аялал жуулчлал

Friday, May 21, 2010

Турк Оросын иргэд харилцан визгүй зорчино


Реджеп Тайип Эрдоган ба Дмитрий Медведев. Гэрэл зургийг ©AFP

Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев Туркт хийсэн хоёр хоногийн айлчлалын явцад тус орны ерөнхий сайд Реджеп Тайип Эрдогантай хэд хэдэн гэрээ хэлцэлд гарын үсэг зурлаа. Түүний тоонд хоёр орны хоорондын визийн дэглэмийг цуцалсан гэрээ байгууллаа гэж "Интерфакс" мэдээлэв.
Хоёр лидер Кавказ болон Самсуны боомтоор дамжсан олон улсын төмөр замын болон усан тээврийн ажиллагааг зохион байгуулахаар тохиролцов. Мөн Туркт атомын цахилгаан станц барих гэрээг байгуулжээ.
Тэд дээд боловсролын салбар ба үр тарианы чанар аюулгүй байдлыг хангах зэрэг олон төрлийн тунхаглал байгуулсан байна. Тавдугаар сарын 12-нд гарын үсэг зурагдсан гэрээний дагуу оросууд Туркт визгүйгээр 30 хоногийн хугацаанд очиж болохоор боллоо. Өмнө нь тэд Туркийн хил дээр виз авч 20 ам.доллар төлдөг байжээ.
Атомын цахилгаан станц барих талаар хэдэн жилийн турш яригдаж байсан юм. Энэ жилийн эхээр ерөнхий сайд Владимир Путин мэдэгдэхдээ АЦС барихын төлөөх өрсөлдөөнд Орос давуу эрхтэй болсон гэж байлаа. Ингээд Туркууд тендергүйгээр оросуудаар АЦС-аа бариулахаар болсон байна. Түүний өртөг нь 20 тэрбум ам.доллар болно. Гүйцэтгэгчээр нь Оросын "Атомстройэкспорт" компани байх ба төслийг хэрэгжүүлэхийн тулд тэд төслийн компанийг байгуулах бөгөөд АЦС нь түүний өмч болох юм байна.

No comments:

Post a Comment