. Аль ч улирлын бэлчээрт хагд нь сайн хадгалагддаг онцлогтой.

Шаргал уул өвс
Ишнийхээ үзүүрт голдоо шаргалдуу олон өнгө зүс, хэлбэр төрхтэй, хэмжээ дамжаагаараа товч (цэцгийн буурцаг) бүхий тавгархуу том ганц хоёрхон цэцэгтэй. Маш их үсэрхэг, ноосорхог өвс тул малд тааруухан тэжээл болдог. Харин өвсийг нь хатааж нухаад хэтний уул гаргаж авна. Монгол орны ойт хээр, тал хээрийн бүсэд маш элбэг.

Ардууд толгойн өвчин намжаах, цусны даралт бууруулах тустай хэмээн дэр хийж, заримдаа гутлынхаа уланд зулж дэвсдэг. Бүдэг саарал цэцэг нь мөддөө гундаж мууддаггүй учраас уран зохиол, яруу найрагт үхэлгүй мөнхийн цагаан уул цэцэг хэмээн алдаршуулсан нь бий. Левин, Карпат зэрэг европын өндөр уулаар ургах бөгөөд түүнийг олж авчраад хайртай бүсгүйдээ бэлэглэсэн нэгнийг үлгэрийн баатар мэтээр төсөөлдөг ёс барууныханд байсан боловч одоо бараг олдохоо болиод дэлхийн Улаан номонд оруулахад хүрчээ

Гурамсан хонхлой (хонхонцэцэг)
Түвд нэр нь лүдү-дорже. Махлаг бүдүүн гол үндэстэй олон наст өвс. Заримдаа метр жаахан өндөр ургадаг. Ишний үзүүр хэсгийг дагасан нэлээд том олон тооны хөх цэцэгтэй. Тэдгээрийн зарим нь доош унжсан байрлалтай. Ойт хээрийн бүслүүрт ой болоод татмын чийглэг ба намгархаг нугад ургана.

Хадлангийн газар их ургах тул хатсан ногооноороо өвсийг бүх төрлийн мал иддэг. Үндсэндээ биологийн идэвхт болон будагч бодис ихтэй. Ардын эмнэлгийн холбогдолтой ном сударт “…үйлдэл нь суудлын өвчин, боом, шөрмөс татсан, тамир алдарсанд тустай хэмээжээ. Цаашид чимэглэлийн журмаар тарьж турших боломжтой. Энэ нь хэдийгээр зөгийн бэлчээр дэх балт ургамлын нэг боловч нэн үзэсгэлэнтэй цэцэг.

Нарийн навчит хөвөн оройт
Зарим нутагт зүгээр л хөвөнт гэнэ. Оросоор бол иван-чай. Ихэвчлэн хангайд ойн зах, болоод цоорхойд чийглэг нарлаг газар ургана. Нэн ялангуяа шатсан ойд бусдаас түрүүнд ургаж хоосон орон зайг богино хугацаанд эзлэдэг. долдугаар сарын дундаас Богдхан уулын арын шатсан ой ягаан туяа татуулан тунарч байдгийг хотын төвөөс харсан хүн цөөнгүй буй за. Монголд хоёр зүйл хөвөнт байдгаас нарийн навчит хөвөн оройт нэн элбэг, түүхэд ярвигтай.

Энэ нь метр хүртэл өндөр бутаар ургадаг олон наст өндөр өвс. Нэг дор бөөн ургана. Иш салааны үзүүрт дороосоо аажмаар дэлгэрдэг шөвгөрхүү урт цацаг багцагтай (баг цэцэг). Цэцэг тус бүр нэлээд том, хурц ягаан. Эх орны дайны хүнд жилүүдэд ойн цай буюу хөвөн оройтыг хэдэн зуун тонноор бэлтгэж нийтийн хэрэгцээг хангаж байжээ.

Наймдугаар сард цэцэг бүрээс гарсан арай бүдүүн хуй ханзарч олон жижиг үр гараад алсаас хөвөн мэт цавцайна. Малд тааруухан тэжээл боловч зөгийн бэлчээрийн өвс. Түвд нэр нь дүгмонүн манба боловч манайд ургадаг хэдэн зүйл тэмээн хөхийг бас ийнхүү нэрлэнэ. Тэмээн хөхтэй ойролцоо үйлдэл, чанартай гэж үзвэл энэ нь хорын өвчин, шарх, уушгины халуун, цус ба шарын халуун дэлгэрэх, гэдсээр хатгалахыг илааршуулж чадах ажээ. Огт өөр хоёр овгийн ургамал ийнхүү нэг нэртэй байгаа нь аль алиных нь үс хялгасан нисгүүртэйд орших болов уу.

No comments:

Post a Comment