аялал жуулчлал

Thursday, March 25, 2010

Хөвсгөл аймгийн хориог дахин сунгалаа


Хөвсгөл аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт их байгаагаас өнгөрсөн сарын 28-наас долоо хоногийн хугацаатай хөл хорио тогтоосон.

Хөл хорио тогтоохын өмнө гахайн ханиадны сэжигтэй тохиолдол 35 илэрснээс дөрөв нь H1N1 вирусийн халдварт өвчин авсан байсан. Харин өчигдрийн байдлаар сэжигтэй тохиолдол 45 болж халдвар авсан хүний тоо 10 хүрчээ.

Сумдад сургуулийн насны хүүхдүүдийн дунд өвчлөл өндөр учир аймгийн засаг даргын захирамжыг дахин долоо хоног сунгахаар болжээ. Өнөөдрөөс эхлэн аймгийн хэмжээнд бүх сумын сургууль, цэцэрлэг ажиллахгүй юм байна.

Солонгост суралцуулна гэсэн зар бүхэнд итгэх шаардлагагүй


“Солонгос улсад суралцуулна. Суралцангаа ажиллах боломжоор хангана. Виз гарсны дараа төлбөрөө өгч болно” гэсэн зар сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр их цацагдах болжээ. Харин энэ зар нь үнэхээр бодит байна уу гэдэг дээр өнөөдөр “Монгол Солонгосын боловсролын гүүр” байгууллагаас мэдээлэл хийлээ.

Солонгос улсын их, дээд сургуульд бакалавр, магистрт суралцах гэж байгаа хүн 6 сарын өмнө материалаа өгч тухайн сургуульдаа хандах ёстой. Хэлний бэлтгэлд суралцах гэж байгаа хүн 3 сарын өмнө бүртгүүлдэг байна. Өөрөөр хэлбэл энэ хугацаанд тухайн оюутныг сургах эсэх, сургах бол төлбөр төлөх, виз мэдүүлэх гэх мэт үйл ажиллагаа явагддаг байна. Гэтэл арванхоёрдугаар сарын 25-ны дотор бүртгүүлчих л юм бол бүх зүйл ОК болно гээд байгаа нь үнэн хэрэгтээ үгүй ажээ.

Харин хичээл нь хэзээ эхэлдэг вэ. Олон хүүхэд өрсөлддөг улсын чанартай томоохон сургуулиуд нь гурав болон есдүгээр сард хичээл нь эхэлдэг байна. Тэгэхээр энэ хугацаанаас 6 сарын өмнө тооцож материалаа явуулах учиртай.

Заасан хугацаанд материалаа өгсний дараа тухайн сургуулиас нь тэнцсэн гэх хариу нь ирэхдээ төлбөр тушаах талаар нэхэмжлэхийн хамтад нь явуулдаг байна. Ингээд та өөрийнхөө орох сургуульд төлбөрөө төлөхөд мөн танд төлбөр төлсөн баримт болон элсэн суралцах эрхийн бичгийн хамтаар явуулна. Энэ бичгийнхээ дагуу визээ мэдүүлнэ.

Энэ талаар виз мэдүүлэгчийн талаарх заавар бүхий зарлалыг Солонгосын ЭСЯ-ны үүднээс очоод уншсан ч болох юм. Энд бүтэн жилийнхээ төлбөрийг төлсөн байх ёстой гэсэн шаардлага байдаг. Гэтэл одоо явж байгаа зарууд нь гурав болон зургаан сараар төлбөрөө төлөх боломжтой мэтээр ярьж байгаа нь Солонгос улсаас тавьж байгаа шаардлагатай үл нийцэж байгаа юм.

Зараар явж байгаа бас нэг зүйл бол суралцангаа ажиллах боломж. Харамсалтай нь тус улсад суралцаж байгаа гадны орны оюутан суралцах эхний зургаан сарынхаа хугацаанд ажил хийх эрхгүй хэмээн хуулиндаа заасан байдаг ажээ. Хэрвээ энэ хугацаанд ажил хийж байгаад баригдвал шууд тухайн улс руу нь буцаадаг байна. Тиймээс сайхан үгтэй зард хууртагдаж очсон олон залуус амьдралаараа хохирох боломж байгааг анхааруулж байна.

Оюутнуудаа, халтиргаа гулгаанаас өөрсдийгөө болон өрөөлийг аварцгаая!


Хүйтний эрч чангарч гадуур халтиргаа гулгаа ихтэй байгаа энэ үед иргэд халтирч унан хөл гараа гэмтээх тохиолдол цөөнгүй гарах болсон. Үүнтэй холбогдуулан Монголын оюутны холбоо /МОХ/, Нийслэлийн хөдөлмөрийн газар, Оюутны хөдөлмөрийн биржтэй хамтран оюутнуудаар нийслэлийн зам талбайн цас цэвэрлүүлэх ажлыг зохион байгуулахаар болжээ.

Тус цэвэрлэгээг энэ амралтын өдөр явуулахаар төлөвлөсөн бөгөөд Оюутны хөдөлмөрийн биржид бүртгэлтэй 300 орчим оюутныг цалинтайгаар хотын төвийн халтиргаа гулгаа ихтэй явган хүний зам талбайн цас мөсийг арилгуулахаар болсон байна.

“Оюутны хөдөлмөрийн биржид бүртгэлтэй нийт 300 оюутныг дөрвөөс таван цаг ажлуулахаар болсон. Ажилласан нэг цагийн хөлсийг бид мянган төгрөгөөр тооцож үнэлнэ” гэж МОХ-ны дэд ерөхийлөгч Х.Батсайхан ярилаа.

Түүнчлэн МОХ-ын зүгээс сургуулиудаар явж цас цэвэрлэх ажилд сайн дураар оролцохыг оюутнуудыг уриалж байгаа юм байна. Одоогоор Хан-Уул дүүрэгт орших Тэнгэр дээд сургуулийн 200 оюутан уг уриалгыг дэмжиж сургуулийн ойр орчмын зам талбайг цэвэрлэхээр болжээ.

Залуу нас эрч хүчээр дүүрэн оюутан залуустаа өөрсдийнхөө эрүүл мэнд, аюулгүй орчны төлөө энэ ажилд ханцуй шамлан оролцохыг уриалж байна.

Багш нар Ерөнхий сайдтай уулзана


Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд ажлаа авсныхаа дараа боловсролын салбарынхантай уулзсан нь тэдэнд ихээхэн найдлага төрүүлсэн. Багш нар хамгийн түрүүнд цалингийн асуудлыг авч үзэх байх гэж найдсан ч тэрбээр их дээд сургууль төгсөгчид, тэдний ажлын байр, сургалтын чанарын тухай нэн түрүүнд авч үзэх тухай хэлж байсан юм.

Харин багш нар их дээд сургуульд анхаарлаа хандуулах нь зөв зүйтэй алхам ч багш нарын цалин, урамшуулал учир дутагдалтай байгаа тухайгаа дурьдаж байсан. Тэд өнөөгийн багш нарын цалин бага, ар гэр амьдралд нь хүрэлцэхгүй байгаа нь цаашид мэдлэгээр дулимаг сурагч олширч, ажлын байранд тэнцэхгүй оюутан элбэгшихэд нөлөөлж байгаа хэмээн тайлбарлаж байна.

Ирэх сарын эхний ням гаригт Монголын багш нарын өдөр тохионо. Үүний дараа нийслэлийн хэд хэдэн томоохон сургуулийн бага, дунд ангийн багш нар цалин, урамшууллын асуудлаар Ерөнхий сайдтай уулзаж санал хүсэлтээ хүргэх аж.

Улсад 27 жил ажилласан, гурван жилийн дараа 50 нас хүрч тэтгэвэртээ суух багш өнөөдөр хамгийн өндөр зэрэглэлээр цалинждаг хэдий ч гар дээрээ 180 мянган төгрөг авдаг аж. Үндсэн цалин нь 268 мянган төгрөг гэдэг ч элдэв янзын татвар, энэ тэр гэсээр хасагддаг аж. Мөн cap бүр олгож байхаар тогтсон урамшуулалт цалинг нь дансанд мөнгө ороогүй, дутуу ирсэн, гэх шалтгаанаар хасч бодож олгодог гэсэн гомдол сургууль бүрт ижил байсан юм.

МУЗН малчдад тусламж үзүүлж байна


МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Р.Самдандовжоор ахлуулсан баг энэ сарын 14-18-ны өдрүүдэд Говь-Алтай аймагт ажиллаж 12 сумын 295 өрхөд хүмүүнлэгийн тусламж үйлчилгээг хүргээд иржээ.

Энэ нь Олон улсын улаан загалмай улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны Гамшгийн яаралтай тусламжийн сангаас зудад нэрвэгдсэн Монголын малчдад олгосон 550 сая төгрөгийн буцалтгүй тусламжийн нэг хэсэг юм.

МУЗН болон холбогдох байгууллагуудын судалгаа, мал өвөлжилтийн мэдээг үндэслэн Говь-Алтай, Завхан, Хөвсгөл, Өвөрхангай, Архангай аймгуудын өвөлжилт хүндэрсэн сумдын 1200 малчин өрхөд тусламж олгож байна.

Дээрх хүмүүнлэгийн тусламжийн хүрээнд нэг өрхөд гурван сарын хүнсний хэрэглээний зориулалтаар 75 кг гурил, 15 кг будаа, 3 кг элсэн чихэр, 3 кг давс, 3 литр ургамлын тос, 3 ширхэг цай зэрэг хүнсний багц, мөн хүүхэд, том хүний дулаан хувцас, эсгий гутал зэрэг зүйлс малчдын гар дээр очиж байгаа аж.

Монгол Улсын баруун хязгаарын тус аймаг нь 2001 оноос хойш жил дараалан ган зудад нэрвэгдэн байгалийн хүнд хэцүү нөхцөлд амьдарч байна. Өнгөрсөн намар 2,2 сая орчим толгой мал тоолуулсан Говь-Алтай аймаг өнөөдрийн байдлаар 600 мянга орчим малаа зудад алдаж 1000 орчим айл огт малгүй болон хотоо харлуулаад байна.

Он гарснаас хойш тус аймагт төр засгийн болон байгууллага хувь хүмүүсийн хандиваар нийт 1.5 тэрбум орчим төгрөгийн тусламж хүргэсэн хэдий ч хаврын тарчиг энэ өдрүүдэд нөхцөл байдал өдрөөс өдөрт хүндэрсээр байна. Монгол оронд хаврын сар гарч урин цагийн амьсгал орж байгаа боловч баруун зүгийн уулархаг бүс нутгуудаар хүйтний эрч хасах 30 градустай, зарим газраа цасны зузаан 3 метрт хүрч байгаа аж.

Япон иргэдийг Монголд визгүй зорчих ноот бичгийг гардууллаа


Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Япон улсын иргэд 30 хоногийн хугацаатай Монгол улсад визгүй зорчих шийдвэр гаргасан талаар бид мэдээлсэн. Үүнтэй холбоотойгоор Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Кидокород Монгол улсын Засгийн газрын шийдвэрийг Японы Засгийн газарт мэдэгдсэн Гадаад харилцааны яамны төлөөний ноот бичгийг гардуулан өглөө.

Үүнээс гадна Гадаад харилцааны сайд Г.Занданшатар 2009 оны арванхоёрдугаар сард Япон улсад айлчлах үеэрээ Монгол улсын дипломат паспорттой иргэдийг Японд зорчиход нь визгүй болгох талаар санал тавьсан. Энэ уулзалтаараа ч “Энэ ондоо багтааж, Монгол улсын дипломат паспортыг визээс чөлөөлөх талаар тохиролцоонд хүрэх эрмэлзэлтэй байгаа тул Элчин сайдын зүгээс дэмжлэг үзүүлж ажиллах”-ыг Элчин сайд Т.Кидокорогоос хүслээ.

Япон иргэдийг визээс чөлөөлөх шийдвэр нь Монголын Засгийн газар Япон улстай хөгжүүлж буй харилцаанд улс төрийн ач холбогдол өгдөг, цаашид хоёр орны Иж бүрэн түншлэлийн харилцааг Стратегийн түншлэлийн төвшинд хүргэх чиглэлтэй байгааг харуулж байгаа юм.

МАХН-ын дарга ирж, АН-ынх эмчилгээнд мордох нь ээ


МАХН-ын дарга С.Баяр өнөөдөр эх орондоо морилох гэж байна. Түүнийг ч элдэв янзын сайн, муу үйл явдал угтах нь дээ. Ядаж л хоёрхон хоногийн өмнө Сонгинохайрхан дүүргийн Хувьсгалт намын жирийн гишүүд гарын үсэг цуглуулан нам руугаа жагсч, багахан хэмжээний долдугаар сарын 1-ний үймээн дэгдээв.

Тэдний гол зорилго нь намынхаа төв аппратыг огцруулж, шинэчлэлийн салхийг сэвэлзүүлэхийг хүссэн юм байх. Түүнчлэн өнөөдөр болох бас нэг гайхалтай ч юм уу, жигтэй гэмээр цаг тооны хачин сонин давхцал бол С.Баяр даргын ирэхтэй зэрэгцээд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний Техник эдийн засгийн үндэслэлийн батлах эсэхийг шийдэх юм гэнэ.

Учир нь Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Сангийн сайд С.Баярцогт тэргүүтэй гэрээнд нэр холбогдсон хэдэн нөхөр дээгүүр, доогуур жороолоод, тэр ч бүү хэл тив алгасаж "цалингаа" хүртэл халаасалсан юм гэгч нь билээ. Нэг үгээр хэлбэл, гэрээний ТЭЗҮ-ийг батлуулах ажлаа бат араанд нь хийчихсэн дуулдана. Тэгэхээр гэрээг үзэглэх үед танхимын тэргүүн байсан эрхэм дарга хэдэн cap алс холд саатсан дүрээр шаргал ордонд саатах зуур бяцхан "сайд"-ууд ТЭЗҮ-ийг баталж баяр дээр баяр нэмэх юм биз дээ. С.Баяр дарга ч алсын зайнаас хамаг хүслээ гүйцэлдүүлдэг мундаг том "хувилгаан" хүн байжээ.

Харин Экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр намын даргынхаа зам мөрийг шаламгай сайн засч байгаа харагдана. Тэрбээр улс төрөөс гарах болоогүй гэдгээ илтгэн хувь, хувьсгалын хэвлэл мэдээллийн хэрэгслээр гэгээн дүрээ мөнхөлж, ижий аавдаа тунирхсан эрх жаалийн дүрд хээв нэг хувирч байх жишээтэй. Гэхдээ тэр дүрээ сайн бүтээсэн. Зон олон ч түүнийг нэлээд өрөвдсөн дэг шүү. Эксийн дэглэсэн улс төрийн энэ жүжгээс хамгийн сэтгэлд үлдсэн хэсэг нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой амьдралын эрхээр өндөр дээд сэнтийгээ автоматаар шахуу солино хэмээн бодож цээжний хонжоо хийж явсан үе нь гэнэ. Тэгсэн харин түүний энэ хүслийг намын дарга С.Баяр ямар ч үгийн солиогүй нугачин дарсан юм байх. Энэ тухайгаа Экс хэлэхдээ "Нэр дэвшүүлэх Бага хуралд намайг оролцуулаагүй, үг хэлүүлээгүй. Социолагийн судалгаагаар "Хэн нь ямар рейтингтэй байгаа юм бэ" гэж асуухад ч хариулаагүй. Ийм л ичмээр юм болсон. Цаанаа АН-тай наймаалцчихсан, үгсчихсэн байсан тул бодит рейтинг, үнэн дүр зургийг нуух хэрэгтэй байж л дээ" хэмээн цэнхэр дэлгэцнээ томроод авсан шүү. Харин энэ бүхэнд С.Баяр дарга ямар хариу өгч, яаж хөдлөхийг харж л байхаас.

Түүнчлэн ирэх сарын 5-нд хаврын чуулган нээлтээ хийнэ гэж байгаа. Энэ удаагийн чуулганы хугацаанд хэлэлцэх хамгийн чухал асуудал бол мэдээж Тавантолгойн ордын хувь заяаг шийдэх юм. Тиймээс С.Баяр дарга сурцтай анжгайн дадсан зангаараа тус ордод үйлс болоод ухаан бодлоо нэмэрлэхээр хаврын чуулганаас өмнө эх орондоо тухалж буй нь энэ хэмээн улс төрийн хүрээнийхэн аль хэдийн "бор шувуу" нисгээд эхэлжээ. Харин зарим нэг албаны эх сурвалж эрхэм дарга намынхаа Бага хуралд яаран сандран ирж байгааг үгүйсгэсэн. Учир нь энэ хурлаар түүний нам дахь албан тушаалын асуудал хөндөгдөхгүй аж. Гэхдээ л түүнд наана, цаана зохицуулах ажил байлгүй л яахав.

Энд нэг зүйлийг тодруулахад, Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг амралтынхаа өдрүүдийг спортоор хичээллэж, эрүүл агаарт өнгөрөөдөг нэгэн. Тэр ч утгаараа өөрийн амралтын газартаа спортын талбай байгуулж түүндээ найз нөхөд, гэр бүлийнхнээ уруу татах болсон. Харин тэрбээр өнгөрөгч амралтын өдрөөр салхинд гарч тэшүүрээр гулгаж байхдаа унаж бэртсэний улмаас хөлөө хугалсан аж. Хоёр суга таягтай ажлаа хийж явсан түүнийг эмч нар хамаагүй хөдөлж, явж болохгүй хэмээсэн бөгөөд хөлийнх нь тойгны хэсгээр бэртэл авч цууралт үүссэн гэсэн онош гарсан байна. Тэрбээр одоогоор олны хэлж заншсанаар Сайд нарын хоёрдугаар эмнэлгийн эмч нарын хяналтад байгаа гэнэ. Харин өнгөрөгч мягмар гаригт хуралдсан эмч нарын зөвлөгөөний хурлаар Тэргүүн Шадар сайд Н.Алтанхуягийг гадагшаа явж дурангийн хагалгаа хийлгэх шаардлагатай гэсэн дүгнэлт гаргажээ. Тиймээс эрхэм дарга ойрын хугацаанд гадагшаа эмчилгээнд явах юм байна. Ямартай ч МАХН-ын дарга эмчилгээ хийлгэж эх орондоо ирэхтэй зэрэгцээд Ардчилсан намын дарга зөрөөд харийн орныг зорих нь тодорхой боллоо.

Оюутолгойн ТЭЗҮ-ийг хэлэлцэж байна


Яг одоо Ашигт малтмалын газар дээр эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл хуралдаж байгаа ажээ. Тэд Оюутолгойн ордын техник, эдийн засгийн үндэслэлийг хэлэлцэж байгаа юм байна.

Хөрөнгө оруулагчдын зүгээс ТЭЗҮ-тэй холбоотой нэмэлт тайлбарыг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд хүргүүлснээс хойш бараг хоёр долоо хоногийн хугацаа өнгөрөөд байгаа. Өнгөрсөн хугацаанд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 70 гишүүн ТЭЗҮ-тэй бүрэн танилцсан бололтой. Өнөөдөр Оюутолгойн ТЭЗҮ-ийг батлах уу, үгүй юу гэсэн эцсийн шийдвэр гарах юм.

Худалдааг санхүүжүүлэх гэрээ байгууллаа


Манай улсын арилжааны дөрвөн банк Азийн хөгжлийн банкны Худалдааны санхүүжилтийг дэмжих хөтөлбөрт нэгдэж, талууд гэрээнд гарын үсэг зурах ёслол өчигдөр боллоо. Хөгжиж байгаа орнуудын компаниудад бараа бүтээгдэхүүн импортлох, экспортлох санхүүжилтийн эрэлт хэрэгцээ их байдаг. Энэхүү эрэлт, хэрэгцээг хангах үүднээс Азийн хөгжлийн банк 2004 оноос дээрх хөтөлбөрийн улс орнуудад хэрэгжүүлж эхэлжээ. Хөтөлбөр нь зээл болон батал-гааг олон улсын банк, Азийн хөгжлийн банкны гишүүн орны банкуудтай хамтран олгох замаар олон улсын худалдааг дэмждэг юм байна.

Өөрөөр хэлбэл, хөгжиж буй орнуудын компаниуд худалдаагаа өргөжүүлэхэд дээрх санхүүжилтийг банкуудаар дамжуулан олгож дэмжлэг үзүүлэх юм. Энэ онд манай улсад 56 сая ам.долларын санхүүжилт үзүүлж байгаа аж. Уг мөнгийг "Голомт", "Хаан", "Хас", "Худалдаа хөгжлийн банк"-аар дамжуулж, худалдааны санхүүжилтийг дэмжих юм. Гарын үсэг зурах ёслолын үеэр Азийн хөгжлийн банкны Хувийн хэвшлийн үйл ажиллагааны газрын ерөнхий захирал Филип Эркиага "Олон улсын худалдааг өргөжүүлэхэд санхүүжилт маш чухал.

Хэрэв банкуудаас худалдааны санхүүжилтэд гаргах хөрөнгийн хэмжээ нэмэгдвэл компаниуд худалдааг өөрсдийн бизнесийн цар хүрээг өргөжүүлэхэд ашиглах боломж нээгдэнэ. Энэ нь улс орны эдийн засгийн өсөлтөд нөлөөлнө" гэв. Эдийн засгийн өсөлтийг дагаад ажлын байр нэмэгдэж, иргэдийн орлого өсөх давуу талтай юм. Иймээс дээрх гэрээ нь ихээхэн ач холбогдолтой аж.

Дээрх санхүүжилт нь уул уурхайн салбарт ихээхэн үр өгөөж өгөх бололцоотой гэнэ. Энэ талаар АХБ-ны Монгол Улс дахь суурийн төлөөлөгч Адрин Рутэнберг "Худалдааны санхүүжилтэд хамрагдсанаар Монголын эрдэс баялагийн компаниуд өөрсдийн бүтээгдэхүүнийг гадаадад худалдах боломж нээгдэнэ. Мөн үйлдвэрийн салбарт ажилладаг компаниудад дэмжл эг үзүүлнэ. Түүнчлэн Монгол Улс болон хөрш орнуудын хэлхээ холбоог бэхжүүлэхэд уг хөтөлбөр чухал үүрэгтэй" гэв.

Азийн хөгжлийн банк өнгөрсөн жил Балба, Пакистан зэрэг зургаан оронд хоёр тэрбум ам.долларын санхүүжилт олгожээ. Энэ онд мөнгөний хэмжээг гурван тэрбумд хүргэх аж. Хувийн хэвшлийн санхүүжилтийг татан оролцуулж, жилд нэг удаа эргэлтэд ордог учир 2013 он гэхэд хөтөлбөрт 15 тэрбум ам.долларын орлого бий болох аж.

Дашрамд дурьдахад, Азийн хөгжлийн банк нь улс орны эдийн засгийн өсөлтийг хангах, байгаль орчин ээлтэй тогтвортой хөгжлийг бий болгох замаар ядуурлыг бууруулах зорилготой ажилладаг. Тус банкинд 67 гишүүн орон бий аж. Өнгөрсөн онд 16 тэрбум ам.долларын зээл олгож, 1.11 тэрбум долларын төслийн болон 266.8 сая ам.долларын техникийн тусламж үзүүлсэн байна.

Явган аялагчдад зөвлөмж

Аялалын замд...
Ачааг бэлтгэх. Ачаагаа бэлтгэж дуусаад үүргэвчинд хийхийн өмнө эргэж заавал нэг шалгаарай. Ялангуяа анх удаа аялалд явах гэж байгаа хүмүүс сэтгэл догдолсноосоо болоод аяга халбага, эмийн сан, тэмдэглэлийн дэвтэр, үзэг харандаагаа мартдаг юм шүү.
Ачаа тээшийг үүргэвчинд хийхдээ хүндийн төвийг нь тэнцүүлж, лаазтай хүнс, гурил будаа гэхчлэн аль хүндээс нь эхлэн нягт чихэж хийх хэрэгтэй. Овор ихтэй зүйлсийн хажуугаар ноосон цамц, өмд гэх мэт жижиг зүйлсийг чихэх маягтай хийнэ. Ингэснээр цүнхэн доторхи зүйлс хөдөлгөөн багатай болж, таны ачааны хүндийн жин тогтвортой болно.
Аялалын замд хэрэглэх сүх, олс, эмийн сан, засварын хэрэгсэл болон аяга зэргийг гадна талын халаасанд хийгээрэй. Зургийн хальс, шүдэнз, давс, элсэн чихэр, хуурай хүнс, бүх төрлийн хувцас зэрэг хялбар норох зүйлсийг болж өгвөл тус бүрийг нь гялгар уутанд хийж, ижил төрлөөр нь нэгтгэж давхар уутанд хийх хэрэгтэй. Аялагчийн нурууны хөлс үүргэвч нэвтэлж норгох нь бий, иймд үүргэвчний дотор талаар, мөн цас, шороо орохоос хамгаалах зорилгоор үүргэвчний аман дээр гялгар цаас хавчуулж болно. Тогоог ихэвчлэн үүргэвчний гадна талд бэхэлдэг, гэхдээ тогоон дотор зарим ачаанаас хийгээд амсрыг нь нуруун талд тааруулан үүргэвчиндээ хийж болно.
Үүргэвчинд багтаагүй овортой зүйлсийг үүргэвчний дээр тэгш хэмтэйгээр үүргэвчний тагаар даруулан бэхлэх хэрэгтэй, үүргэвчний энд тэндээс хөдөлгөөний аясаар савчих байдлаар ямарваа ачаа дүүжлэх хэрэггүй, энэ нь аялалын явцад аажимдаа ихэд ядраадаг юм.
Бүх ачаагаа үүргэвчиндээ хийж гүйцээд үүрэхэд бэлэн болсон үүргэвчийг тэгш газар тавихад аль нэг тийш унахгүй тогтвортой байвал та ачаагаа зөв ачаалжээ гэсэн үг. Эцэст нь сануулахад таны үүргэвчинд өөрийн тань хувийн ачаанаас гадна багийн ачаанаас бас орно гэдгийг тооцож хийхээ мартуузай.
Алхах. Аялалын эхний үед 20-25 минут алхаад 5 минут амарч, аажимдаа амралтгүй алхах хугацааг сунгасаар 45-50 минут алхаж, 10-15 минут амрах байдлаар аялалыг үргэлжлүүлбэл зохино. Энэ хугацаа гадаргын хэрчигдэл ба налуу, замд тохиолдох саад бэрхшээл зэргээс шалтгаалан бага зэрэг өөрчлөгдөж болох боловч хамгийн гол нь аялагчид хөдөлгөөний ритм, темпийг аль болох өөрчлөхгүйгээр, нэг хэвийн явж сурах хэрэгтэй. Зарим үед “булуу халсан” байдгаас амармааргүй, цааш яваад л баймаар санагдах нь бий, гэвч зогсолтгүй алхах хугацаа 1 цаг 30 минутаас хол давах ёсгүй гэдгийг ямагт санаж явахад илүүдэхгүй.
Ой модонд газрын баримжаа амархан алдах, төөрөх аюултай тул хүн бүр нэг нэгнээ харж явахаар цуваа байдлаар аялалыг зохион байгуулна. Аялагчид алхаж өнгөрсөн болон тэмдэгтэй онцлог газруудыг тогтоож явах нь туршлагатай аялагч болоход тустай. Ачаа тээшээ янзлах зэргээр саатан аялагчдаас хоцроход хүрвэл заавал бусдадаа мэдэгдсэний дараа 1-2 хүнтэй үлдэх хэрэгтэй. Аялагчид ч гэсэн ард хүн хоцорсон тохиолдолд их холдолгүй амарч, хүлээх нь зүйтэй.
Аялалын явцад явуут тамхи татах, өндөр өвстэй газар ил задгай гал түлэх, түлсэн галыг эзэнгүй орхих, галын нурам болон татсан тамхийг гүйцэд унтраалгүй орхихыг хориглоно. Үүнийг ялангуяа хагд өвс, шигүү мөчир, унанги, өтөг бууц, хүлэртэй газар онцгой анхаарвал зохино. Галыг бүрэн унтраасны баталгаа болгож цаас болон даавууг чулуугаар даруулж тавьж заншаарай.
Аялагчид зохих зөвшөөрөлгүй буюу бичиг баримтгүй буу зэвсэг авч явах, хутга, шөвөг, сэрээ, хадаас, загасны дэгээ зэрэг хатгах, сүлбэх эд зүйлсийг даавуун уут шуудайд агуулан явахыг хориглоно.
Уулын эгц хажуу өөд авирахдаа бие биетэйгээ ойрхон явж болохгүй, хад чулуу нурах, унахаас сэргийлэн зохих зай барьж явах хэрэгтэй. Мөн сул, хөдөлгөөнтэй хад чулуу, унанги мод тохиолдох, чулуу унах ба нурах, модны мөчир харвах болзошгүй үед ар арын аялагчиддаа сануулан хэлж, анхааруулах хэрэгтэй.

Газрын тосны vнэ 122 ам.долларт хvрлээ.

Хамгийн сvvлд авсан мэдээллээр Нью-Йоркийн хєрєнгийн бирж дээр нэг баррель газрын тосны vнэ 122.73 ам.долларт хvрчээ. Урьд єдєр нь 120.21 ам.доллараар худалдагдаж байсан билээ.

Шинжээчдийн vзэж байгаагаар АНУ-ын Эрчим хvчний яамны тайлан хэвлэгдсэн нь vvнд нєлєєлсєн аж. Бас нэгэн шалтгаан нь ам.долларын ханш унасаар байгаатай холбоотой гэнэ. Мєн Нигерийн босогчид “Royal Dutch Shell” компанийн цооногийг дэлбэлснээс тус улсаас нийлvvлэх газрын тосны хэмжээ багасч магадгvй юм байна.

Wednesday, March 24, 2010

ТОР-20 индекс 1.18 нэгжээр буурчээ



Монголын хөрөнгийн биржийн өчигдрийн арилжаагаар 26 ХК-ийн нийт 138.4 сая төгрөгийн үнийн дүн бүхий 222.8 мянган ширхэг хувьцаа арилжлаа. ТОР-20 индекс 9257.30 нэгж болж, өмнөх өдрөөс 1.18 нэгжээр буурчээ. “Зоос гоёл” /15.0 хувь/, “Сор” /15.0 хувь/, “УБ БҮК” /15.0 хувь/ зэрэг ХК-иудын үнэт цаасны ханш өссөн байна.

Арилжигдсан ширхэг 222 795
Хувьцаа 222 795
Засгийн Газрын бонд 0
Компанийн бонд 0
Арилжааны үнийн дүн /төг/ 138 440 016
Хувьцаа 138 440 016
Засгийн Газрын бонд 0
Компанийн бонд 0
ТОП-20 индекс /өөрчлөлт/ 9257.30/-1.18
Нэгдсэн индекс /өөрчлөлт/ 4450.76/+8.54
Зах зээлийн үнэлгээ /төг/ 821 181 874 118

Индексжүүлсэн даатгалд хамрагдсан малчдад нөхөн олговор олгожээ

Манай улсын хэмжээгээр өвөлжилт хүндэрсэнтэй холбоотойгоор 3.4 сая гаруй мал хорогдоод байна. Малгүй болсон айл өрх олон ч малын индексжүүлсэн даатгалд урьд нь хамрагдсан байсан бол нөхөн төлбөр авах боломжтой байсан аж. Улсын хэмжээнд энэ боломжийг ашиглах дөрвөн аймаг байгаа бол 2013 он гэхэд мал сүргийг бүрэн инедксжүүлэх аргаар даатгах боломжтой болох гэнэ. Энэ жилийн хувьд Увс, Баянхонгор, Хэнтий аймагт туршилтын журмаар малын индексжүүлсэн даатгалыг хэрэгжүүлснээр 388,7 сая төгрөгийн нөхөн төлбөрийг малчдад олгоод байна. Тухайлбал,Увс аймгийн малчин зургаан сая, Хэнтий аймгийн Баян-Овоо сумын малчин н.Лхагва бог малаа даатгуулсан бөгөөд зудад малаа алдаж, хохирол амссаны дараа 21.9 сая төгрөгийн нөхөн олговор авсан байна.

Jennifer Aniston-ны тоглосон “The Switch” кино удахгүй гарна


Jennifer Aniston болон Gerard Butler нарын хамтран тоглосон “The Bounty Hunter” кино 19-ны өдөр нээлтээ хийсэн. Жүжигчдийг тус кинонд тоглосных нь дараа тэднийг хайр сэтгэлийн холбоотой, болздог болсон хэмээн хэвлэл, мэдээллээр бичих болсон. Ямартай ч 41 настай ганц бие Анистон дахин өөр кинонд өөрийнхөө амьдралтай ижил төстэй нэгэн эмэгтэйн дүрийг маш чадварлагаар бүтээжээ. Романтик, инээдмийн “The Switch” кинонд тэрбээр Kassie хэмээн 40 настай, ганц бие нэгэн эмэгтэйн дүрийг бүтээнэ. Kassie гэр бүл, үр хүүхэдтэй болохыг хүснэ. Гэвч 40 настай ганц бие эмэгтэй сууж, эрсдэлтэй харилцаанд орохыг хүсэх ямар ч залуу байхгүй байлаа. Хүүхэдтэй болохын тулд тэрбээр эр бэлгийн донор хайж олохоор шийднэ. Kassie донороороо Roland-ыг сонгохоор шийднэ, Харин Kassie-гийн хамгийн сайн найз болох Wally сэтгэл мэдрэлийн өвчтэй бөгөөд Kassie-гийн төлөвлөгөөг зогсоохыг оролдоно. Тэрбээр Kassie-г дотроо нууцхан хайрладаг. Тэр нэг өдөр Wally архи уун тасарч, өөрийнхөө эр бэлгийн эсийг Roland-ынхтай солино. Энэ бүхний дараа тэдний харилцаа ч тасарна. Гэвч долоон жилийн дараа Kassie-гийн хүү өөрийнх нь хүү гэдгийг мэдэх болно. Долоон жилийн дараа тэд бие биедээ сэтгэлтэй болж хоёр зүрх нийлнэ. Сонирхолтой хайрын түүхийг өгүүлэх “The Switch” кино наймдугаар сард нээлтээ хийхээр төлөвлөж байгаа гэнэ.
Э.Аз

Freida Pinto дараагийн Bond girl уу?


Английн “Daily Mirror” сонинд мэдээлснээр “Ядуусын хорооллын тэрбумтан”-ны од, хөөрхөн энэтхэг бүсгүй Freida Pinto-д 2011 онд гарах James Bond киноны дараагийн цуврал болох “Бонд 23”-ын гол дүрд тоглох санал ирсэн гэнэ. Pinto-гийн хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ “Энэ саналд тэр ямар нэг хариу өгөөгүй байгаа” гэсэн байна. House киноны од Olivia Wilde-ийг ч бас энэ киноны гол дүрд тоглохоор боллоо гэсэн яриа тархаад байгаа юм. Halle Berry, Kim Basinger, Famke Janssen зэргийн араас хэн Bond girl болж, Daniel Craig-тэй хамтран тоглох бол?

Европын аваргын лигээс ”Реал” ”Милан” хасагдлаа


Аваргын лигийн финалын 8/1-ийн тоглолтууд болж өнгөрлөө. Английн "Манчестер юнайтед" нутаг дээрээ хийсэн хариу тоглолтдоо гайхам амжилт гарган "Милан"-ыг 4:0-ээр бут ниргэсэн бол, Мадридын "Реал" Францын "Лион" хоёр 1:1–ээр тэнцлээ. Ингэснээр хоёр тоглолтын нийлбэрээр финалын дөрөвний нэгд "МанЮ", "Леон" хоёр шалгарч үлдсэн байна.

Мадридад болсон тоглолтын эхэн үе испаничуудын хувьд сайхан байлаа. Тоглолтын зургаа дахь минут дээр Кристиан Роналду эхний бөмбөгийг өрсөлдөгчийнхөө хаалганд хийсэн бөгөөд эхний үе дуустал тэд давуу байдлаа алдсангүй. Гэвч хоёр дахь үеийн 75 дахь минут дээр Миралем Пьянич тоог тэнцүүлснээр "Реал"-ын цаашдын алхамд цэг тавьсан юм. Харин "МанЮ"-гийн хувьд бол тэд "Милан"-д ямарч боломж олгосонгүй. Эхний бөмбөгийг Уэйн Руни хийн энэ амжилтаа бататган дараагийн үед дахин нэг бөмбөг өрсөлдөгчийнхөө хаалганд оруулсан байна. Үүний дараачаас эхлэн Миланчууд хүчтэй довтолж эхэлсэн боловч амжилт олсонгүй. Улмаар Пак Чи Сун, Даррен Флетчер нар дахин гоол хийж улаан чөтгөрүүд ялалт байгуулсан. Финалын 8/1-ийн дараагийн тоглолт гуравдугаар сарын 16-нд болно.

Аваргуудын лигийн шөвгийн наймд “Барса” “Арсенал”-тай учраа таарлаа


Европын хөлбөмбөгийн холбооны Аваргуудын лигийн 55 дахь удаагийн улирлын тоглолтууд өндөрлөх шатандаа ороод байгаа билээ. Өнгөрсөн шөнө Аваргуудын лигийн шөвгийн наймын сугалаа гарсан бөгөөд аваргаа хамгаалан тоглож буй “Барселона” шөвгийн дөрвийн эрхийн төлөө Английн “Арсенал” клубтэй тоглохоор учраа таарлаа. Тэд өмнө нь 2006 оны финалд учраа таарч байсан ба тэр үед испаничууд 2:1-ээр хожиж байжээ. Тухайн үед франц довтлогч Тьерри Анри “Мэргэн буучид”-ын бүрэлдэхүүнд байсан боловч удалгүй “Барса”-г зорьсон билээ. Гэхдээ тэрбээр “Арсенал”-ын бүх цаг үеийн шилдэг мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлсэн хэвээр байгаа юм.
Сэр Алексийн “Манчестер Юнайтед” 1999 оны Аваргуудын лигийн финалд буулган авч байсан “Баейрн Мюнхен”-тэй таарсан бол Жозе Моуриньогийн “Интер Милан” анх удаагаа Аваргуудын лигийн шөвгийн наймд үлдсэн ОХУ-ын “ЦСКА Москва”-тай сугалаа таараад байна. Германы “Баейрн” хамгийн сүүлд 2001 онд Аваргуудын лигт торгон жолоо өргөсөн бөгөөд тэд Голланд мэргэжилтэн Луи ван Гаалын удирдлага дор энэ улирлын хэсгийн тоглолтод Сери А-гийн тэргүүлэгчдийн нэг “Ювентус”-ыг бут ниргэж, хүчтэй байгаагаа харуулсан билээ. Харин “Интер”-ийн хувьд шөвгийн 16-д “Челси”-г мулталсан бөгөөд анх удаагаа шөвгийн наймд шалгарсан “ЦСКА Москва” клубыг төвөггүй буулгаж авна гэдэгтээ итгэлтэй байгаа юм. Аваргуудын лигийн наймны нэг шигшээгийн сүүлийн учраа бол “Бордо” болон “Лион”. Ингэснээр ямартай ч шөвгийн наймд Францын нэг төлөөлөгч үлдэх нь тодорхой болж байна. Аваргуудын лигийн шөвгийн наймын эхний тоглолтууд энэ сарын 30, 31-нд, харин хариу тоглолтууд дөрөвдүгээр сарын 6, 7-ны өдрүүдэд болно.
Өнгөрсөн шөнө Швейцарийн Ньон хотноо Аваргуудын лигээс гадна Европын хөлбөмбөгийн холбооны Европын лигийн шөвгийн найман багийн оноолт мөн гарсан юм. Сугалаа ёсоор Английн “Ливерпуль” Португалийн “Бенфика”-тай, харин Испанийн “Атлетико Мадрид” болон “Валенсия” нар хоорондоо өрсөлдөхөөр болжээ. Түүнчлэн “Ювентус”-ыг буулган авч, шуугиан дэгдээсэн Лондонгийн “Фулхэм” Германы “Вольфсбург” сугалаа таарсан бол “Гамбург” Бельгийн “Стандарт Льёж” клубтэй таарсан байна.

Шокаладан “эм”


Та шокаладанд дуртай юу. Тэгвэл шокаладанд дурлагчдад зориулсан бидний зөвлөгөөг супермаркетийн лангуу руу харайж очихоосоо өмнө гүйлгээд уншчихад гэмгүй шүү. Харин сонголтыг Та л хийнэ .

Юуны өмнө танд бяцхан мэдээлэл хүргэе.
Жеффри Блумберг тэргүүтэй Бостоны их сургуулийн эрдэмтдийн баг зүрх судасны өвчтэй 20 хүнд судалгаа хийжээ. Тэдний 10-т нь тусгай найрлагатай “ориг” хар шокалад, харин үлдсэн 10-т дэлгүүрүүдээр зарагдаж буй /сүү, гурилан орцтой/ шокаладнаас өдөр бүр ижил хэмжээгээр идүүлжээ. 15 хоногийн турш үргэлжилсэн уг туршилтын дараа тун сонирхолтой үр дүн гарчээ. Тусгай “ориг” хар шокалад идсэн өвчтөнүүдийн цусны дээд даралт 12, харин доод даралт 9 пунктээр буурчээ. Харин бидний нэгэн адил дэлгүүрийн лангуунд зарагддаг шокаладыг хүртсэн өвчтөнүүдийн биед ямар ч өөрчлөлт ажиглагдсангүй.
Хар шокалад өвчтөнүүдийн өндөр даралтыг бууруулаад зогссонгүй, судас болон цусны эргэлтийн үйл ажиллагааг нь мэдэгдэхүйц сайжруулж, зүрхний шигдээс болох эрсдлийг бууруулж буй нь ажиглагдсан байна.

Учир юунд байна. Бостоны их сургуулийн эрдэмтдийн туршилтанд хэрэглэсэн “ориг” хар шокаладны найрлаганд ФЛАВОНИД хэмээх бодис их хэмжээгээр агуулагдсан байж. Энэхүү бодис нь какаонд хангалттай хэмжээгээр агуулагддаг бөгөөд хүний бие организмын глюкоз, сахарын солилцоог нэмэгдүүлж, даралтыг тогтворжуулан ингэснээр сэтгэл санааг тайвшруулах үйлчилгээ үзүүлдэг байсанд гол “ид шид” нь оршиж байжээ.

Гэтэл бидний дуртай амтат шокаладнуудад “шидэт” бодис маань бараг байдаггүй аж. Тэгэхээр үнэнч хэрэглэгч бид “бяцхан” хууртагддаг байгаа биз. Эрдэмтэд флавонид бодисыг баялаг агуулсан хар шокаладыг өдөрт 5-аас доошгүй ширхгийг /жижиг дөрвөлжин/ идэхийг зүрх судасны өвчтэй хүмүүст зөвлөж байна. Хэтрүүлбэл таны нойр хулжих талтайг ч бас анхааруулъя.
Шокалад үйлдвэрлэгчдэд итгэж болохгүйг мэдсэн Блумбергийн эрдэмтдийн баг хүний биед нөлөөлж буй шокаладны эерэг сөрөг үйлчилгээг нарийвчлан судалсны үр дүнд организмд шаардлагатай микро элементүүдийг агуулсан, цусны даралт, сэтгэл санааг тогтворжуулах, стрессын эсрэг үйлчилгээ бүхий шокаладан “эм” гарган авахыг зорьж буй юм байна.
Юутай ч бидний мэдээлэл агуулсан зөвлөгөөг уншсан бол супермаркетуудын лангуун дээрх өнгө алаглуулсан шокаладнуудаас сонголт хийхдээ эрүүл мэндээ хайрлахаа мартав.

Тамхиа хаяж байгаа бол та хоолны жороо өөрчлөөрэй


Тамхи бидний эрүүл мэндэд хортой гэдгийг бүгд л мэддэг. Тэгсэн хэр нь тамхинаас гарч чаддагүй. Дэлхийн хамгийн урт настай эмэгтэй Жанна Кальман зуу хол давсан хойноо л тамхинаас гарсан гэдэг. Цаг хугацаа хүлээж чаддаг л юм байна хэмээн та сэтгэлээ баясгах хэрэггүй. Өглөөнөөс орой хүртэл хийгээд дадчихсан энэ муу зуршлаасаа салчих юмсан гэж та хэзээ ч юм бодож л явсан байгаа.

Гэтэл зоригтой, шийдвэртэй алхам хийх тусам л биднээс огт хамаарахгүй олон асуудал ундраад ирдэг. Түүний нэг нь таргалалт. Тамхиа хаямагц л эсгэгч дотор хийчихсэн мэт л хөөгөөд таргалчихдаг тохиолдол бишгүй олон. Ямар нэгэн муу зуршлаасаа салахын тулд өөрийнхөө гуалиг биеийг золиослохыг хэн хүсэх вэ дээ. Гэсэн ч үүнээс болоод тамхинаас татгалзахаар шийдээд гараа өргөсөн бүхэн доош буулгах хэрэггүй. Муу зуршлаасаа таргалахгүйгээр салж болно.
Биеийн галбираа алдалгүйгээр тамхинаас гармаар байгаа бол бидний өгөх зөвлөгөөг уншаад, туршаад нэг үзээрэй. Юуны өмнө та наад зах нь 3-6 сар хоолны нарийн дэглэм мөрдөх хэрэгтэй. Ингэхдээ хоолоо сойж, зовох ямар ч шаардлагагүй.

Нэг бүтэн хайрцаг тамхи татахад хүний бие 200 калораа алддаг. Тамхинаас гарвал түүнийг орлож чадах ямар нэг зүйл хэрэгтэй болж байгаа биз.Тийм хэмжээний калорийг биедээ шингээлгүй ямар нэг хэлбэрийн энерги болгон зарцуулах шаардлага гарч ирдэг. Гэтэл хүмүүс үүнийг тооцолгүй, тамхиа татмаар санагдаад эхэлмэгц ямар нэгэн амттаныг орлуулаад идчихдэг. Тахианы гуя, цөцгийтэй зүсэм талх, шокалад …гээд жин нэмэх амттан юу эс мундах вэ. Ийм тохиолдолд элдэв тайлбар хийх нь илүүц биз дээ. Та үнэхээр л таргалахгүйгээр тамхинаас гарахыг хүсч байгаа калори багатай, илүүдэл жин хуримтлуулахгүй хүнсийг сонгон идэх хэрэгтэй. Иймээс танд тус болох хамгийн үр ашигтай хооллолтын дэглэмийг санал болгоё. Энэ дэглэмээр та өдөрт 5 удаа хооллоно гэсэн үг.

Өглөө
Шилэн аягатай сүү. Элсэн чихэргүй ов ъёосны зутанг 6-12 хоолны халбага. Ааг багатай цай эсвэл кофе. 50 грамм талх, гадил, тоор, гүйлс зэрэг жимсний цэлцэгнүүр.

Бага үд
Тараг нэг аяга. Нэг алим эсвэл лийр идэхэд болно.

Үдийн хоол
Хооллолт хагас цагаас багагүй үргэлжлэх ёстой. Хоолоо бүхлээр нь залгичихалгүй аль болох удаан зажилж ид. Харин үдийн хоол маань ногооны шөл, хүрэн манжингийн зууштай 150-200 грамм шарсан мах.

Их үд
200 грамм бяслаг. Нэмэлт ямар ч жимс байж болно.

Оройн хоол
Өдрийн хоолтой яг адил. Хооллолтын үргэлжлэх хугацаа хагас цагаас доошгүй байх. Ногооны салат. Загас, тахиа, хонины мах, үхрийн мах, хоёр ширхэг шарсан өндөг эсвэл 100 грамм гахайн утсан мах. Аль нэгийг нь сонгож ид. Дараа нь аяга цай.

Хоолоо удаан зажилж идэх нь хоол боловсруулалтыг сайжруулдаг. Тэр тусмаа тамхинаас гарч буй таны хувьд амтлах рефлекс улам хүчтэй сэргэж ирдэг. Иймээс та хоолноосоо жинхэнэ таашаал авах хэрэгтэй. Тамхичид хоолоо зажлалгүй, тэр ч бүү хэл бараг анзааралгүй залгилдаг. Мэдээж нөгөө “гайхамшигт” тамхиа сорох гэж л яарч буй хэрэг. Юутай ч та өглөөний унд, үдийн хоол, оройны зоогоо тайван суугаад амтла. Тамхинаас гарч буй учир хоолны дараах “гайхамшигт ёслол” байхгүй шүү.

Хэрвээ бүр татмаар санагдаад байвал яах вэ?
Ийм үед авралын утаагаа сорохгүй л бол хатаж, гундаж, үхэх шахдаг л даа. Үүнийг тамхичин хүн бүр маш сайн мэддэг. Энэ тохиолдолд хамгийн сайн эм бол аяга ус. Бас алим, зүсэм бяслаг идэж ч болно. Аяга сүү уу. Эдгээр нь таны жинг нэмэхгүй хэр нь
тамхи татах хүслийг тань бууруулж өгнө.

Тамхинаас гарч буй хүмүүст нэг хүндрэл гардаг. Энэ нь битүү шаналал. Тамхиа хаяхдаа та битүүгээр шаналж зовоод байвал тамхийг орлох ямар нэгэн хүртэхүйн нөхөөс байх ёстой. Энэ асуудлыг шийдэж чадахгүй бол мэдэгдэхүйц таагүй байдалд ордог.

Хүрээлж буй орчноосоо таашаал авч байдаг хүний таван мэдрэмжийн нэг болох үнэрлэх чадвар нь тамхичин хүний хувьд мэдэгдэхүйц муудаж ирдэг. Хусан ой, өглөөний, өвсний, талхны гээд таатай үнэрийг шуналтай тамхичин бараг мэдэрдэггүй. Харин та тамхиа хаясны гурав дахь өдрөөс л өглөө гэрээсээ гармагц өмнөхөөс өөр ертөнцөд шумбах болно.

Тамхинаас татгалзсанаар та ямар таашаалыг хүртэж болох, мөн тамхинаас татгалзах нь дарамттай зүйл огтхон ч биш, харин ч бүр өөрт итгэх итгэлийг өгч амьдралын баяр баясгалан авчирдаг гэдгийг ухаарч ойлгохыг хичээгээрэй.

Пиццатай холбоотой сонирхолтой баримтууд


- Бидний амтархан идэх дуртай пицца Италийн Неаполь хотоос гаралтай.
- Хамгийн анхны пицца нь ямар ч бяслаггүй, ердөө гурилыг улаан лоолийн сүмсээр амталсан байжээ.
- “Antica Pizzeria” бол дэлхийн хамгийн анхны пиццаны газар бөгөөд тэртээ 1738 онд Италийн Неаполь хотноо нээгджээ.
- Хамгийн анх 1889 онд Италид пиццаны жоронд бяслагийг оруулах болжээ. Тухайн үед алдартай итали пиццаны тогооч Рафаель Эспосито гэгч Маргарита хатанд зориулан пицца хийхээр болж, Италийн тугны өнгийг илэрхийлэхийн тулд улаан лооль, базиль мөн бяслагийг ашигласан байна. Харин өдгөө энгийн орцтой маргарита пицца нь дэлхийн хамгийн алдартай пиццануудын нэг юм.
- Дэлхийн хамгийн том пиццаг тодорхойлохдоо хэлбэр болон зүсч, хуваасан байдлыг харгалзан үздэг байна. Гиннесийн номд бичсэнээр дэлхийн хамгийн том дугуй пиццаг 1990 онд Өмнөд Африкийн тогооч нар хийжээ. 37,4 метрийн диаметртэй, 12,1 тонн жинтэй аварга том пиццаг хийхийн тулд 4,5 тонн гурил, 1,8 тонн бяслаг, 900 кг сүмс хэрэглэсэн байна.
- АНУ-д жил бүр дунджаар гурван тэрбум пицца борлогддог.
- Америкчууд нэг секундэд 350 зүсэм пицца иддэг бөгөөд тэдний өдөрт иддэг пиццаны хэмжээг нийлүүлбэл 100 га болох гэнэ.
- АНУ-ын нийт хоолны газар, рестораны 17 хувь нь пиццаны газар байдаг гэнэ.